Энэ онд 600 гаруй хүний амь насыг аварчээ

GJ1A9307.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас өчигдөр Сүхбаатарын талбайд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа. Иргэдийн гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор ухуулга сурталчилгааны ажлыг нийслэлд үйл ажиллагаа явуулдаг онцгой байдлын байгууллагын салбар бүрэлдэхүүнтэй хамтран зохион байгуулсан юм. Энэхүү өдөрлөгийн үеэр эх орон, ард түмнийхээ амь насыг авран, аливаа эрсдэл байгалийн гамшиг, гал түймрээс авран хамгаалахад өөрсдийн амь насаа ч үл хайхран ажилладаг Онцгой байдлын албан хаагчдын ажил, мэргэжлийн онцлогийг харуулсан багаж хэрэгсэл, машин техник, манекан зэргийг дэлгэсэн байлаа. Онцгой байдлын албаны албан хаагчид өнгөрсөн онд 1315 хүний амь насыг аварч, аж ахуйн нэгж байгууллагын 23.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хамгаалсан бол энэ оны тавдугаар сарын байдлаар 620 гаруй хүний амь насыг аварсан тухай мэдээлэв.

Амралт, зугаалга, аялал жуулчлалын улирлыг тохиолдуулан гэнэтийн ослоос ард иргэдийгээ урьдчилан сэргийлэхийн тулд өдөрлөгийг зохион байгуулсан гэдгээ онцолсон юм. Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн урьдчилан сэргийлэх хэлтсийн асуудал хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Д.Алтантуяа “Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс нээлттэй хаалганы өдерлөгт өрх болон аж ахуйн нэгжийн цахилгааны утасны талаар үзүүлэн самбар хийж иргэдэд тайлбарлаж байна. Манай хэлтэс дүүргийн 32 хорооны зорилтот бүлгийн айл өрхед сургалт хийдэг.

Сургалтаар газар хөдлөлтийн үед өрхийн бэлэн байдлын төлөвлөгөө, өрхийн бэлэн байдлын цүнхэнд ямар эд зүйл байх талаар гарын авлага тараадаг. Ерөнхий боловсролын сургуульд “Өсвөрийн аврагч”-ыг бэлтгэдэг. Гал түймэр гарах шалтгаан нь иргэдийн анхаарал болгоомжгүй, санамсаргүй байдлаас гардаг. Энэ оны нэгдүгээр сард дүүргийнхээ Эрчим хүчний газартай хамтран шөнийн тоолуурыг тэглэсэнтэй холбогдуулан цахилгааны аюулгүй байдлын талаар айл өрхүүдээр үзлэг хийсэн. Үзлэгийн үеэр айл өрхүүдэд элэгдэж шалбарсан цахилгааны утас элбэг ажиглагдсан. Бас халуун тогоогоо газар тавьж хоол цайгаа хийдэг айл их байсан. Энэ бүхэнд зөвлөгөө өгч, аюулгүй байдлыг нь хангасан. Иргэд гал түймрийн дуудлагыг 101 дугаарт өгөх ёстой. Харин гамшиг ослын дуудлага 105 дугаарт өгөх ёстой” гэсэн юм.

Н.Баасанхүү (Хууль сахиулахын их сургуулийн 

Онцгой байдлын сургуулийн 631 дүгээр дамжааны сонсогч)

-Хууль сахиулахын их сургууль өнгөрсөн жил иж бүрэн тоног төхөөрөмжөөр тохижуулсан лабораторитой болсон. Лабораторийнхоо техник хэрэгслийг иргэдэд үзүүлж танилцуулж байна. Энэхүү техник хэрэгслээр хөрсний бохирдлын хэмжээг тодорхойлж болно. Саяхан манай сургуулийнхан Төв аймгийн Угтаалцайдамаас 3000 газар тариалангийн хөрсний дээж авчирч шинжилгээ хийснээрээ тухайн газарт хэдэн жилийн давтамжгай ногоо тарих боломжтой хийгээд ногооны чанарыг тодорхойлсон. Мөн бид гал гарсан газраас хөрсний дээж авч шннжилгээ хийн юунаас үүдэлтэй гал гарсныг энд байгаа багаж хэрэгслээр тодорхойлж болно.

П.Мөнгөншагай (Аврах тусгай ангийн аврагч, холбоочин)

-Хүний эрүүл, аюулгүй байдлын төлөө амь насыг нь хамгаалахаар ажиллаж байгаадаа өөрөөрөө бахархдаг. Хүний амь насыг аврах нь миний ажлын онцлог. Би энэ байгууллагад ажиллаад 13 жил болсон. Хамгийн сүүлд Богд хан ууланд гэр бүлээрээ аялж байгаад бага насны хоёр хүүхэд ойд төөрсөн дуудлага авч ажилласан. Биднийг хайж байх хооронд хүүхдүүд гэртээ харьсан байсан. Аврагч холбоочин бүлгийн бүх холбоог удирдлагадаа үнэнч, түргэн шуурхай мэдээллэх үүрэгтэй байдаг. Мөн холбооныхоо техник хэрэгслийг хариуцаж ажилладаг.

Л.Дамба (Чингэлтэй дүүргийн I хорооны иргэн)

-Энэ өдөрлөгийг зорьж ирсэн. Өргөн дэлгэр, олон үзүүлэнтэй, тараах материал, танилцуулга авсан. Онцгой байдлынхан олон улсын жишиг стандартад нийцсэн багаж хэрэгслийг ашиглан бидний төлөө ажилладаг гэдгийг энэхүү нээлттэй өдөрлөгөөр мэдэж авлаа. Бас даралтаа үзүүлж, мэргэжлийн эмчээс зөвлөгөө авсан. Мөн анхан шатны түргэн тусламж хэрхэн үзүүлдгийг хиймэл хүн дээр өөрийн гараар туршиж үзсэн. Иргэдийн мэдээллийг хангасан маш хэрэгтэй өдөрлөг байлаа.

Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин 2017.05.17

С.Бэрцэцэг

scroll to top