Л.Баярсайхан: Орон нутагт гамшгийн үед авах хариу арга хэмжээний стандартыг тогтоосон

bayarsaihan-umnugovi-darga-1.png

Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Баярсайхантай ярилцлаа.

нцгой байдлын албаны албан хаагчдад нуруу тэнийн амрах улирал гэж байдаггүй бололтой. Өвөлд нь зуданд дайчлагдаж, хавар нь түймэр унтрааж, зун нь үер усны аюул, энгийн өдрүүдэд галын дуудлага гээд л.

-Тийм шүү. Онцгой байдлын албаны албан хаагчид эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж ирснийг Монголын ард түмэн цаг ямагт өндрөөр үнэлсээр ирсэн. Манай Онцгой байдлын газар зөвхөн Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах бус бүсийн хэмжээнд 24 цагийн турш бэлэн байдалд үүрэг гүйцэтгэдэг. Өнгөрсөн он бидний хувьд амжилт бүтээлээр дүүрэн жил байлаа. ОБЕГ-ын даргын зөвлөлийн шалгалтад манай хамт олон “А” үнэлгээтэй шалгагдсан. Мөн аймгийн төр, захиргаа, үйлчилгээний 80 гаруй байгууллагыг ажил үйлсээрээ манлайлж тэргүүний байгууллагаар шалгарсан. Энэ бүхэнд дүгнэлт хийхэд, манай албан хаагчид ажил мэргэжилдээ чин сэтгэлээсээ ханддаг, эх орон ард түмнийхээ хүлээсэн үүргээ гүнээ ухамсарладгийн үр дүн юм.

нцгой байдлын байгууллагын хэмжээнд аймаг, орон нутаг дах анги, салбарынхаа статусыг нэмэгдүүлсэн. Аймаг төдийгүй бүсийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг танай газрын хувьд үүрэг хариуцлага тэр хэрээр нэмэгдсэн болов уу?

– Өмнөговь дахь Онцгой байдлын хэлтсийн үйл ажиллагааг өргөжүүлж, өөрөөр хэлбэл статусыг нь нэмэгдүүлснээр манайх газрын зохион байгуулалтад шилжсэн. Өмнөговь аймаг газар нутаг уудам, дэлгэр эрс тэс уур амьсгалтайн дээр зун, намартаа хөрсөн дээрээ маш их халдаг онцлогтой. Газар нутгийн хувьд ч бусад аймгаас том шүү дээ. Тиймээс Засгийн газрын 2016 оны 66 дугаар тогтоолоор Цогтцэций, Ханбогд, Гурвантэс суманд Гал түймэр унтраах, аврах гуравдугаар зэрэглэлийн ангийг байгуулах шийдвэр гарсан.

Өнгөрсөн онд Цогтцэций суманд Гал унтраах анги шинээр байгуулж үйл ажиллагаа нь жигдрүүлсэн. Гурван тэс, Ханбогд сумдын тухайд 2018 оны эхний улиралд багтаан шинэ анги байгуулахаар бэлтгэлийг ханган ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Шадар тушаалаар Онцгой байдлын албаны хэмжээнд үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын шинэ бүтцээр ажиллаж эхэллээ. Шинэчилсэн бүтцээр иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, гамшгийн нөхцөл байдал үүссэн үед иргэдэд цаг алдалгүй тусламж үзүүлэх зорилгоор орон нутагт бүсийн удирдлагын төвүүдийг байгуулсан. Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын хувьд өмнөд бүсийн аймгуудын Онцгой байдлын газруудыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах юм. Энэ асар том хариуцлага, итгэл найдварыг бид итгэл зүтгэл, бусдад үзүүлэх үлгэр дууриалаар хариулах учиртай.

-Шинээр байгуулагдсан болон байгуулах ангийн хүчин чадал ямар байх вэ?

