Хаврын хуурайшилтын үе буюу тав, зургадугаар саруудад иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс болж ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байдаг. Иймд ногоон бүсэд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлын чанар үр нөлөөг дээшлүүлэх, холбогдох мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой комисс, Онцгой байдлын хэлтсээс “Ногоон бүсэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх нь” дадлага сургуулийг зохион байгууллаа.
Богдхан уулын Жаргалантын аманд зохион байгуулагдсан уг сургалт дадлагаар холбогдох байгууллагуудын гал унтраах багаж,тоног төхөөрөмж, ой хээрийн түймэртэй тэмцэх хүч хэрэгслийн бэлэн байдлыг шалгаж, гамшгийн үеийн цагийн байдал дээр ажиллах, эмнэлгийн анхан шатны тусламжийг шуурхай үзүүлэх дадлага хийлээ.
Дадлага сургуульд ГХУСАЗСЗ-ийн гишүүн хэлтэс албадын бие бүрэлдэхүүн, Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид болон дүүргийн 4, 8, 11, 14 дүгээр хорооны Засаг дарга, иргэдийн төлөөлөл 120 гаруй хүн оролцсон юм гэж Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.