Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2017 оны хоёрдугаар хурлаас гаргасан шийдвэрийн хүрээнд зөвлөлийн гишүүд орон нутагт ажиллалаа.
Тухайлбал, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбатаар ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор, Говь-Алтай, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Саулегээр ахлуулсан ажлын хэсэг Ховд, Баян-Өлгий, Одон орон, геофизикийн хүрээлэнгийн дэд захирал Ч.Баярсайханаар ахлуулсан ажлын хэсэг Булган, Увс аймгуудад тус тус ажилласан юм. Ажлын хэсгийн байнгын бүрэлдэхүүнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны ахлах референт, байнгын ажиллагаатай зөвлөлийн нарийн бичгийн дарга Ё.Жаргалсайхан, Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын Тасгийн дарга, хошууч З.Баттулга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын улсын байцаагч Г.Алтансүх нар ажилласан юм.
Дээрх ажлын хэсгүүд аймгуудын Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай салбар зөвлөлийн үйл ажиллагаа, болзошгүй гамшгийн аюулыг зарлан мэдээлэх төхөөрөмжийн хангалттай танилцаж, аймгийн байнгын ажиллагаатай зөвлөлийн гишүүд, нарийн бичгийн дарга нарт зөвлөлийн үйл ажиллагаа, хурлыг зохион байгуулах, төлөвлөх, тайлан мэдээ гаргах, Засгийн газрын зөвлөлтэй хамтран ажиллах чиглэлээр арга зүйн зөвлөгөө өгсөн.
Мөн аймгийн хэмжээнд ашиглаж буй нийтийн орон сууц, цэцэрлэг, сургууль, эмнэлгийн барилгын газар хөдлөлт тэсвэрлэх байдлын урьдчилсан үнэлгээ, дахин төлөвлөлтийн байдалтай танилцаж, цаашид барилга байгууламжийн паспортжуулалтыг хийж, ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг хэсэгчлэн төлөвлөн орон нутгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгаж, шаардлагатай зардлыг жил бүрийн орон нутгийн төсөвт үе шаттайгаар суулгах, иргэдийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлаа хангах, эрсдэлийг бууруулах, өөрт болон бусдад анхны тусламж үзүүлэх мэдлэг, дадлыг олгох сургалтыг зохион байгуулах иж бүрэн сургалтын танхим тохижуулах чиглэлийг өгч ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.