-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар өнөөдрийн байдлаар Гал түймэр унтраах, аврах 21, 44 дүгээр анги гэсэн хоёр салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Нутаг дэвсгэр, хүн амтай харьцуулбал газрын хүчин чадал хаана ч хүрэхгүй. Нөгөөтэйгүүр, манай аймагт Оюутолгойгоос гадна орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн аж ахуйн нэгж олон бий. Уул уурхай хөгжихийн хэрээр хүн амын нягтаршил нэмэгддэг. Тиймээс хүн олноор суурьшсан Ханбогд, Гурвантэс суманд шинэ анги байгуулах асуудлыг тавьсан. Шинэ анги байгуулагдана гэдэг тэр хэрээр боловсон хүчин, техник тоног төхөөрөмж шаардагдана шүү дээ.

 -Таны ажлын онцлогийг ойлгож байна. Боловсон хүчний чадавхи, техник тоног төхөөрөмж, парк шинэчлэлт гээд шийдвэл зохих олон асуудлыг та зангидаж буй. Ер нь орон нутагт парк шинэчлэлт ямар төвшинд хийгдэж ирэв?

-Нөхцөл байдал жилээс жилд сайжирч байгааг энд онцлон хэлэхийг хүсч байна. Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Шадар сайд, Онцгой байдлын ерөнхий газрын удирдлага парк шинэчлэлтийн асуудалд онцгой анхаарал тавьж байгаа. Миний мэдэж буйгаар Шадар сайдын санаачлага, дэмжлэгтэйгээр техникийн шинэчлэлд зориулан 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт Онцгой байдлын албаны хэмжээнд хийгдсэн. Энэ хүрээнд Өмнөговь аймагт өнгөрсөн жил Солонгос улсад үйлдвэрлэгдсэн гал унтраах зургаан автомашин нийлүүлэгдсэн. Түүнчлэн аврах салбарын автомашиныг бүрэн тоноглосон гэхчилэн парк шинэчлэлтийг чамлахааргүй түвшинд шийдвэрлэсэн. Мөн орон нутгийн зүгээс бидний ажлыг дэмжин аврах ажиллагааны багаж хэрэгслээр хангасан.

-Албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг хэрхэн шийдэж байна вэ. Ер нь та ямар байгууллага хүлээж авсан бэ?

– Онцгой байдлын хэлтсийн даргаар 2015 онд томилогдож ирсэн даруйдаа албан хаагчдынхаа ажиллах орчныг бүрдүүлэхийг чухалчилж, хамт олныхоо дэмжлэгтэйгээр маш богино хугацаанд зорьсондоо хүрсэн.

Хамгийн гол нь сэтгэл юм билээ. Эдүгээ манай албан хаагчид хэлтэс, тасаг, салаагаараа сар бүр нэг бүтээлч ажлыг санаачилж, түүнийгээ ажил хэрэг болгодог. Аливаа санаачлага жижигддэггүй. Албан хаагчид маань хоорондоо бүтээлээрээ өрсөлддөг болсон. Тийм сэдлийг төрүүлж чадах нь удирдах албан тушаалтны үүрэг юм л даа. Та бүхэн сая манай байгууллагын хашааны хаалгаар орж ирээд бидний цэвэр, цэмцгэр байдал, юмханаар юм хийсэн зэргийг хараад магтсан. Тэр бүхнийг чинь манай хамт олон ажлынхаа зав чөлөөгөөр хийсэн юм. Ёслол хүндэтгэлийн өргөөтэй байгууллага Өмнөговь аймагт ганцхан бий. Тэр нь манайх. Үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдын амралт болоод түймэрт явж ирээд усанд орж хувцсаа угаах өрөө, саун зэргээ өөрсдийнхөө хүч хөрөнгө, нөөц бололцоог ашиглаж барьсан. Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Бидэнд хийхээр төлөвлөсөн зүйл зөндөө байна. Шинээр байгуулагдах анги, салбараа ч газраас дутахааргүй хөгжүүлнэ. Сайхан орчинд сэтгэл тайван ажиллаж байгаа хүний ажлын ачаалал даах чадвар нь хүртэл өөр байдаг. Миний дараагийн зорилго бол албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх явдал. Өнөөдрийн байдлаар албан тушаалын зургаан айлын орон сууцыг барьж ашиглалтад орууллаа. Нутгийн албан хаагчдын хувьд орон гэргүй айлын хашаанд гэр түрээслэн амьдардаг хүн байхгүй. Өнгөрсөн жил таван албан хаагч шинээр газар авч хашаа, хувийн орон сууц барьж нүүн орсон. Манайхан бие биеэ их дэмждэг. Нэгнийгээ хашаа, байшин сав барьж эхэлбэл хамт олноороо тусалж дэмжихээс гадна барилгын материал оруулж ирдэг аж ахуйн нэгжтэй гэрээ хийн шаардлагатай барилгын материалыг нь зах зээлийн үнээс доогуур үнээр аваад өгөх жишээний.

