Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт. Говьсүмбэр, Дорноговь аймгийн нутгаар шороон шуурга шуурч, Баянхонгор, Төв, Өвөрхангай аймгийн  зарим газраар нойтон цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо, хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар зүүн хойноос 6-11 м/с. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор болон Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 9-14 градус, Алтайн өвөр говиор 19-24 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. 15-17 градус дулаан байна.

Төлөв байдал. 22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 25-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр 12-14 м/с хүрч шороон шуурга шуурна. 22-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 23-29 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Аврах ажиллагаа: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ногоон багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 10 жилийн 4 дүгээр дунд сургуулийн гадаа жорлонд хүн унасан тухай дуудлагыг 2017.05.20-ны өдрийн 15:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн А /48 настай, эрэгтэй/-ыг гаргаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн “Хамрын хийд” гэдэг газар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “Хулан-Уул” ХХК-ийн ажилчид 11-89 УНБ улсын дугаартай микро автобустай явж байгаад иргэн М /37 настай, эрэгтэй/ 2017.05.21-ны өдрийн 03:00 цагийн орчимд бие засна гэж машинаасаа буугаад алга болсон тухай дуудлагыг 2017.05.21-ний өдрийн 05:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 07:40 цагт Хамрын хийдээс 2 км орчим зайтай газраас эсэн мэнд олж, хамт явсан хүмүүст нь хүлээлгэн өгсөн.

3.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Хэнтий аймгийн Баянхутаг сумын Цантын хоолой багийн “Хаяаагийн ястын хошуу” гэдэг газар малчин З-гийн 2 үхэр 2017.05.01-ний өдөр мал, амьтны гоц халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч УМЭАЦTЛ-д шинжлүүлэхэд 2017.05.06-ны өдрийн хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн “Зүрхийн хоолой” гэдэг газар малчин Б-гийн 117 хурганд 2017.05.04-ний өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 05.07-ны өдрийн 17-991 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Мөн аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн “Төмөртэйн багана” гэдэг газар малчин А.Азжаргалын 20 хонь, 12 хурганд 2017.05.08-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 05.10-ны өдрийн 17-1023 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Баянцагаан сумын Баян-Айраг багийн “Ар шуудуу” гэдэг газар малчин А-гийн 43 хурганд 2017.05.03-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 05.06-ны өдрийн 17-967 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Мөн аймгийн Лүн сумын Өгөөмөр багийн “Номтын даваа” гэдэг газар малчин Г-гийн 106 хурга 2017.05.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2017.05.12-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Архангай аймгийн Хотонт сумын Орхон багийн “Хужиртын бунхант” гэдэг газар малчин Д-гийн 2 адуу 2017.04.29-ний өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 05.01-ний өдрийн 17-83 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Мөн аймгийн Хашаат сумын Номгон багийн “Сайрын-Ам” гэдэг газар малчин Б-гийн 1 хонь 2017.05.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 05.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Мөн аймгийн Жаргалант сумын Асайт багийн “Улаанхаргана” гэдэг газар малчин Г-гийн 2 ишиг халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.05.14-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Богд сумын Баяндөхөм багийн “Цагаан нуруу” гэдэг газар малчин Ж-гийн хотонд үнэг дайрч 4 ишиг барьсан тул үнэгийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.05.15-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Мөн сумын Ховд багийн “Дэвшлийн баруун дэвсэг” гэдэг газар малчин Б-гийн 1 үхэр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.05.14-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган  аймгийн Сайхан  сумын Сайхан-Овоо багийн “Булуугийн-Эх” гэдэг газар эзэнгүй 1 үхэр 2017.05.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 05.18-ны өдрийн 17-1030 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4.Ой, хээрийн түймэр:

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Наран багийн “Хөх чулуутын Шавартын-Эх” гэдэг газар /Сумын төвөөс баруун хойд зүгт 37 км-т/  ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 2017.05.08-ны өдрийн 17:33 цагт хүлээн авч ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч Г.Галбадрахаар ахлуулсан тус аймгийн Онцгой байдлын газрын 21 албан хаагч, Өмнөдэлгэр сумын 17 иргэн, Цэнхэрмандал сумын  7 иргэн, нийт 45 хүн, 4 автомашин, 7 мотоциклтой ажиллаж, 05.21-ний өдрийн 07:13 цагт цурманд оруулсан.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Төв аймгийн Эрдэнэ сумын зааг “Арцат” уулын орчим /Төв аймгийн Эрдэнэ сумаас хойд зүгт 200 км-т, Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас зүүн урд зүгт 120 км-т, Сэлэнгэ аймгийн Мандал сумаас зүүн зүгт 110 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.17-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч АТА-ийн 20 албан хаагч МТ1001 дугаарын Ми-171Е загварын нисдэг тэргээр 05.17-ны өдрийн 16:35 цагт түймрийн голомтод хүрэлцэн очиж 05.21-ний өдрийн 07:55 цагт түймрийг бүрэн унтраасан. Мандал суман дахь Онцгой байдлын хэлтсийн 24 албан хаагч, Хан хэнтийн дархан цаазат газрын тусгай хамгаалалтын газрын 6 ажилтан, 1 автомашинтай голомтод одоог хүртэл ирээгүй байна.

5.Объектын гал түймэр:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорт, Бумбатын өртөөний задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.20-ны өдрийн 13:09 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 63 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top