Зуун дамжсан түүхийн эзэд баяраа тэмдэглэлээ

DSC_0050.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын харьяа, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Аврах тусгай ангийн түүхт 50 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Аврах тусгай ангийн түүхт 50 жилийн ойтой Төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, хурандаа генерал С.Равдангийн 110 жилийн ой давхцан болж буйгаараа онцлог юм.

Ардын армийн командлагчийн тушаалаар “Төмөр замын тусгай батальон” нэртэйгээр тэртээ 1967 онд анх байгуулагдаж байсан тус ангийн ойн баярын ажиллагаа ёслолын жагсаалаар эхэлсэн.

Баярын үйл ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян тэргүүтэй Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд, ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр, хурандаа генерал С.Равдан агсаны үр хүүхэд, ач, зээ нар, тус ангийн үе үеийн удирдлагууд, албан хаагчид, ахмад настнууд, ОХУ, Турк, БНСУ зэрэг улсын Элчин сайдын яамдын цэргийн атташе нарын хүндэт зочид  хүрэлцэн ирсэн юм.

Түүнчлэн ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал баярын хурал дээр хэлсэн үгэндээ, аюулт үзэгдэл, ослын голомтонд ямар ч эрсдэл бэрхшээлийг үл хайхран хуулиар хүлээсэн үүргээ эр зориг, тэсвэр хатуужил, авхаалж самбаа гарган чин шударгаар биелүүлж, гамшиг, осолд өртсөн газар бүрт авралын гараа сунгаж ирсэн тус ангийн нийт бие бүрэлдэхүүн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах, ард иргэдийнхээ эрүүл мэнд, амь нас, өмч хөрөнгийг аврах, эх болсон байгаль дэлхийгээ хамгаалах үйлсэд чин үнэнчээр зүтгэж ирснийг онцлон тэмдэглээд төрийн өмнөөс үүрэг хүлээдэг, эрхэм бөгөөд хүндтэй, хариуцлагатай, нэр төртэй та бүхний ариун үйлс, баатарлаг гавьяа үеийн үед тасралтгүй үргэлжилж, суу алдраа мөнхөд дуурсгаж явахыг хүсэн тус ангийн нийт албан хаагчдадаа хүсэн ерөөлөө.

Мөн энэ үеэр аврагчдын үзүүлсэн үзүүлэх тоглолт орчин үеийн Аврах тусгай ангийн албан хаагчдын ур чадвар, техник, технологийн дэвшилийг харуулж, олон түмний бахарлыг төрүүлсэн үзүүлбэр болсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

scroll to top