Энэ дашрамд орон нутагт бидний ажил үүргийг хамгийн ойроос мэдэрч, тусалж дэмжиж байдаг аймгийн удирдлагууддаа талархаж байдгаа илэрхийлмээр байна.

“Говийн чоно” олон улсын сургалт дадлага сургуулийн үеэр ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал Өмнөговь аймагт ажиллахдаа аймгийн удирдлагуудтай уулзаж, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд аймаг, орон нутгаас дэмжлэг үзүүлэх хүсэлтийг тавьсан. Аймаг, орон нутгийн зүгээс хоёр албан хаагчид маань орон сууц худалдан авахад зориулж тус бүр 10 сая төгрөгийн туслалцаа үзүүлэхээр болсон. Албан хаагчид маань тун баяртай байгаа. Мөн Онцгой байдлын газрын удирдлагын албан тушаалын орон сууцны  асуудлыг шийдвэрлэж өглөө.

…Та бүхэн сая манай байгууллагын хашааны хаалгаар орж ирээд бидний цэвэр, цэмцгэр байдал, юмханаар юм хийсэн зэргийг хараад магтсан. Тэр бүхнийг чинь манай хамт олон ажлынхаа зав чөлөөгөөр хийсэн юм. Ёслол хүндэтгэлийн өргөөтэй байгууллага Өмнөговь аймагт ганцхан бий. Тэр нь манайх. Үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдын амралт болоод түймэрт явж ирээд усанд орж хувцсаа угаах өрөө, саун зэргээ өөрсдийнхөө хүч хөрөнгө, нөөц бололцоог ашиглаж барьсан…

-Өмнөговь аймаг сүүлийн арван жилд хурдацтайгаар хөгжиж буй. Байгалийн баялгаа эдийн засгийн эргэлтэд бүрэн оруулж чадаж байгаа аймаг бол танайх. Хөгжилтэй зэрэгцээд аюулгүй орчны тухай яригдах нь зүйн хэрэг байх. Уул уурхайн компаниудын аюулгүй ажиллагаан дээр хэр хяналт тавьж чадаж байна вэ?

-Өмнөговь аймагт уул уурхайн жижигхэн нөхөрлөлөөс дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг том компани ч бий. Манай байгууллагын зүгээс үйлдвэрлэл явуулахаар анхны шан татсан тэр мөчөөс нь хамтран ажиллаж, аюулгүй ажиллагааны стандарт шаардлагыг тавьж, уул уурхайн компани, бүр аврах бүлэгтэй байхыг шаардан үйл ажиллагаанд нь хяналт тавьсаар ирсэн. Газар хөдлөлт, гамшиг ослын үед яах ёстой, гал гарсан үед ямар арга хэмжээ авах талаар заавар, зөвлөгөөг сар, улирал бүр өгдөг учраас ийм төрлийн дуудлага харьцангуй бага, бараг байхгүй гэж хэлж болно. Бидний зүгээс сургалт, семинарыг байнга явуулж, харилцан мэдээлэл солилцдог нь үр дүнгээ өгдөг болов уу.  Хамгийн сүүлд манай Онцгой байдлын газар Оюутолгой компанитай байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд Австралийн гүний уул уурхайн мэргэжилтнийг урьж, хамтарсан сургалт зохион байгуулж, харилцан туршлага солилцсон.

-Танай байгууллагын төлөвлөгөөт ажлын бараг 60 хувийг урьдчилан сэргийлэх арга хэмжээ, сургалт эзэлдэг байх гэж бодож байна.

