Азийн бүсийн хурлыг удирдлаа

2.jpg

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, Онцгой байдлын ерөнхий газрын дарга бригадын генерал Т.Бадрал, Шадар сайдын онцгой байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Л.Саянаа тэргүүтэй Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид 5 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд Мексикийн Нэгдсэн Улсын Канкун хотноо зохион байгуулж буй “Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн 5 дугаар чуулган”-д оролцож байна.

Энэхүү чуулган нь Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хүрээ хөтөлбөр, Тогтвортой хөгжлийн зорилт-2030, Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хөтөлбөр зэрэг дэлхий дахинд хэрэгжиж буй хөтөлбөр үйл ажиллагааг уялдуулах зорилтын хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг энэ чуулганд дэлхийн 100 гаруй улс орны Засгийн газар, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, бизнесийн төлөөлөл, шинжлэх ухаан, боловсролын байгууллагын 5000 орчим төлөөлөгч оролцож байна.

Чуулганы эхний өдөр буюу 5 дугаар сарын 23-нд Гамшгийн төрлүүдийг эрт зарлан мэдээлэх сэдэвт уулзалт, Азийн бүсийн бэлтгэл хуралдаан, Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний болон бүсийн платформын талаарх туршлага солилцох хэлэлцүүлэг,  Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хүрээ хөтөлбөрийг хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэх талаарх хэлэлцүүлэг зэрэг арга хэмжээ зохион байгуулагдсан байна.

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас зохион байгуулсан Азийн бүсийн бэлтгэл хуралдааныг Бүгд Найрамдах Энэтхэг Улс, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын төлөөлөгчидтэй хамтран удирдаж, 2018 онд Монгол Улсын Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ын талаар илтгэл тавьж оролцлоо.

Энэ хуралдааны үр дүнгээр Дэлхийн чуулганаас гарах үндсэн баримт бичигт оруулах тодорхой саналуудыг нэгтгэн чуулганы даргад хүргүүллээ. Тухайлбал гамшгийн эрсдэлийг бууруулах хөтөлбөр үйл ажиллагааг Тогтвортой хөгжлийн зорилтын төрөл бүрээр уялдуулан хэрэгжүүлж, өргөжин тэлж буй хотын хүн амын нягтаршил, хотуудын манлайлалын ач холбогдлыг нэмэгдүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, сайн туршлагыг олж түгээн дэлгэрүүлэх зэрэг саналыг хуралдаанд оролцогчид гаргалаа.

Мөн энэ өдөр Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний болон орон нутгийн зөвлөл байгуулах талаарх уулзалт хэлэлцүүлэгт Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Л.Саянаа оролцож, Монгол Улсын гамшгаас хамгаалах тогтолцоонд хийгдэж буй шинэчлэл, энэ хүрээнд батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгад Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хөтөлбөрт нийцүүлэн хийгдсэн зарчмын том өөрчлөлтүүдийн талаар илтгэл танилцуулга хийж хэлэлцүүллээ. Оролцогчид Монгол Улсын тэргүүлэх туршлагын талаар асуулт асууж оролцсон бол хуралдааныг даргалагч  НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Бүсийн зохицуулалт, үндэсний хэрэгжилтийг дэмжих газрын дарга хатагтай Шоко Аракаки гамшгийн эрсдэлийг бууруулах салбарт Монгол Улсын гаргаж буй хүчин чармайлтыг өндөр үнэлж буйгаа илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

scroll to top