Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с, баруун болон төвийн аймгуудын зарим газраар түр зуур 17-19 м/с хүрч шороон шуурга шуурна. Хүрэн бэлчир орчмоор 6-11 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 градус, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 17-22 градус, говийн бүс нутаг болон Дорнод Монголын талаар 24-29 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун өмнөөс 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч зөөлөн шороон шуурга шуурна. 24-26 градус дулаан байна.

Төлөв байдал:  2-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 3-нд ихэнх нутгаар, 4-нд зүүн аймгуудын нутгаар, 5-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 2, 3-нд ихэнх нутгаар, 4, 5-нд говь талын нутгаар 14-16 м/с, зарим үед түр зуур 20-22 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 2-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Хүрэн бэлчир, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх, аврах ажиллагаа: Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Ханхар тээлийн гарам” гэдэг газар иргэн О /14 настай, эрэгтэй/ Орхон голд осолдсон тухай дуудлагыг 2016.10.03-ны 12:41 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаад түр зогсоосон. Дахин үргэлжлүүлэх хүсэлтийг 2017.04.25-ны өдрийн 14:35 цагт хүлээн авч Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 3 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 04.30-ны өдрийн байдлаар анх осолдсон газраас Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Даагат багийн “Хар-Эргийн тохой” гэдэг газар хүртэл голын усаар 370 км эрэн хайсан.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Хар-Усны тохой” гэдэг газар иргэн М /39 настай, эрэгтэй/ Орхон голд загасчилж яваад алга болсон тухай дуудлагыг 2016.10.23-ны 06:08 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаад үр дүнд хүрээгүй тул  ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөний үндсэн дээр түр зогсоосон. Дахин эрэн хайх хүсэлтийг 2017.04.19-ний өдөр ирүүлж мөн өдрөөс 04.22-ны өдөр хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч цаг агаарын байдлаас шалтгаалж эрэн хайх ажиллагаа хойшлогдсон байсныг 04.30-ны өдрийн 05:00 цагт эхлүүлсэн. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 3 албан хаагч, нийт 12 хүн, 4 завь, 2 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Сураггүй болсон: Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн оршин суугч иргэн Ө /9 настай, эрэгтэй/ 2017.04.29-ний өдрийн 20 цагийн үед гэрийнхээ гадаа тоглож байгаад сураггүй болсон тухай дуудлагыг 04.30-ны өдрийн 00:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн 5 албан хаагч, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг 04.30-ны өдрийн 00:45 цагаас зохион байгуулж байх явцад айлд эсэн мэнд байгаа тухай ар гэрээс нь мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон.

3.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: 

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Цагаан хөтөл багийн “Төгрөг” гэдэг газар малчин Ж-гийн 16 хонь, 27 ямаанд мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛд шинжлүүлэхэд 04.03-ны өдрийн 17-690 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь; 

Мөн аймгийн Алтанширээ сумын Зараа багийн “Чулуунхороо” гэдэг газар малчин Ч-гийн 2 үхэр, Мөн багийн “Цагаантолгой” гэдэг газар малчин У-гийн 2 үхэр 2017.04.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд 04.25-ны өдрийн 17-65, 17-66 дугаар хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Үүд багийн “Гүнгэрваа” гэдэг газар малчин А-гийн 7 үхэр, мөн багийн “Өрнө дэрс” гэдэг газар малчин Э-гийн суурьт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛд шинжлүүлэхэд 04.04-ний өдрийн 17-693 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;   

Мөн аймгийн Түвшинширээ сумын Өлзийт багийн “Цагаан толгой” гэдэг газар малчин Г-гийн 6 үхэр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛд шинжлүүлэхэд 04.15-ны өдрийн 17-804 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Элт багийн “Дэлгэр-Өлзийт” гэдэг газар малчин Б-гийн 5 үхэр 2017.03.31-ний өдөр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул. дээж авч, УМЭАЦТЛд шинжлүүлэхэд 04.03-ны өдрийн 17-682 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь; 

Төв аймгийн Баянцагаан сумын Баян-Айраг багийн “Дэлийн хоолой” гэдэг газар малчин Н-ийн хонинд 2017.04.02-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 04.04-ний өдрийн 17-697 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Өлзийт багийн “Хужирт” гэдэг газар малчин Г-гийн 8 хонинд 2017.04.18-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 04.21-ний өдрийн 17-844 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Архангай аймгийн Цэцэрлэг сумын Туулант багийн “Сүүж” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 244 км-т/ малчин Б-гийн 1 үхэр 2017.04.17-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 04.19-ны өдрийн 17-22 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Мөн аймгийн Жаргалант сумын Асайт багийн “Чингэстэйн хойд Заваг” гэдэг газар малчин Г-гийн 1 үхэр 2017.04.23-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 04.25-ны өдрийн 17-78 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багийн “Могойн-Ам” гэдэг газар малчин Б-гийн хотонд баавгай ноцож 5 үхэр бариулж 04.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй 3 үхэр хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн “Дархан нуур” гэдэг газар малчин Л-ийн хотонд 1 тугал 04.16-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 04.18-ны өдрийн 17-139 дугаар хариугаар “Боом” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4.Ой, хээрийн түймэр:

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багийн “Шар жалга” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 90 км-т/  ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.04.26-ны өдрийн 12:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, орон нутгийн 28 иргэн, нийт 52 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Ивэн багийн “Хавчуу” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 27 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.04.28-ны өдрийн 13:51 цагт хүлээн авч Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 59 албан хаагч, орон нутгийн 15 иргэн, нийт 74 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 04.30-ны өдрийн 07:00 цагт цурамд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн “Ар-Бэрх“ гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 36 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг  2017.04.28-ны өдрийн 14:37 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 23 албан хаагч, орон нутгийн 86 хүн, нийт 109 хүн, 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 04.30-ны өдрийн 19:25 цагт цурамд оруулсан.

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын  Согоот багийн “Ногоон нуруу” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 30 км-т/ ойн түймэр гарсан дуудлагыг 2017.04.30-ны өдрийн 19:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 27 иргэн, нийт  39 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

5.Объектын гал түймэр:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны “Гоодойн” зуслангийн “Задгай”-д иргэн Н-ийн амбаар, хураалттай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.01-ний өдрийн 03:58 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Улаанбаатар хот-Сайншанд-Замын-үүд чиглэлийн хатуу хучилттай автозамын зорчих хэсэгт 35-03 УНБ улсын дугаартай ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.30-ны өдрийн 04:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал  түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Таван толгой багийн “Бунхан Тэхийн сайр” гэдэг газар иргэн Н-ийн өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.30-ны өдрийн 13:50  цагтт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн 12 албан хаагч, 3 техник хэрэгсэлтэйгээр;

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буурхээр  багийн нутагт иргэн Б-гийн граж, малын саравч шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.30-ны өдрийн 14:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн “Овоот” уулын энгэрт иргэн Г-гийн өвөлжөө   шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.30-ны өдрийн 17:05 хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top