Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с, зүүн аймгуудын нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор болон Хэрлэн, Онон, Улз, Халхголын хөндийгөөр 13-18 градус, Алтайн өвөр говиор 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй, салхи 7-12 м/с, 18-20 градус дулаан байна.

Төлөв байдал: 23-нд зүүн аймгуудын нутгийн хойд, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи 25-нд Алтайн уулсаар, 26-нд баруун аймгуудын нутгаар 12-14 м/с хүрч шороон шуурга шуурна. Дулаарч Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

2.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Хэнтий аймгийн Баянхутаг сумын Цантын хоолой багийн “Хаяаагийн ястын хошуу” гэдэг газар малчин З-гийн 2 үхэр 2017.05.01-ний өдөр мал, амьтны гоц халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч УМЭАЦTЛ-д шинжлүүлэхэд 2017.05.06-ны өдрийн хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн “Зүрхийн хоолой” гэдэг газар малчин Б-гийн 117 хурганд 2017.05.04-ний өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 05.07-ны өдрийн 17-991 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Мөн аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн “Төмөртэйн багана” гэдэг газар малчин А.Азжаргалын 20 хонь, 12 хурганд 2017.05.08-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 05.10-ны өдрийн 17-1023 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Баянцагаан сумын Баян-Айраг багийн “Ар шуудуу” гэдэг газар малчин А-гийн 43 хурганд 2017.05.03-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 05.06-ны өдрийн 17-967 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Мөн аймгийн Лүн сумын Өгөөмөр багийн “Номтын даваа” гэдэг газар малчин Г-гийн 106 хурга 2017.05.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2017.05.12-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Архангай аймгийн Хотонт сумын Орхон багийн “Хужиртын бунхант” гэдэг газар малчин Д-гийн 2 адуу 2017.04.29-ний өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 05.01-ний өдрийн 17-83 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Мөн аймгийн Хашаат сумын Номгон багийн “Сайрын-Ам” гэдэг газар малчин Б-гийн 1 хонь 2017.05.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 05.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Мөн аймгийн Жаргалант сумын Асайт багийн “Улаанхаргана” гэдэг газар малчин Г-гийн 2 ишиг халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.05.14-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Богд сумын Баяндөхөм багийн “Цагаан нуруу” гэдэг газар малчин Ж-гийн хотонд үнэг дайрч 4 ишиг барьсан тул үнэгийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.05.15-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Мөн сумын Ховд багийн “Дэвшлийн баруун дэвсэг” гэдэг газар малчин Б-гийн 1 үхэр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.05.14-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган  аймгийн Сайхан  сумын Сайхан-Овоо багийн “Булуугийн-Эх” гэдэг газар эзэнгүй 1 үхэр 2017.05.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 05.18-ны өдрийн 17-1030 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3.Ой, хээрийн түймэр:

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Наран багийн “Хөх чулуутын Шавартын-Эх” гэдэг газар /Сумын төвөөс баруун хойд зүгт 37 км-т/ ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 2017.05.08-ны өдрийн 17:33 цагт хүлээн авч ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч Г.Галбадрахаар ахлуулсан тус аймгийн Онцгой байдлын газрын 21 албан хаагч, Өмнөдэлгэр сумын 17 иргэн, Цэнхэрмандал сумын  7 иргэн, 1 автомашин, нийт 45 хүн, 4 автомашин, 7 мотоциклтой ажиллаж, 05.21-ний өдрийн 07:13 цагт цурманд оруулсан. 05.21-ний өдрийн байдлаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч Г.Галбадрахаар ахлуулсан тус аймгийн Онцгой байдлын газрын 21 албан хаагч, 2 автомашинтай цурмыг манаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Төв аймгийн Эрдэнэ сумын зааг “Арцат” уулын орчим /Төв аймгийн Эрдэнэ сумаас хойд зүгт 200 км-т, Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас зүүн урд зүгт 120 км-т, Сэлэнгэ аймгийн Мандал сумаас зүүн зүгт 110 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.17-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч АТА-ийн 20 албан хаагч МТ1001 дугаарын Ми-171Е загварын нисдэг тэргээр 05.17-ны өдрийн 16:35 цагт түймрийн голомтод хүрэлцэн очиж 05.21-ний өдрийн 07:55 цагт түймрийг бүрэн унтраасан. Мандал суман дахь Онцгой байдлын хэлтсийн 24 албан хаагч, Хан хэнтийн дархан цаазат газрын тусгай хамгаалалтын газрын 6 ажилтан, 1 автомашинтай голомтод очоогүй байна. 05.21-ний өдрийн байдлаар Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МТ1001 дугаарын Ми-171Е загварын нисдэг тэрэг АТА-ийн 20 албан хаагчийг Улаанбаатар-Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Арцат уул-Улаанбаатар чиглэлд 11:00 цагаас 18:10 цагийн хооронд нислэг үйлдэж авч ирсэн.

4.Объектын гал түймэр:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны “Монос”-ын 1 дүгээр гудамжинд эзэнгүй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.21-ний өдрийн 09:04 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай;

Ховд аймгийн Ховд сумын Баруун салаа багийн “Улаан харганы тарьмал” гэдэг газар иргэн Х-гийн өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.21-ний өдрийн 19:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашинтай;

Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Akuma” төвийн баруун талд иргэн Н-ийн эзэмшлийн авто сэлбэг зардаг чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.21-ний өдрийн 19:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай;

Хөвсгөл  аймгийн Тариалан сумын Ар тархи багийн Цогт гэдэг газар иргэн  Б-гийн өвөлжөөнд бууц шатаж байна  гэсэн дуудлагыг 2017.05.21-ний өдрийн 19:21 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн 7 албан хаагч, 1 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top