Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар үүлшиж, нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, говь тал хээрийн нутгаар 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчим болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/с, зарим үед 12-14 м/с хүрч шороон шуурга шуурна. Өчигдөрөөс сэрүүсч 3-5 градус дулаан байна.

Төлөв байдал:  11-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, 12-нд говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,  13-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 11-нд нутгийн зүүн хагаст, 13-нд зарим газраар 12-14 м/с хүрч шороон шуурга шуурна. Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байх боловч бусад хугацаанд Хүрэн бэлчир болон Дархадын хотгороор шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Аврах ажиллагаа: Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт багийн “Бор залаа” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 160 км-т/ малчин Ж, П нарын гэр, 200 гаруй бог мал шар усны үерт автсан тухай дуудлагыг 2017.04.09-ний өдрийн 18:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

3.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: 

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Цагаан хөтөл багийн “Төгрөг” гэдэг газар малчин Ж-гийн 16 хонь, 27 ямаанд мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛд шинжлүүлэхэд 04.03-ны өдрийн 17-690 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь; 

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Үүд багийн “Гүнгэрваа” гэдэг газар малчин А-гийн 7 үхэр, мөн багийн “Өрнө дэрс” гэдэг газар малчин Э-гийн суурьт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛд шинжлүүлэхэд 04.04-ний өдрийн 17-693 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь; 

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Элт багийн “Дэлгэр-Өлзийт” гэдэг газар малчин Б-гийн 5 үхэр 2017.03.31-ний өдөр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул. дээж авч, УМЭАЦТЛд шинжлүүлэхэд 04.03-ны өдрийн 17-682 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь; 

Төв аймгийн Баянцагаан сумын Баян-Айраг багийн “Дэлийн хоолой” гэдэг газар малчин Н-ийн хонинд 2017.04.02-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 04.04-ний өдрийн 17-697 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Өлзийт хошуу багийн “Бор-Овоо” гэдэг газар малчин С-ийн 1 тэмээ 2017.04.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4.Ой, хээрийн түймэр:

Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар багийн “Шар жалга” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.04.08-ны өдрийн 15:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 15 албан хаагч, орон нутгийн 16 иргэн, нэмэлтээр ОБГ-ын 11 албан хаагч, орон нутгийн 5 иргэн, нийт 47 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Нарс хүүхдийн зуслангийн хойд талд модон дотор утаа гарч байна гэсэн дуудлагыг 2017.04.09-ний өдрийн 15:53 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 13 албан хаагч, 24 дүгээр хорооны 13 иргэн, нийт 26 хүн 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 17:33 цагт цурамд оруулсан. Түймэрт нийт 3 га орчим талбай өртсөн.

5.Объектын гал түймэр:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, ОУ-ын ЭЗБДС-ийн оюутны байранд гал гарч байна гэсэн дуудлагыг 2017.04.09-ний өдрийн 12:27 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 14 албан хаагч, нэмэлт дуудлагаар Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 7 албан хаагч, нийт 21 албан хаагч, 5 автомашинтай ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 12 иргэнийг гаргасан.

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд 3 өрөө байранд гал гарч байна гэсэн дуудлагыг 2017.04.09-ний өдрийн 17:36 цагт хүлээн авч тус дүүргийн дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 9 албан хаагч, 3 автомашинтай ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 24 иргэнийг гаргасан.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай багийн Дүмбэн хорооллын Овоотын задгайд модон амбаар түлээний мод шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.09-ний өдрийн 12:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 5 албан хаагч, 1 автомашинтай;

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Цогт-Өндөр багийн нутагт малын саравч шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.10-ны өдрийн 05:06 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top