Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Салхи говь талын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж 7-12 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 градус, Алтайн өвөр говь болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 26-31 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

Улаанбаатар хотод үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. 24-26 градус дулаан байна.

Төлөв байдал: 6-нд төвийн аймгуудын хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 7-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутгаар, 9-нд нутгийн баруун хагаст бороо орно. Салхи 7-нд Алтайн салбар уулсаар, 8-нд зарим газраар, 9-нд говь талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Архангай аймгийн Түвшрүүлэх сумын Улаантолгой багийн оршин суугч Л-ийн гэрээс иргэн Ц /67 настай, эмэгтэй/, Д /68 настай, эрэгтэй/ нар 2017.05.31-ний өдөр 24-04 УБН улсын дугаартай “Спринтер” загварын автомашинтай гараад одоо болтол сураггүй байгаа тул эрэн хайх ажиллагаа зохион байгуулж өгнө үү гэсэн хүсэлтийг 2017.06.04-ний өдрийн 00:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын 7 албан хаагч, орон нутгийн 11 хүн, нийт 18 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 13:34 цагт Баян нуурын эргээс 10-15 метрийн зайтай, 3 метрийн гүнээс автомашин болон 2 цогцсыг гаргаж;

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Наран  багийн нутаг дэвсгэрт байрлах холбооны антен дээрээс /аймгийн төвөөс баруун хойд зүгт 7 км-т/ хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 2017.06.04-ний өдрийн 14:09 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн Н /21 настай, эрэгтэй/-ыг антены 15 метрийн өндрөөс буулгаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

3.Ой, хээрийн түймэр:

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Төв аймгийн Эрдэнэ сумын зааг “Арцат” уулын орчим /Төв аймгийн Эрдэнэ сумаас хойд зүгт 200 км-т, Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас зүүн урд зүгт 120 км-т, Сэлэнгэ аймгийн Мандал сумаас зүүн зүгт 110 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.17-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 12 алба хаагч, Мандал суман дахь Онцгой байдлын хэлтсийн 26 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 21 алба хаагч, Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газрын захиргааны 6 ажилтан, орон нутгийн 26 хүн, нийт 91 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр бүрэн унтраахаар ажиллаж байна.

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Уйлган багийн “Барсага” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 33 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.27-ны өдрийн 11:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 25 хүн, нийт 37 хүн, 25 морь, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 05.31-ний өдрийн 20:20 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн “Тасархай нугын Сагалдраг” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.27-ны өдрийн 21:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 32 алба хаагч, орон нутгийн 51 хүн, нийт 83 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 06.04-ний өдрийн 23:00 цагт цурманд оруулсан.

4.Объектын гал түймэр:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд гэр, байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.04-ний өдрийн 16:29 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 63 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Дархан-уул аймгийн  Дархан сумын Дархан багийн нутаг дэвсгэрт байдаг нийтийн 90 дүгээр байранд гал гарч байна гэсэн дуудлагыг 2017.06.04-ний өдрийн 09:29 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал Түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 9 албан хаагч, 2 автомашинтай;

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн Бор толгойн 43 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.04-ний өдрийн 22:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах 51 дүгээр ангийн 6 албан хаагч, 2 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top