ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал ОБЕГ-ын харьяа хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Аврах тусгай ангийн үйл ажиллагаатай танилцлаа.
Аврах тусгай анги үүсэн байгуулагдсаны 50 жилийн ой ирэх 06 дугаар сард тохиох юм.
Тус ангийн хамт олон ойгоо угтан тохижилт, бүтээн байгуулалтын олон ажлыг өрнүүлэн ажиллаж байгаа юм байна.
ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал тус ангийн үйл ажиллагаа, албан хаагчдын өөрсдийн хүч, бололцоог ашиглан хийж бүтээсэн ажлуудтай нэг бүрчлэн танилцлаа.
Албан хаагчид энэ жил жагсаалын талбайгаа шинэчилж цутгасан байна. 60X40 хэмжээтэй жагсаалын талбайг албан хаагчид нэг сарын дотор ажиллаж өөрсдийн ажиллах хүчээр хийж гүйцэтгэжээ. ОБЕГ-аас жагсаалын талбай засч шинэчлэхэд дэмжлэг үзүүлсэн бөгөөд нийт 40 сая төгрөгийн өртгөөр босчээ.
Ангийн штабын байрны гадна талыг засч, дөрвөн зүг, найман зовхисыг бэлэгдэн Онцгой байдлын албаны үйл ажиллагаа, албан хаагчдын ажил, мэргэжлийн онцлогийг харуулсан бэлэг тэмдгийг тусгажээ. Хуучин агуулах хэлбэрээр ашиглаж байсан обьектуудыг бүгдийг нь эзэнжүүлж, албан хаагчдын чөлөөт цагаа өнгөрүүлэх фитнес танхим, биллярд, караокены VIP өрөө болгосноо ангийн захирагч хурандаа Д.Намсрай танилцуулж байлаа. Тус ангид ашиглалтын жагсаалтаас гарчихсан байсан жижигхэн байшинг засварлаж, япон маягийн саун болгон цайны газрын үүдний хэсгийг өвөрмөц шийдлээр засварлаж, гэрэл зургийн үзэсгэлэнгийн танхим байгуулжээ.
Штабын байрандаа энэ ангийн суурийг тавьсан С.Равдангийн гэгээн дурсгалд зориулсан өрөөг түүний түүх намтар, байгуулсан гавьяа, гэр бүл, үр хүүхдүүдийнх нь тухай хүртэл сонин содон баримтуудыг дэлгэн тохижуулсан байна. Аврагчдын бас нэгэн том бүтээн байгуулалт бол соёлын төв юм байна. 350 хүний суудалтай уг соёлын төвийн бүх заслыг аврагчид өөрсдөө хийж, шоо хэлбэрийн уналттай тааз, гэрэлтүүлгийг өвөрмөц хэлбэрээр шийдэж тохижуулжээ. Мөн зочид хүлээн авах монгол гэр хэлбэрийн өргөө барьж, ашиглалтад оруулсан байна.
Аврах тусгай анги 220 албан хаагчтай. Тэдний 20-иод нь энгийн ажилтнууд. Эрэн хайх, агаарын ажиллагааны, тусгай чиг үүргийн гэсэн гурван салбартай. Тусгай чиг үүргийн салбар нь химийн хортой, цацраг идэвхт бодис, хүн малын гоц халдварт өвчин, сум, галт хэрэгсэл зэргийн гамшгийн үед ажилладаг. Хамгийн сүүлд гэхэд зүүн аймгуудад дэгдсэн малын шүлхий, Налайхад гарсан хонины цэцэг өвчний голомтод ажилласан байна. Энэ ангийн бас нэг онцлог нь хөгжмийн тусгай бүлэгтэй. Цэргийн ёслол хүндэтгэл, урлаг соёлын бүхий л үйл ажиллагаанд оролцдог.
Холбооны тусгай бүлэг аливаа гамшиг ослын үед аврагчидтайгаа хамт үүрэг гүйцэтгэж, мэдээлэл солилцож, дамжуулах үүрэгтэй бол техникийн тусгай бүлэг нь тээвэрлэлт, тусгай зориулалтын техник төхөөрөмжийг хариуцдаг юм.
Тэд улс орны хэмжээнд төдийгүй хилийн чанадад ч ажилласан туршлагатай. Таван жилийн өмнө Японд болсон цунами, үүний дараа ОХУ-ын Буриад улсад дэгдсэн түймэр очиж ажилласан бөгөөд аврагчдын ур чадвар олон улсад үнэлэгдэж чадсан билээ.
Мөн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Аврах тусгай ангиас хамгийн олон албан хаагч амжилттай оролцдог. Аврагчдын хувьд ОХУ, Солонгос, Ази Номхон далайн орнуудад очиж, хамтарсан сургалт хийж, бусад орны туршлага судалж, ур чадвараа нэмэгдүүлэхэд анхаардаг гэж аврагчид ярьж байлаа.
Тус ангийн үйл ажиллагаа, албан хаагчдын хийсэн бүтээн байгуулалтын ажилтай танилцсан ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, Онцгой байдлын албаны нүүр царай ийм л байх ёстой. Та бүхнээр бахархаж байна. Гар, сэтгэл нийлсэн хамт олны хийж бүтээж, босгосон олон сайхан бүтээлч ажлуудыг хараад баяртай байна. Ирэх 06 дугаар сард болох ангийн ойн арга хэмжээг өндөр хэмжээнд зохион байгуулах ёстой шүү гээд ажилсаг, хөдөлмөрч танай хамт олонд ажлын амжилт хүсье “ гэлээ.
Албан хаагчдын ойгоо угтсан ажил одоо ч үргэлжилж байна. Тэд 400 метр талбай бүхий хөл бөмбөгийн талбай байгуулах, зүлэгжүүлэн цэцэрлэгжүүлэх, явган хүний зам хийх, аврах ажиллагааны том оврын автомашины гаражийг барих ажилдаа оржээ.
Дашрамд дурдахад ангийн ойтой давхцан энэ жил хурандаа генерал С.Равдангийн 110 жилийн ой тохиож байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.