-Урьдчилан сэргийлэх ажил хэр сайн явагдана, тэр хэрээр гарч болзошгүй осол эндэгдлийн тоо буурдаг. Өөрөөр хэлбэл, арван жилийн тэртээ гамшгаас урьдчилан сэргийлэхэд зарцуулсан нэг доллар гамшгийн дараах гурван доллартай тэнцдэг гэж ярьдаг байсан. Харин одоо бол урьдчилан сэргийлэхэд зарцуулсан нэг доллар гамшгийн хор уршгийг арилгахад зарцуулах 15 доллартай тэнцдэг болсон гэх Оросын эрдэмтний судалгаа байдаг юм билээ. Тэгэхээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ ямар ач холбогдолтой гэдгийг гамшиг судлаач, олон улсын байгууллагуудаас гаргаж байгаа энэ судалгаанаас харж болно.. Тиймээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэгдүгээрт тавих ёстой. Жишээ нь манай Урьдчилан сэргийлэх тасаг сар бүр үйлдвэр аж ахуй нэгж газар, компани, төрийн байгууллагуудад мэдээлэл, зөвлөмж, зааварчилгаа бүхий зурагт хуудас тараан сургалт явуулдаг.

“Говийн чоно-2017” олон улсын дадлага сургуулийг анх удаа орон нутагт зохион явууллаа. Аймгийн Онцгой байдлын газрын хамт олон ч голлох үүрэгтэй оролцлоо. Олон улсын сургалтыг амжилттай зохион байгуулж чадсан хэмээн ОБЕГ болон АНУ-ын Номхон далайн командлал дүгнэсэн?

“Говийн чоно-2017” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийг “Гамшгийн үеийн бүс нутгийн удирдлага, харилцан ажиллагаа” сэдэвтэйгээр анх удаа өмнөд бүсийн аймгуудын гамшгийн үеийн харилцан ажиллагааг жигдрүүлэх, мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог хангах, практик үйл ажиллагаанд тулгуурласан байдлаар зохион байгууллаа.

Олон улсын нэр хүндтэй энэ дадлага сургуулийг Өмнөговь аймагт зохион байгуулах шийдвэр гарснаас эхлээд л бид хичээх хэрэгтэй болсон. Залуус маань ч мэрийн зүтгэсэн. Олон улсын сургалт, дадлагыг зохион байгуулах хөрөнгө санхүүжилтыг шийдвэрлэн, сургуулийн бэлтгэл ажлыг хангах болон явцын үйл ажиллагааг өндөр түвшинд зохион байгуулахад аймгийн удирдлага, Засаг даргын Тамгын газар бүх талын боломжийг бүрдүүлж өгч байсан. Өмнөговь аймгийн бүх шатны Засаг дарга, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн болон төрийн бус байгууллагууд, идэвхитэй сайн оролцсон.

Онцгой байдлын ерөнхий газар, түүний харьяа Аврах тусгай анги, Уул уурхайн аврах анги, ЗХЖШ, ХХЕГ, ЦЕГ, МХЕГ, ИНЕГ, Баянхонгор, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Өвөрхангай аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын газар, тус аймгуудын хөдөө аж ахуй, эрүүл мэнд, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллага болон гадаад улс орны, олон улсын байгууллагын төлөөлөл болох АНУ-ын Номхон далайн цэргийн командлал, Аляскийн үндэсний гвард, Ойн агентлаг, Олон улсын тусламжийн газар, НҮБ-ын салбар байгууллагууд, Японы Хүүхдийг ивээх сан, МУЗН, Швейцарийн хөгжлийн агентлаг, Мерси кор, Олон улсын улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэг болон Бангладеш, Непаль, Канад, Өмнөд Солонгос, Унгар, Япон улсын нийт 240 гаруй зочид, төлөөлөгчид оролцсон юм.

Дүгнэж хэлэхэд, бид орон нутагт гамшгийн үед авах хариу арга хэмжээний стандартыг тогтоосон гэж үзэж байгаа. АНУ-ын Номхон далайн командлал болон ОБЕГ-аас ирж ажиллсан ажлын хэсгийнхэн ингэж дүгнэсэн шүү. Манай хамт олны сэтгэл өндөр байгаа.

 

scroll to top