Аврах тусгай ангийн түүхт 50 жилийн ойн баярын мэнд хүргэе

parad-2012-097.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Аврах тусгай ангийн түүхт 50 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Түүхэн ойг тохиолдуулан тус албанд ажиллаж байсан ахмад буурлууд, одоо ажиллаж байгаа нийт ажилтан, албан хаагчид, тэдний гэр бүлийнхэнд Онцгой байдлын байгууллагын нийт бие бүрэлдэхүүний өмнөөс халуун мэндчилгээ дэвшүүлье.

Аврах тусгай ангийн түүх намтар Онцгой байдлын албаны тулгын чулуу болсон Иргэний хамгаалалтын байгууллагын үүсэл хөгжилтэй салшгүй холбоотой билээ.

Анх 1967  оноос манай улсын тэргүүлэх зэрэглэлийн бүтэц байсан төмөр замын бүтээн байгуулалтанд гар бие оролцож, Ардын армийн төмөр замын тусгай батальоноос Аврах тусгай анги хүртэлх түүхэн замналыг туулахдаа тус ангийн албан хаагчид техникийн холбогдолтой осол, үер, цацраг, химийн хордолт, гоц халдварт өвчин, ой, хээрийн түймэр зэрэг гамшиг, ослын хөнөөлийн голомтод амь биеэ үл хайрлан зүтгэж ирсэн.

Энхийн цагт ч улс эх орны аюулгүй байдал, ард иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах үүргээ нэр төртэй, шударгаар биелүүлсээр ирсэн үе, үеийн аврагч дайчдын эр зориг, алдар гавьяаг үнэлж баршгүй юм.

Эр зоригийн бахархал, энэ цагийн манлайлал болсон аврагчдын ариун үйлс үеийн үед тасралтгүй үргэлжилж, суу алдраа мөнхөд дуурсгаж явахыг хүсэн ерөөе.

Аврагчид та бүхний цог хийморь үргэлж дээшээ байж, Онцгой байдлын албаны яруу алдар бадартугай.

scroll to top