Татсан тамхины ишээ цонхоороо шидсэнээс нэг айл юу ч үгүй шатжээ

118850.jpg

Өнгөрсөн ням гаригт 16:45 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Залуус хороолол”-ын нэгдүгээр байрны зургаан давхрын айлд гал гарч тухайн айлд багагүй хохирол учирчээ. Албан бус эх сурвалжаас авсан мэдээллээр тухайн айлын дээд давхарын тагт дээр тамхи татаж байсан хэн нэг нь татсан тамхины ишээ тагтаараа хаясан нь айлын цонхоор орж  тухайн айл бүрэн шатсан гэсэн мэдээлэл бидэнд ирсэн юм. Бид тухайн шатсан айл амьдардаг Залуус хорооллыг зорьж, бодит байдлыг гэрэл зурагт буулгалаа.

Тэр хавийн оршин суугчдын хэлж буйгаар тухайн айлд 9 настай охин, 2 болон 6 настай  дүү нарын хамт байсан бөгөөд гал гарч эхэлмэгц дүү нараа авч зугатаж гарсан бөгөөд азаар хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй ч тухайн айлын эд зүйлс нь бүрэн шатсан гэж хэлсэн юм. Түүнчлэн тус хорооллын төлөвлөлт муу, галын машин орох боломжгүй байсан учир Онцгой байдлын албан хаагчид холоос багаж хэрэгсэлээ зөөсөн, СӨХ-ийн гал унтраах багаж хэрэгсэл ажиллахгүй байсан, дээд доод айлууд нь гэрээр нь дамжин орж гал унтраана гэхэд дургүйцэж, оруулаагүй гэх мэт асуудлаас болж галын тархалтыг даамжруулсан гэх мэдээллийг бидэнд өгсөн.  

Г.ЭНХЦОЛМОН: ТАНЫ ТАТСАН ГАНЦ ТАМХИНЫ ИШ ЯМАР ИХ ЭРСДЭЛ ДАГУУЛДАГИЙГ САНА

Бид дээрх асуудлаар нийслэлийн Онцгой байдлын газрын урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, ахмад Г.Энхцолмонгоос зарим зүйлийг тодрууллаа.

-Айлын балкон руу татсан тамхины иш шидсэнээс шатсан гэсэн мэдээлэл байна үнэн үү?

-Таван шарын Залуус хорооллын зургаан давхарт байх айлд уг гал гарсан. Дээд айлуудынх нь аль нэг нь тагтан дээрээ тамхи татаад, татсан тамхины ишээ доошоо шидсэнээс тухайн айлын балкон дээр унасанаас үүдэлтэй гал гарсан. Балкон дээрээ тамхи татаж байгаа хүмүүсийг маш олноор харж болно. Урин дулаан цаг ирэхэд ихэнх айлууд балконоо онгойлгодог, эсвэл балкон нь угаасаа хаалт хамгаалалтгүй байх тохиолдол их бий.  Улмаар ихэнх айлууд балкон дээрээ жилийн дөрвөн улиралд өмсөх хувцасаа  хураагаад тавьсан байдаг.  Энэ үед нь дээрээс тамхины унтраагүй иш унасанаар шатах эрсдэл үүснэ. Энэ шатсан айлын хувьд яг л ийм зүйл болсон байна.

gal

-Ийм төрлийн галын дуудлага их ирдэг үү?

-Их ирдэг. Байр орон сууцанд амьдардаг айлууд гэртээ тамхи татахаа больчихсон. Харин гадна орц хонгил, балкон, хогийн пункерийнхаа дэргэд зогсож тамхи татдаг болсон. Тэгээд татсан тамхиныхаа ишийг унтраахгүйгээр шууд шидчихдэг. Нөгөөх нь тухайн үедээ шууд асахгүй байж байгаад бага багаар гал авалцаж шөнө орой ч юм уу шатаж эхэлдэг тохиолдол маш олон. Хамгийн гол нь орц хонгил, хогийн функерт гарч байгаа галын хамгийн аюултай нь тэр хавийн бүх оршин суугчдыг угаартуулах магадлал маш өндөр байдаг. Орц хонгилд жаахан гал гарч, угаар гарсаны төлөө сүржигнэж байна гэж бодож байж магад. Зөвхөн галд шатаж түлэгдэж хүн нас бардаг юм биш. Угаартах аюул тэрнээс илүү хор уршигтай. Олон хүнийг хамарч болно. Шөнө гал гарч, угаарстаныг мэдэхгүй байрны айлууд тэр чигтээ угаартаж амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэл бий. Орон сууцны айлууд нэг агааржуулах системтэй байдаг шүү дээ.

-Татсан тамхины ишээ унтраалгүй хаясанаас үүдэлтэй гарсан галын тоон мэдээлэл байдаг уу?

-Он гарсаар нийслэлийн хэмжээнд 810 галын дуудлага ирсэн. Үүний 50 хувь буюу 443 нь татсан тамхиныхаа иш, шүдэнзийг унтраалгүй хог хогийн пункер, балконоороо шидсэнээс үүдэлтэй гарсан байна. Энэ дотор мөн шар өвс, өнжмөл өвс шатсан галын дуудлага багтаж байна.

-Тухайн галын улмаас хохирсон иргэд байхгүй юу?

-Залуус хорооллын айлын хувьд гэрийн дотор талын ихэнх эд хогшил шатаж, харласан. Манай гал унтраах аврах ангийнхан энэ галын улмаас угаартах аюулд орсон 25 хүний амь насыг авран хамгаалсан. Ер нь иргэддээ сэрэмжлүүлж хэлэхэд татсан тамхиныхаа ишийг бүрэн гүйцэд унтраагаад хаячихаж байгаач. Таны татсан ганц тамхины иш бүхэл бүтэн айлыг орон гэргүй болгож байна. Цаашлаад эрдэнэт хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирох ч эрсдэл үүсч мэднэ гэдгийг дахин дахин захиж хэлмээр байна.

www.medee.mn

Б.Цэлмэг

scroll to top