Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун болон зүүн хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн  аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар хойноос 7-12 м/с, нутгийн зүүн хагаст 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна.  Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод Монголын тал нутгаар 4-9 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 18-23 градус, Алтайн уулархаг нутгаар 13-18 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, хур тунадас орохгүй, салхи баруун хойноос 12-14 м/с хүрч шороон шуурга шуурна. 4-6 градус дулаан байна.

Төлөв байдал: 24, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи 24 болон 27-нд зүүн аймгуудын нутгаар 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. Нутгийн зүүн хагаст сэрүүсхэн Хүрэн бэлчир, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус  дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. 26-нд нутгийн  баруун хагаст, 27-нд ихэнх нутгаар дулаарна.

2.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: 

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Цагаан хөтөл багийн “Төгрөг” гэдэг газар малчин Ж-гийн 16 хонь, 27 ямаанд мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛд шинжлүүлэхэд 04.03-ны өдрийн 17-690 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь; 

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Үүд багийн “Гүнгэрваа” гэдэг газар малчин А-гийн 7 үхэр, мөн багийн “Өрнө дэрс” гэдэг газар малчин Э-гийн суурьт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛд шинжлүүлэхэд 04.04-ний өдрийн 17-693 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;   

Мөн аймгийн Түвшинширээ сумын Өлзийт багийн “Цагаан толгой” гэдэг газар малчин Г-гийн 6 үхэр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛд шинжлүүлэхэд 04.15-ны өдрийн 17-804 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;     

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Элт багийн “Дэлгэр-Өлзийт” гэдэг газар малчин Б-гийн 5 үхэр 2017.03.31-ний өдөр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул. дээж авч, УМЭАЦТЛд шинжлүүлэхэд 04.03-ны өдрийн 17-682 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь; 

Төв аймгийн Баянцагаан сумын Баян-Айраг багийн “Дэлийн хоолой” гэдэг газар малчин Н-ийн хонинд 2017.04.02-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 04.04-ний өдрийн 17-697 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Баян-Өлгий аймгийн Булган сумын Сөнхөл багийн “Хулжаа” гэдэг газар малчин Д-гийн суурьт 6 бог мал 04.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Цэцэрлэг сумын Туулант багийн “Сүүж” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 244 км-т/ малчин Б-гийн 1 үхэр 2017.04.17-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 04.19-ны өдрийн 17-22 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;  

Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багийн “Могойн-Ам” гэдэг газар малчин Б-гийн хотонд баавгай ноцож 5 үхэр бариулж 04.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй 3 үхэр хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багийн “Талын хонхор” гэдэг газар малчин П-гийн 1 үхэр 2017.04.13-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 04.14-ний өдрийн 17-136 тоот хариугаар “Боом” өвчин болох нь;

Мөн аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн “Дархан нуур” гэдэг газар  малчин Л-ийн хотонд 1 тугал 04.16-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 04.18-ны өдрийн 17-139 дугаар хариугаар “Боом” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3.Ой, хээрийн түймэр: 

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Өндөр хүрээ” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 240 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.04.21-ний өдрийн 12:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 31 иргэн, “Петрочайна Дачин тамсаг” ХХК-аас 10 иргэн, нийт 53 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 04.22-ны өдрийн 12:30 цагт унтраасан.

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан тосгоны Цагаан ширээт багийн “Цагаан ширээт” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.04.22-ны өдрийн 13:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, орон нутгийн 69 иргэн, нийт 80 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 04.22-ны өдрийн 19:15 цагт унтраан тус сумын байгаль орчны улсын байцаагчид хүлээлгэн өгсөн.

4.Объектын гал түймэр:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд  амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.22-ны өдрийн 16:53 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Мөн дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чингис” зочид буудлын хашаанд харууулын байр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.22-ны өдрийн 17:17 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны “Амгалан” хотхонд 2 амины орон сууцны 14х7 хэмжээтэй барилга шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.22-ны өдрийн 23:24 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 7 албан хагч, мөн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 7 албан хаагч, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 9 албан хаагч, нийт 25 албан хаагч, 7 техник хэрэгсэлтэйгээр;

Дархан-Уул аймгийн Дархан сумын “Малчин” 18 дугаар багийн цагаан үнээний фермд өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.22-ны өдрийн 13:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багийн нутагт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.22-ны өдрийн  17:02 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Завхан аймгийн Алдархаан сумын Мандаат багийн “Ар-Амны-Үзүүр” гэдэг газар өвөлжөөнд бууц шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.22-ны өдрийн хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн 3 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр, орон нутгийн 6 иргэн, 1 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

5.Техникийн холбогдолтой ослын талаар:

Тээврийн хэрэгслийн осол: Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сайн мэдээ” сүмийн зүүн хойд талд авто замын зорчих хэсэгт суудлын автомашин онхолдож хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 2017.04.22-ны өдрийн 13:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн иргэн Б /40 настай, эрэгтэй/, Б /39 настай, эрэгтэй/, Ч /39 настай, эрэгтэй/, Э /39 настай, эрэгтэй/, О /38 настай, эрэгтэй/ нарыг гаргаж эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top