Н.Батсайхан: Хөгжил, гамшиг хоёрыг нэг тэрэгний дугуй гэж ойлгох хэрэгтэй

18789218_1263063830473119_49652954_o.jpg

Энэ удаагийн “Ярилцах танхим”-ын зочноор Хууль сахиулахын их сургуулийн Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнгийн Гамшиг судлалын төвийн эрхлэгч, доктор, хошууч Н.Батсайхан уригдлаа. Түүнтэй тус төвөөс хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар ярилцав.

-Манай сонины уншигчдад өөрийгөө танилцуулна уу. Тус төвийн эрхлэгчээр хэзээнээс томилогдож ажиллаж байгаа вэ?

-Би 1978 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн. 1986-1996 онд Сүхбаатар аймгийн Дарьганга, Түмэнцогт сумын 10 жилийн дунд сургууль, 1996-2000 онд УБИС-ийн Биологи, байгалийн шинжлэлийн анги, 2016 онд Удирдлагын академийн Төрийн захиргааны менежментийн ангийг тус тус төгссөн.

2001-2011 онд Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнд ахлах ажилтан, эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад Онцгой байдлын ерөнхий газарт байгалийн болон хөдөө аж ахуйн гаралтай гамшгийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан. Их сургуулийн Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнгийн Гамшиг судлалын төвийн эрхлэгчээр 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байна.

-Гамшиг судлалын төвийн хийж гүйцэтгэж байгаа ажлын талаар танилцуулаач?

-Гамшиг судлал гэхээр зөвхөн ахуйн болон ой, хээрийн түймрээр хязгаарлаж ойлгодог иргэд болон зарим удирдах албан тушаалтан олон байдаг. Уг салбар маань манай орны хувьд хөгжиж буй шинэ судлагдахуун. Ийм учраас бусад суурь шинжлэх ухааныг түшиглэж бэхжих зайлшгүй шаардлагатай гэж үзсэн учраас өнөөдрийн байдлаар зургаан эрдэм шинжилгээний хүрээлэн, их, дээд сургууль, төвүүдтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулж хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Тухайлбал, Шинжлэх ухааны академийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнтэй “Хөрсний бохирдол, түүний сөрөг нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэх” чиглэлээр, Хими, химийн технологийн хүрээлэнтэй “Химийн хортой бодис болон химийн хаягдлын менежмент, зохицуулалт”, Технологийн инкубатор төвтэй “Эрдэмтдийн бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх”, Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнтэй “Гамшгийн нөхцөл байдлын статистик мэдээллийг солилцох”, ХААИС- ийн Мал аж ахуйн сургуультай “Байгалийн гамшгийн үед зэрлэг ан амьтан хамгаалах”, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнтэй “Бэлчээрийн хөнөөлт шавьж, мэрэгчдийн судалгаа хийх” зэрэг чиглэлүүдээр тус тус хамтран ажиллахаар тохиролцож ажлаа эхлүүлсэн. Мөн ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнтэй “Газар хөдлөлтийн мэдээ, мэдээллийг хурдан шуурхай авах, эрсдэлийг бууруулах”,   Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны харьяа “Ойн судалгаа хөгжлийн төв”-тэй “Ойн хөнөөлт шавьжтай тэмцэх арга технологийг боловсронгуй болгох, тархалтын судалгааг хамтран гүйцэтгэх” чиглэлээр хамтран ажиллах санамж бичгийн төслийг боловсруулж бэлэн болголоо.

-Санамж бичгийн гол зорилго, үр дүнг хэрхэн төсөөлж байна вэ?

-Санамж бичгийн зорилго нь байгалийн аюулт үзэгдэл, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, нөхөн сэргээх, хамгаалах, үйл ажиллагааны бэлэн байдлыг хангах, олон нийтэд мэдээлэл, сургалт, сурталчилгаа зохион байгуулах, их сургуулиудын профессор багш, судлаачид, оюутан сонсогчдын мэргэжлийн мэдлэг, ур чадвар, хандлагыг дээшлүүлэх чиглэлээр хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх, гарын авлага боловсруулах, хамтын ажиллагаанд шаардагдах мэдээ, мэдээллийг харилцан солилцох, гадаад болон дотоодын хамтарсан төсөл, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, хамтарсан эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг зохион байгуулах явдал юм.

