Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор 19-24 градус, говийн бүсийн нутаг, Дорнод-Монголын тал нутгаар 32-37 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн саваар 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч зөөлөн шороон шуурга шуурна. 30-32 градус дулаан байна.

Төлөв байдал: 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 28-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар бага зэргийн бороо, хур тунадас орно. Салхи 27-нд ихэнх нутгаар, 28-нд говь талын нутгаар түр зуур 18-20 м/с хүрч шороон шуурга шуурна. 27-нд нутгийн хойд хэсгээр, 28-нд ихэнх нутгаар сэрүүсч, Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан, говийн бүс нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 29-нөөс ихэнх нутгаар дулаарна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн оршин суугч иргэн Б /33 настай, эрэгтэй/ 2017.05.16-ны өдрөөс сураггүй алга болсон тухай дуудлагыг 05.25-ны өдрийн 09:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, Цагдаагийн байгууллагын 12 алба хаагч, ар гэрээс 7 иргэн, нийт 24 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн нутаг дэвсгэрт орших “Далан булаг” ХХК-ийн хайрга олборлодог хиймэл нуураас цогцсыг олж гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн аманд байрлах “Ханбогд” амралтын газарт иргэн Э /22 настай, эмэгтэй/ Х /22 настай, эмэгтэй/ нар амарч яваад Богдхан ууланд төөрчихлөө гэсэн дуудлагыг 05.25-ны өдрийн 22:25 цагт хүлээн авч нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 алба хаагч, Цагдаагийн байгууллагаас 2 алба хаагч, ар гэрийн 4 хүн, нийт 12 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 05.26-ны өдрийн 01:30 цагт “Их тэнгэр” цогцолборын харуулын хэсэг дээр өөрсдөө бууж ирсэн тул эрлийг зогсоосон.

3.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Хэнтий аймгийн Баянхутаг сумын Цантын хоолой багийн “Хаяаагийн ястын хошуу” гэдэг газар малчин З-гийн 2 үхэр 2017.05.01-ний өдөр мал, амьтны гоц халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч УМЭАЦTЛ-д шинжлүүлэхэд 2017.05.06-ны өдрийн хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн “Зүрхийн хоолой” гэдэг газар малчин Б-гийн 117 хурганд 2017.05.04-ний өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 05.07-ны өдрийн 17-991 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Мөн аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн “Төмөртэйн багана” гэдэг газар малчин А.Азжаргалын 20 хонь, 12 хурганд 2017.05.08-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 05.10-ны өдрийн 17-1023 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Баянцагаан сумын Баян-Айраг багийн “Ар шуудуу” гэдэг газар малчин А-гийн 43 хурганд 2017.05.03-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 05.06-ны өдрийн 17-967 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Мөн аймгийн Лүн сумын Өгөөмөр багийн “Номтын даваа” гэдэг газар малчин Г-гийн 106 хурга 2017.05.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2017.05.12-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Архангай аймгийн Хотонт сумын Орхон багийн “Хужиртын бунхант” гэдэг газар малчин Д-гийн 2 адуу 2017.04.29-ний өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 05.01-ний өдрийн 17-83 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Мөн аймгийн Хашаат сумын Номгон багийн “Сайрын-Ам” гэдэг газар малчин Б-гийн 1 хонь 2017.05.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 05.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Мөн аймгийн Жаргалант сумын Асайт багийн “Улаанхаргана” гэдэг газар малчин Г-гийн 2 ишиг халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.05.14-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Богд сумын Баяндөхөм багийн “Цагаан нуруу” гэдэг газар малчин Ж-гийн хотонд үнэг дайрч 4 ишиг барьсан тул үнэгийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.05.15-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Мөн сумын Ховд багийн “Дэвшлийн баруун дэвсэг” гэдэг газар малчин Б-гийн 1 үхэр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.05.14-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган  аймгийн Сайхан  сумын Сайхан-Овоо багийн “Булуугийн-Эх” гэдэг газар эзэнгүй 1 үхэр 2017.05.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 05.18-ны өдрийн 17-1030 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4.Объектын гал түймэр:

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 10 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.25-ны өдрийн 12:29 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай;

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст багийн 10 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.25-ны өдрийн 13:54 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай;

Дорноговь аймгийн Сайншанд сумын Мааньзав багийн 6 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.25-ны өдрийн 15:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай;

Хэнтий аймгийн Батноров сумын Идэрмэг багийн “Баянхаан” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 60 км-т/ “ЭБГ” ХХК-ийн жоншны уурхайн ажилчдын 60х5 метр хэмжээтэй сендвичин байшин, 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.25-ны өдрийн 14:01 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн 4 албан хаагч, 1 автомашин, компанийн 6 ажилтан, 2 автомашин, нийт 10 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр;

Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт багийн Залгамжлагч хэсгийн 3 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.25-ны өдрийн 19:46 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай;

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Ассем Велла” хотхоны хойд талын зорчих хэсгийн автозам дээр автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.05.25-ны өдрийн 22:37 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top