Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Төв аймгийн зарим сумдаар түр зуурын бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, төвийн аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар зүүнээс 6-11 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар 20-25 градус, Орхон-Сэлэнгэ, Туул голын сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Улаанбаатар хотод Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс 4-9 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. 27-29 градус дулаан байна.

Төлөв байдал:  13-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд зүүн аймгуудын нутгаар, 16-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 13,16-нд зарим газраар, 14,15-нд Говь тал хээрийн нутгаар түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна. 13,16-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх ажиллагаа: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охинды багийн, “Орхоны гүүр” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 7 км-т/ иргэн П /21 настай, эрэгтэй/ “Орхон” голд осолдсон тухай дуудлагыг 2017.06.11-ний өдрийн 15:37 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 12 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 06.11-ний өдрийн байдлаар тус багийн “Орхоны гүүр” гэдэг газраас тус сумын төв хүртэл усаар болон явганаар 21 км зайд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан.

Ус, цас, шаварт саатсан: Архангай аймгийн Цэнхэр сумын Баянбулаг багийн “Суваргын гарам” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 15 км-т/ иргэн Г-гийн 94-32 УБВ улсын дугаартай “Тоёота Прадо” загварын суудлын автомашин “Могойн” голд суусан тухай дуудлагыг 2017.06.11-ний өдрийн 23:26 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 3 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж автомашиныг голоос татан гаргасан.

3.Аюулт үзэгдлийн талаар:

Газар хөдлөлт: Өвөрхангай аймгийн Богд сумын Өлзийт хошуу багт /сумын төвөөс баруун зүгт 55 км-т Ө.44065/00//, У.101049/00/// 2017.06.11-ний өдрийн 22:15 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын ЗДТГ-ын даргаас тодруулахад иргэдэд бага зэргийн чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй гэж мэдээлсэн.

4.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: 

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн “Цуурайн-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 62 км-т/ малчин Б-гийн 24 үхэр мал, амьтны гоц халдварт “Боом” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, аймгийн МЭАЦЛд шинжлүүлэхэд 06.10-ны өдрийн 17-121 тоот хариугаар “Боом” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Өлзийт хошуу багийн “Хонгорын-Ар суурь” гэдэг газар малчин Б-гийн 1 нохой 2017.06.04-ний өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.06-ны өдрийн 17-142 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Баяннуур багийн “Мэндийн хөтөл” гэдэг газар малчин Ш-ийн 1 хонь 2017.06.07-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.08-ны өдрийн 17-1209 дүгээр хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

5.Ой, хээрийн түймэр:

Асч байгаа: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Тавин багийн “Гэр чулуут” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 62 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.08-ны өдрийн 09:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 22 алба хаагч, орон нутгийн 26 иргэн, нийт 48 хүн, 2 техник хэрэгсэлтэй;     

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн “Дааган дэл” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.11-ний өдрийн 19:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 23 иргэн, Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газрын 7 ажилтан, нийт 42 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр тус тус унтраахаар ажиллаж байна.

Цурманд оруулсан: Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Төв аймгийн Эрдэнэ сумын зааг “Арцат” уулын орчим /Төв аймгийн Эрдэнэ сумаас хойд зүгт 200 км-т, Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас зүүн урд зүгт 120 км-т, Сэлэнгэ аймгийн Мандал сумаас зүүн зүгт 110 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.17-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 12 алба хаагч, Мандал суман дахь Онцгой байдлын хэлтсийн 27 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 21 алба хаагч, Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газрын 4 ажилтан, орон нутгийн 3 хүн, нийт 67 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.07-ны өдрийн 21:08 цагт;

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, “Бумбатын-Ам” гэдэг газар ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 2017.06.10-ны өдрийн 09:01 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 21 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж, 06.10-ны өдрийн 15:00 цагт;

Мөн дүүргийн 25 дугаар хороо, “Хустайн-Ам”, “Төмөртийн цоорхой” гэдэг газар ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 2017.06.10-ны өдрийн 18:54 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 алба хаагч, нэмэлтээр Аврах тусгай ангийн 24 алба хаагч, орон нутгийн 8 иргэн, нийт 58 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.11-ний өдрийн 10:30 цагт;

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын “Зайсангийн-Ам” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.08-ны өдрийн 13:57 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 45 алба хаагч, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.08-ны өдрийн 19:50 цагт;

Мөн дүүргийн 11 дүгээр хороо “Түргэний-Амны дээд эх Баруун ширээт” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.10-ны өдрийн 18:47 цагт хүлээн авч Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн 12 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.10-ны өдрийн 22:33 цагт цагт тус тус цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Унтарсан: Төв аймгийн Баянцогт сумын Гуна багийн “Баруун салааны-Эх” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 27 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.09-ний өдрийн 19:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 60 хүн, нийт 72 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.11-ний өдрийн 20:10 цагт бүрэн унтрааж, тус сумын Байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгсөн.

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Чандмань-Овоо”  гэдэг газар /сумын төвөөс зүүн урагш 250 кмт/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.11-ны өдрийн 16:50 цагт хүлээн авч Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Хилийн 0146 дугаар ангийн 21 алба хаагч, орон нутгийн 17 иргэн, нийт 50 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.12-ны өдрийн 05:35 цагт бүрэн унтрааж, Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгсөн.

6.Объектын гал түймэр:

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 8 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.11-ний өдрийн 18:37 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай;

Төв аймгийн Баян сумын Өгөөмөр багийн “Төгрөг” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 67 км-т/ “Хүмүүн Майнинг” ХХК-ийн нүүрсний уурхайд экскаватор шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.11-ний өдрийн 19:25 цагт хүлээн авч Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай;

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон багийн хуучин төв номын сангийн барилгын дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.11-ний өдрийн 19:38 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай;

Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн багийн “Номуун” хороололд гэр, байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.11-ний өдрийн 00:36 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top