Гамшиг судлалын чиглэлээр суралцаж буй бакалавр, магистрант, докторантуудад судалгаа хийх, сэдэв сонгох, лабораторийн болон хээрийн дадлага гүйцэтгэх нөхцөл боломжийг хангах, онолын болон практик мэдлэгийг дээшлүүлэх нь зайлшгүй тулгамдсан асуудал болоод байна. Магистрантуудын судалгааны чиглэл, сэдэв зөвхөн гал түймрээр хязгаарлагдах биш дээрх чиглэлүүдэд хамрагдаж байгаа нь салбарын бодлого, хөтөлбөр, хөгжлийн стратеги төлөвлөгөөтэй уялдаж хамрах хүрээ, үр өгөөж нь тэлсээр байх болно.

Манай төв Чех улсын “Реорle In Need” олон улсын байгууллагын санхүүжилтээр XААИС-ийн Мал аж ахуйн сургуультай хамтран “Зэрлэг амьтан ба мал аж ахуйн харилцан үйлчлэлийг судлах” сэдэвт төслийг 2017-2018 онд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Энэхүү төслийн хүрээнд зэрлэг амьтдын популяцийн тооллого хийх, генетикийн аргаар зэрлэг амьтдын нөөцийг үнэлэх, гамшгийн нөхцөлд зэрлэг амьтдыг хамгаалах чиглэлээр их, дээд сургуулийн оюутнуудад зуны сургалт явуулах, дээрх чиглэлд судлаачид хамтарч судалгаа хийх, гарын авлага боловсруулахаар төлөвлөн ажиллаж байна.

-МОНГОЛ УЛСАД ОЙРОЛЦООГООР 33 МЯНГА ОРЧИМ БАЙГАЛИЙН АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСОЛ ТОХИОЛДОЖ, ХОХИРЛЫН ХЭМЖЭЭ НЭГ ИХ НАЯД 70 ТЭРБУМ ТӨГРӨГ БУЮУ 600 ОРЧИМ САЯ АМ. ДОЛЛАРТ ХҮРСЭН-

-Монгол оронд төдийгүй дэлхий нийтэд тохиолдож буй гамшиг, аюулт үзэгдлийн талаарх тоо баримтыг товч дурьдвал ямар хэмжээнд байдаг бол?

-Газар хөдлөх, галт уул дэлбэрэх, ган, зуд болох, олныг хамарсан өвчин тахал гарах, ус үерийн гамшиг нүүрлэх зэрэг байгалийн гамшигт үзэгдэл нь улс орны олон зуун жилийн хөгжил, дэвшлийг ганцхан хормын дотор сүйрүүлж, олон хүний амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгийг устгаж, эдийн засаг, нийгмийн хөгжлийг хэдэн арван жилээр хойшлуулсан түүхийн олон жишээ баримт байдаг. Тиймээс өнөөдрийн энэ түвшинд хүрсэн хөгжил, дэвшлийг хэрхэн тогтвортой байлгах, цаашид яаж хөгжүүлэх, хөгжил цэцэглэлтэд ямар хүчин зүйл саад болох, сүйрүүлэх, тэдгээрийг хэрхэн багасгах, арилгах талаар аливаа улс орон өөрийн гэсэн цогц хөтөлбөр, төлөвлөгөөтэй байх ёстой. Хөгжлийн асуудал ярьж л байгаа бол гамшиг, эрсдэлийг яг ижил түвшинд хамтад нь тооцоолж байх хэрэгтэй, Өөрөөр хэлбэл, хөгжил-гамшиг гэсэн хоёр үгийг нэг тэрэгний хоёр дугуй гэж ойлгож аливаа бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэвэл үүсч болох эрсдэлийг хохирол багатай даван туулах боломжийг тооцох хэрэгтэй.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд дэлхий нийтэд гамшгийн улмаас 700 гаруй мянган хүн амь насаа алдаж, 1.4 сая гаруй хүн гэмтэж бэртэн, 23 сая орчим хүн орон гэргүй болсон байна. 1.5 тэрбум гаруй хүн гамшигт ямар нэг байдлаар нэрвэгдсэн. Нийт учруулсан хохирлын хэмжээ нь 1.3 их наяд ам.доллар байна. Тэгвэл Монгол Улсад ойролцоогор 33 мянга орчим байгалийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, 2237 хүний амь нас эрсдэн, 12.1 сая мал хорогдож, нийт учруулсан хохирлын хэмжээ нэг их наяд 70 тэрбум төгрөг буюу 600 орчим сая ам.долларт хүрсэн байна. Энэ их хохирлын хэмжээ нь орчин үеийн иж бүрэн тоноглосон хүүхдийн цэцэрлэг 300 орчмыг барьж байгуулах хөрөнгөтэй тэнцэж байна гэсэн судалгаа байгааг анхаарч үзэх ёстой.

-Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг та юу гэж харж байна вэ?

