“Говийн чоно” сургалт, дадлага сургууль Монголын бас нэгэн брэнд болж байгааг онцоллоо

9X1A6854.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Номхон далайн командлалтай хамтран зургаа дахь жилдээ зохион байгуулж буй “Говийн чоно”-2017 олон улсын сургалт, дадлага сургууль өнөө өглөө Өмнөговь аймагт эхэлсэн.

Сургуулийн нээлтийн арга хэмжээнд ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, УИХ-ын гишүүн Д.Амарзаяа, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд, хатагтай Женнифер Зимдал Галт, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар нар оролцож үг хэллээ.

 

 

Энэ удаагийн “Говийн чоно-2017” олон улсын сургалт, дадлага сургуульд Монгол Улс, АНУ-ын оролцогчдоос гадна Япон, Непаль, Өмнөд Солонгос, Турк, Канад, Унгар, Бангладеш улс, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, Хүүхдийн сан, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн зөн, Жайка, Японы хүүхдийг ивээх сан, Мерси кор, Олон улсын Улаан загалмайн-Улаан хавирган сар нийгэмлэг, Монголын Улаан загалмайн нийгэмлэг зэрэг байгууллагын нийт 210 гаруй төлөөлөл оролцож байна.

ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал хэлсэн үгэндээ, “Говийн чоно-2017” зургаа дахь удаагийн олон улсын сургалт, дадлага сургуулийг Монгол Улсын Онцгой байдлын байгууллага, АНУ-ын Номхон далайн командлалтай хамтран анх удаагаа өмнөд бүсийн төв Өмнөговь аймагт зохион байгуулж байна.

Өмнөх таван удаагийн “Говийн чоно” сургалтууд нь Монгол Улсад тохиолдож болзошгүй газар хөдлөлтийн, гамшиг, төмөр замын тээврийн болон уул уурхайн ослын хор уршгийг арилгах, хариу арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх, олон улсын хүмүүнлэгийн тусламж хүлээн авах,  гамшигтай тэмцэх төлөвлөлтийг боловсронгуй болгох, бэлэн байдлыг сайжруулах зорилготой зохион байгуулагдаж бидэнд сургамж, туршлага, түүх болж үлдсэн.

“Говийн чоно” сургалтын хүрээ жилээс жилд өргөжиж, олон улсын түвшинд хүрч, гадаад улс орон, олон улсын байгууллага, оролцогчдын тоо жилээс жилд өсч, гамшгаас хамгаалах сургалт, дадлагын хувьд бас нэг Монгол бренд болж байна.

“Говийн чоно-2017” сургалт, дадлага сургууль нь өмнөх сургалт, дадлагуудаас хэд хэдэн зүйлээр онцлогтой юм. Тухайлбал, тус дадлага сургууль нь энэ жил “Мэдлэгээ түгээе, туршлагаа хуваалцъя” уриан доор зохион байгуулагдаж, оролцох гадаад улс орон, олон улсын байгууллагын тоо нэмэгдлээ. Анх удаагаа “Говийн чоно” сургалтыг өмнөд бүсийн төв Өмнөговь аймагт зохион байгуулж байгаа төдийгүй өмнөд бүсийн Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Баянхонгор, Өвөрхангай аймгуудын Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах албад оролцож байна хэмээн онцлон дурдлаа.

 

Мөн тэрбээр, “Говийн чоно-2017” сургалт, дадлага сургуулийг зохион байгуулах боломжийг бүрдүүлсэн аймгийн Засаг дарга, удирдлага болон сургалт, дадлага сургуулийн бэлтгэл ажлыг мэргэжил арга зүйн зөвлөмжөөр ханган ажиллаж байгаа Онцгой байдлын ерөнхий газар, хошууч Т.Мортон ахлагчтай АНУ-ын цэргийн багийн ажлын хэсэгт талархал илэрхийлье. Сургалт, дадлага сургуульд оролцож байгаа та бүхэн мэдлэгээ нэмэгдүүлэх, сурч мэдэхийг хичээх, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг дээшлүүлэх, бэлэн байдлыг нэмэгдүүлэх, үр дүнтэй  байх талаар хичээж оролцохыг хүсье” гээд олон улсын сургалт, дадлага сургуульд оролцохоор ирсэн Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, гадаад улс орны цэргийн төлөөлөл, Олон улсын байгууллагын оролцогчид, Өмнөд бүсийн удирдлагууд, Онцгой комиссын гишүүд, Гамшгаас хамгаалах албад, Мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн, ард иргэдэд баярласнаа илэрхийлж сургуулийн үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Сүүлийн жилүүдэд говийн бүсэд газар хөдлөлтийн чичирхийлэл нэмэгдэж байгаа. Тухайлбал, 2016 оны 11 дүгээр сард Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 24 цагийн дотор 0.7-3.8 магнитудын хүчтэй 52 удаагийн газар хөдлөлт чичирхийлэл мэдрэгдсэн.

Мөн тус аймагт уул уурхайн ослууд их тохиолдох болсон байна. Тиймээс  “Говийн чоно-2017” олон улсын сургалт, дадлага сургуулиар газар хөдлөлтийн гамшгийн голомтод эрэн хайх, аврах, нэрвэгдэгсдийг хээрийн эмнэлэгт эмчлэх ажиллагаа, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх үеийн хээрийн эмнэлэг дэлгэх, Даланзадгад сумын ард иргэд аюулгүй цэгт цугларах, нүүлгэн шилжүүлэх дадлага, Цогтцэций суманд уурхайн ослын хор уршгийг арилгах, ард иргэдийг  нүүлгэн шилжүүлэх зэрэг тактикийн үзүүлэх сургуулийг зохион байгуулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

scroll to top