Ш.ТӨГӨЛДӨР
Энэ удаагийн “Аврагчийн хөрөг“ буландаа Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахмад Ц.Лувсанжамцыг урилаа. Тэрээр Онцгой байдлын албатай ажил, амьдралаа холбон 10 гаруй жил болж, амжилттай ажиллаж яваа нэгэн юм.
-Хүүхэд насны дурсамж хамгийн гэгээхэн байдаг гэдэг. Тэр гэгээхэн насаа эргээд дурсвал?
-Бид эхээс арвуулаа. Би чинь айлын долоо дахь хүүхэд. Дороо гурван дүүтэй. Тийм байж л их эрх дураараа нөхөр байлаа. Гутал өмсөнө гэж байхгүй. Өглөө босоод л өдөржин голын усанд эрхэлж өнжинө шүү дээ. Харин цэргээс халагдаж ирээд аав, ээждээ туслан мал маллах болсон. Гэхдээ удаагүй ээ. Намар нь аймагтаа очоод Гал түймэртэй тэмцэх хэлтэст гал сөнөөгчөөр ажилд орчихсон. Ажилд орсноосоо хойш Цагдаагийн академийн галын ангид элсэн суралцаж, мэргэжил эзэмшсэн дээ.
-Онцгой байдлын албан хаагчдын хувьд хамгийн анхны даалгавар, дуудлага мартагдашгүй дурсамж болон үлддэг. Таны хувьд ажилд ороод анх ямар дуудлагад явж байв?
-Анх айлын гэр шатаж байна гэсэн дуудлагаар явж байлаа. Очоод туршлагагүйтээд гал гарч байгаа гэрт гүйж ороод учраа ололгүй утаа залгиад, сандарсан юм буцаад гараад ирсэн. Тэгсэн албаныхан дахин ор гээд оруулчихсан. Утаа дээшээ дэгддэг учраас доошоо суух ёстой юм байна гэдгийг анх тэр дуудлагаас мэдэж авсан даа. Юу юугүй хоолой ам руу утаа ороод ирэхээр бас юм юм л бодогддог юм билээ. Дараа нь оюутан болоод хотын дадлагад гарч байхдаа дугуй засварын газар шатаад, хүн түлэгдчихсэн байгаатай таарсан. Хэд хоног л тэр дүр зураг нүдэнд харагдаад, амаргүй байсан шүү. Одоо ч энэ бүгдэд сэтгэлзүйгээ бэлтгэж сурч дээ. Нэгэнт энэ албанд үүрэг гүйцэтгэж байгаа хойно юу ч тохиолдсон, юу ч харсан аль болох сэтгэлдээ сэв хийхгүй л ажиллахыг хичээдэг. Миний ажлын үүрэг бас хариуцлага шүү дээ.
-Ер нь хичнээн дуудлагад үүрэг гүйцэтгэсэн бэ. Тооцож үзэж байв уу ?
-Гал сөнөөгчөөр ажиллахдаа нэг удаа, салаан захирагчаар ажиллаж байхдаа таван удаагийн дуудлагад явсан. Харин байцаагчаар ажилласан зургаан жилийн хугацаанд дал гаруй дуудлагад явсан байдаг.
-Ингэхэд гал түймрийн шалтгаан нөхцөл чухам юунаас илүүтэй үүдэж байгаа ажиглагдах юм бэ?
-Ихэвчлэн иргэдийн буруутай үйлдлээс шалтгаалсан байдаг. Тодруулбал, халуун цогтой үнс нурмаа ил задгай асгаснаас, тог цахилгаанаа салгаагүй гэр орноо эзэнгүй орхиж явснаас, өвлийн улиралд өглөө машинаа асаах гэж халааж байгаад гал алдсан, татсан тамхиныхаа галыг унтраахгүй хаясан гэх тохиолдлууд их байдаг.
-Гал сөнөөгчөөр ажлын гараагаа эхлээд Төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн хүртэл дэвшсэн байна. Туулж өнгөрүүлсэн замаа эргээд дурсахад сайхан биз?
-Тэгэлгүй яахав. Онцгой байдлын албатай ажил амьдралаа холбоод 10 гаруй жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд их ч зүйлийг сурч, олон ч ажилд томилогдон ажилласан байна. Одоогийн албандаа 2013 оны 9 дүгээр сараас хойш томилогдон ажиллаж байна даа.
-Онцгой байдлын албан хаагч байхын сайхан нь юу вэ?
-Би ер нь цэрэг хувцсанд их дуртай байсан. Тэгээд энэ албанд ороход салаан дарга маань “Чи их сайхан албанд орлоо доо” гэж хэлж байсан юм. Үнэндээ бусдын төлөө сэтгэл зүрхээ зориулж чаддаг залуустайгаа цуг баг болж ажиллана гэдэг сайхан. Бас баяр наадмын үеэр парадад жагсаад хүмүүсийн өмнүүр алхах үед өөрийн эрхгүй омогших сэтгэл төрдөг юм. Тэгээд ч би цэргийн хүн болсноороо бахархдаг. Манай удамд надаас өөр цэргийн хүн байгаагүй юм.
-Тэгвэл ажлаас өөр сонирхдог зүйл бий биз дээ?
-Ажилдаа л сонирхолтой доо. Онцгой байдлын газар маань миний хоёр дахь гэр. Тиймээс ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, хичээж ажилладаг. Ер нь аливаа ажлыг дурлаж хийвэл бүтээмж өндөртэй байж, түүнийгээ дагаад өөрөө олон зүйлийг сурч, туршлага хуримтлуулдаг. Энэ ч үүднээсээ санаа зөв бол заяа зөв гэж хэлэх дуртай. Зөв санаатай байвал хүний амьдрал зөв байна гэж боддог доо.
-Нэрэндээ таарсан Онцгой албаны дайчдын хувьд хамгийн гол түшиг тулгуур нь ар гэрийнхэн нь байдаг. Тийм болохоор гэр бүлээ танилцуулахгүй юү?
-Эхнэр, охиныхоо хамт амьдардаг. Эхнэр маань аймгийн эрчим хүчний газарт ерөнхий нягтлан бодогчоор ажилладаг. Мэдээж гэр бүл болоод удаагүй байхад зөрчилдөх тохиолдол гардаг л байсан. Одоо бол харин ч илүүтэй ихээр ойлгож, дэмждэг болсон доо.
-Ингэхэд гэргийтэйгээ хэрхэн яаж танилаж байв?
-Эхнэртэйгээ нэг голын хүүхдүүд. Цэргээс халагдаад аав, ээждээ туслан мал маллаж байх зун хонь хариулж яваад л анх танилцсан. Эхнэрээ хонио хааш нь бэлчээхийг нь харж байгаад л араас нь хонио туугаад явдаг байлаа шүү дээ /инээв/
-Онцгой байдлын албанд ороогүй байсан бол юу хийж байх байсан бол?
-Мянгат малчин болох байсан байх аа. Цэргээс халагдаж ирээд л мал хариулсан. Гэхдээ сонирхол жаахан муу байсан л даа
-Амьдралдаа баримталдаг зарчим?
-Ажлаа цаг тухайд нь алдаагүй хийх нь чухал. Тиймээс хүлээж авсан ажлын үүрэг даалгавраа дуусгаж байж л санаа амардаг.
-Баярлалаа. Цаг заваа гарган ярилцсанд. Таны цаашдын ажил, амьдралд амжилтын дээдийг хүсэн ерөөе.
-Баярлалаа. Нийт Онцгой байдлын албаар овоглодог албан хаагчдадаа болон тэдний гэр бүлд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе