Өвс шатааж байгаад гал алдсанаас автомашин нь шатжээ

17916939_1890052524610554_2093811065_o.jpg

Хаврын хуурайшилтай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарах гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 49 дүгээр гудамжинд амьдардаг иргэн Т хашаан дах өнжмөл өвсийг шатааж байгаад гал алдсан байна. Галын улмаас иргэн Т өөрийн Тоёота Ками загварын автомашинаа шатаагаад зогсохгүй иргэн С-ийн 2х4 метрийн хэмжээтэй амбаар, 2м3 хураасан банз галд өртжээ.

Нийслэлийн Онцгой байдлын газарт он гарсаар зуслангийн чиглэлд болон гэр хорооллын иргэд хашааны өнжмөл шар өвсийг шатааж байгаад гал алдсан дуудлага 40 гаруй удаа ирсэн байна. Энэ мэт иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, ногоо шатаасны улмаас өөрийн болон бусдын эд хөрөнгөнд хохирол учруулах, цаашлаад ногоон бүс галд өртөх эрсдэлийг дагуулж байгаа юм. Иймд хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх, түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. Мөн иргэд гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэрэг гал түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас зөвлөж байна.

scroll to top