Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа

Өнөөдөр:  Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Хүрэн бэлчир орчмоор 1 градус дулаанаас 4 градус хүйтэн,  Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

Улаанбаатар хотод үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с. Зөөлөн шороон шуурга шуурна. 6-8 градус дулаан байна.

Төлөв байдал: 9-нд Хөвсгөлийн уулсаар, 10-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд  нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи 10-нд төв болон зүүн аймгуудын нутгаар 12-14 м/с, 11-нд ихэнх нутгаар 15-17 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 1-6 градус, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна. 11-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Өвөрхангай аймгийн Тарагт сумын Арвайн тал багийн “Усчны хоолой” гэдэг газар иргэн Д /42 настай, эмэгтэй/ 2017.03.22-ны өдрийн 16:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2017.03.23-ны өдрийн 10:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, ЗХ-ний 256 дугаар ангийн 15 албан хаагч, Цагдаагийн газрын 3 албан хаагч, 1 эрэлч нохой, орон нутгийн 19 иргэн, нийт 46 хүн, 5 техник хэрэгсэлтэй, 04.06-ны өдрийн байдлаар Арвайн тал багийн “Хараацай хайрхан” уулын өврөөс 63 км газрыг явганаар болон автомашинаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Эрлийн ажиллагаа үргэлжилж байна.

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн “Буянт гол” гэдэг газар /сумын төвөөс хойд  зүгт 60 км/ иргэн Б /27 настай, эрэгтэй/ 2017.04.02-ны өдрийн 10:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2017.04.03-ны өдрийн 20:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, Булган аймгийн Тэшиг сумаас 14 хүн, нийт 21 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 04.06-ны өдрийн байдлаар Дулаан хаан уул, Тастын ой уул, Зорлигийн гол, Буянт голын бургас зэрэг газруудад эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Эрлийн ажиллагаа үргэлжилж байна.

Ус, цас, шаварт саатсан: Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут багийн “Шинэ булгын гарам” гэдэг газар иргэн Г-гийн 53-07 БРА улсын дугаартай “Старикс” загварын автомашин шаварт суусан тухай дуудлагыг 2017.04.06-ны өдрийн 18:10 цагт хүлээн авч Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй ажиллаж, автомашиныг татан гаргаж аюулгүй болгосон.

Аварах ажиллагаа: Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд барилгын даацын хана нураагаад байна хаалгыг нь онгойлгож өгнө үү гэсэн дуудлагыг 2017.04.06-ны өдрийн 15:18 цагт хүлээн авч НОБГ-ын Аврах ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй ажиллаж, тус дүүргийн прокурорын зөвшөөрлөөр хаалгыг нь эвдэж онгойлгон, дүүргийн мэргэжлийн хяналтын байцаагч, цагдаагийн 1 дүгээр хэлтсийн цагдаагийн ахмад нарт хүлээлгэн өгсөн.

Мөн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, ЕБ-ын 51 дүгээр сургуулийн хашаанд, тоглоомын төмөр хийцэд бага насны хүүхэд гараа хавчуулсан, гаргаж өгнө үү гэсэн дуудлагыг 2017.04.06-ны өдрийн 12:51 цагт хүлээн авч НОБГ-ын Аврах ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэй ажиллаж, иргэн Т /10 настай, эрэгтэй/ спорт тоглоомын талбайн хэрэгсэлд гараа хавчуулсан байсныг гаргаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

3.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: 

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Цагаан хөтөл багийн “Төгрөг” гэдэг газар малчин Ж-гийн 16 хонь, 27 ямаанд мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛд шинжлүүлэхэд 04.03-ны өдрийн 17-690 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь; 

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Үүд багийн “Гүнгэрваа” гэдэг газар малчин А-гийн 7 үхэр, мөн багийн “Өрнө дэрс” гэдэг газар малчин Э-гийн суурьт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛд шинжлүүлэхэд 04.04-ний өдрийн 17-693 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь; 

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Элт багийн “Дэлгэр-Өлзийт” гэдэг газар малчин Б-гийн 5 үхэр 2017.03.31-ний өдөр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул. дээж авч, УМЭАЦТЛд шинжлүүлэхэд 04.03-ны өдрийн 17-682 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь; 

Төв аймгийн Баянцагаан сумын Баян-Айраг багийн “Дэлийн хоолой” гэдэг газар малчин Н-ийн хонинд 2017.04.02-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 04.04-ний өдрийн 17-697 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Өлзийт хошуу багийн “Бор-Овоо” гэдэг газар малчин С-ийн 1 тэмээ 2017.04.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4.Объектын гал түймэр:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.06-ны өдрийн 11:05 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай;

Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.06-ны өдрийн 11:05 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай;

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.06-ны өдрийн 14:42 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай;

Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.06-ны өдрийн 21:26 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн нутагт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.06-ны өдрийн 21:44 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.

5.Техникийн холбогдолтой ослын талаар:

Тээврийн хэрэгслийн осол: Өмнөговь аймгийн Цогт-Цэций сумын Сийрст багийн “Хар-Ус” гэдэг газар  /сумын төвөөс зүүн урд зүгт 5 км-т/ 67-89 ӨМӨ улсын дугаартай “Ланд крузер-80” загварын суудлын автомашин онхолдож, автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 2017.04.06-ны өдрийн 05:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй ажиллаж, автомашины төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан Б /24 настай, эрэгтэй/-ыг гаргаж, цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Дундговь аймгийн Луус сумын Жаргалант багийн “Хар-Овоот” гэдэг газар  /сумын төвөөс урд 5 км-т/ 08-75 ДГО улсын дугаартай “Жак” загварын ачааны автомашины араас, 17-19 УБП улсын дугаартай “Тоёота Корола” загварын суудлын автомашин мөргөж, автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 2017.04.06-ны өдрийн 23:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй ажиллаж, автомашины төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан 4 иргэний цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Нас барсан хүмүүсийн нэр, нас тодорхойгүй байна. Гэмтсэн Д /33 настай, эмэгтэй/-ийг тус сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top