-Онцгой байдлын алба бол зарласан биш зарлаагүй дайнтай тэмцдэг төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага. Гамшгаас хамгаалах эрх зүйн бичиг баримт хангалттай гарсан. Манай орны хувьд өргөн дэлгэр нутаг дэвсгэртэй, олон зуун жил нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэн, хүн ард нь зан төлөв, харьцааны хувьд уужуу тайван, тархай бутархай суурьшил болон дэд бүтэц харьцангуй сул хөгжсөн зэрэг онцлогоос үүдэн байгалийн гамшигт үзэгдэлд бага өртдөг нь ажиглагддаг. Өнөөдрийн хувьд хүн амын төвлөрөл, суурьшил, дэд бүтэц, хот төлөвлөлт, уул уурхай, хүлэмжийн хийн улмаас үүдэлтэй байгаль цаг уурын өөрчлөлт, бэлчээрийн доройтол, агаарын бохирдол зэрэг нь гамшигт үзэгдлийн одоо болон ирээдүйн угтвар нөхцөл болж өгдөг. Иймд аливаа гамшиг тохиолдсон үед биш тохиолдож болох боломж нөхцлийг бууруулах чиглэлд иргэдийг сургаж дадлагажуулах асуудал чухал. Гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх сургалтыг бага насны хүүхдүүдэд цэцэрлэгийн наснаас нь эхэлж шат дараатайгаар олгох нь тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чухал гарц гэж хардаг. Бага насандаа болон сургуулиас олж авсан мэдлэг боловсрол хүний насан туршид хадгалагддаг төдийгүй найз нөхөд, аав, ээж, ах, дүү нартаа олсон мэдлэгээ үйл хөдлөл болон хэл яриа, тоглоом, хөдөлгөөнөөрөө түгээдэг нь чухал ач холбогдолтой юм.

-Та судалгааны ажил, эрдмийн зэрэг горилсон бүтээлийнхээ  талаар сонирхуулаач?

-Судалгааны ажил маань монгол орны бэлчээр, тариалангийн ургамлын зүйлийн бүрэлдэхүүн, тэдгээрт хор хөнөөл учруулж буй ургамлын өвчин, хортон, шавьж, мэрэгчдийн судалгааг нарийвчлан хийж ургамал хамгааллын арга технологийг боловсронгуй болгон үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд чиглэсэн бүтээл болсон. Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнд ажиллаж байх хугацаандаа Монгол орны 16 аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан 10 жилийн судалгаанд хийгдсэн хээрийн болон лабораторийн судалгааны ажлын үр дүнг нэгтгэн 2010 онд докторын зэрэг хамгаалсан.

-Таны хувьд амьтан, ургамлын судалгааг хийнэ гэдэг олон жилийн хөдөлмөр болохоор бараг хобби болсон байх?

-Амьтны зураг авах, тэр дундаа нэн ховор, ховор амьтад болон шувуудын зураг авна гэдэг ургамлын ч юм уу байгаль орчны зураг авахтай адил зүйл биш юм. Зөвхөн нэг зүйл ховор шувууны болон амьтны зураг авахын тулд тэдгээрийн амьдардаг газар нутгийг зөв тодорхойлох, нүх, үүр, жим гүйдлийг сахих зэрэг нь хэдэн цаг, хэдэн хоногийн хугацаа ч зарцуулах тохиолдол байдаг. Маш их цаг хугацаа зарцуулж ажилласан ч зөвхөн тухайн амьтны барааг нь хараад өнгөрөх ч юм уу, эсвэл өөрт олдсон тэрхэн агшинг ашиглаж чадахгүй алдах харамсалтай тохиолдол цөөнгүй гардаг. Учир нь тэд ховор, зэрлэг амьтад учраас миний өмнө зогсож зургаа авахуулахгүй нь ойлгомжтой. Аппарат, дурангаа үүрээд ямар нэгэн шувуу, амьтны араас гэтэж алхаад нэг мэдэхэд хэдэн арван км газар хоол ундгүй, ядралгүй туулсан ч авсан зураг минь тэр бүхнийг маань орлож нөхөж чаддаг нь миний “хобби”, надад өгдөг хамгийн их сэттэлийн таашаал юм. Миний гэрэл зургийн цуглуулгад 200 гаруй зүйл шувуу, 50 гаруй зүйл мэрэгч, 300 орчим зүйл шавьж, 500 орчим зүйлийн ургамал бүртгэгдсэн. Цаашид цуглуулгаа улам баяжуулж танин мэдэхүйн ном гаргах бодолтой байна.

Эх сурвалж: “Улс төрийн тойм” сонин 2017.05.30

С.Ганболд

scroll to top