Шадар сайд БНЭУ-ын Дотоод хэргийн дэд сайдтай уулзлаа

9X1A9992-1.jpg

Мексикийн Нэгдсэн Улсын Канкун хотноо зохион байгуулж буй “Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн 5 дугаар чуулган”-д оролцож байгаа Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Дотоод хэргийн дэд сайд ноён Кирин Рижижутай уулзлаа.

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх уулзалтын эхэнд БНЭУ-ын Засгийн газар, Дотоод хэргийн яаманд Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын анхдугаар бага хурлыг өнгөрөгч оны 11 дүгээр сард амжилттай зохион байгуулсанд баяр хүргэв.

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын анхдугаар бага хурлын нээлтэд БНЭУ-ын Ерөнхий сайд ноён Нарендра Модигийн дэвшүүлсэн Гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн үйл ажиллагааг шинэчлэх 10 зорилт бүхий хөтөлбөр нь БНЭУ Ази, номхон далайн бүс нутагт гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд өөрийн улс орны манлайлалыг бусад улс орнуудад үзүүлж байгаагийн тод илрэл гэдгийг уулзалтын үеэр онцлон тэмдэглэлээ.   

Шадар сайд У.Хүрэлсүх, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг, баримт бичгийг хэрэгжүүлэх Азийн бүс нутгийн замын зураг, Делигийн деклараци зэргийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар анхаарал хандуулж ажиллаж байгаагаа илэрхийлээд, Монгол Улсын гамшгаас хамгаалах тогтолцоо гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн болон бүс нутгийн хөтөлбөрүүдтэй уялдан шинэчлэгдэж, гамшгийн эрсдэлийг эрт тодорхойлох, гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний болон орон нутгийн зөвлөлийг байгуулах, санхүүгийн механизмыг шинэчлэн сайжруулах зэрэг арга хэмжээг шат дараалан авч байгааг танилцуулсан юм.

Мөн гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын чиг хандлагын дагуу засаглалыг сайжруулах, эдийн засгийн үр ашиг, зардлыг тооцоолох, эрсдэлийн мэдээллээс эрсдэлийн мэдлэг рүү шилжих, сайн дурынханы оролцоог хангах, хүмүүнлэгийн үйл ажиллагааны удирдлага, зохицуулалтыг боловсронгуй болгох зэрэг бодлогын олон чиглэлээр тогтолцооны шинэчлэл хийж байна.

Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги 2017-2020 баримт бичгийг боловсруулж дууссан ба Засгийн газраар батлуулахаар ажиллаж байгаа бөгөөд Монгол Улс НҮБ-ын гишүүн дэлхийн 187 орны хамт гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хүлээсэн өөрийн үүрэг, амлалтыг ухамсарлаж 2018 оны 07 дугаар сард Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын 2 дугаар бага хурлыг нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулах бэлтгэл ажлыг эхлүүлээд байна гэлээ.

Бага хурлын хүрээнд 2017 оны 05 дугаар сард Улаанбаатар хотод НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын стратегийн Азийн түншлэлийн хурлыг зохион байгуулсан ба энэ оны 9 дүгээр сард Улаанбаатар хотод мөн “Азийн манлайлагчдын уулзалт”-ыг зохион байгуулах юм.

Шадар сайд хэлсэн үгэндээ, 2018 онд Монгол Улсад зохион байгуулагдах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын 2 дугаар бага хурлын үеэр Хот, суурин газрын гамшигтай тэмцэх чадавхыг дээшлүүлэх, Гамшгийн эрсдэлийг бууруулахад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх гэсэн асуудалд анхаарал хандуулахаар төлөвлөж байна. Энэ нь гамшигт тогтвортой дэд бүтэц, орон сууцыг байгуулах эвслийн асуудалд ихээхэн ач холбогдолтой хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ.  

Уулзалтын төгсгөлд, БНЭУ-ын Дотоод хэргийн сайд ноён Ражнат Сингхийн 2017 оны 07 дугаар сард Монгол Улсад хийх албан ёсны айлчлалын үеэр хоёр орны гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах салбар дахь харилцаа, хамтын ажиллагааны талаар илүү гүн гүнзгий санал солилцоно хэмээн найдаж байна” хэмээн онцлов гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

 

scroll to top