Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар түр зуур 16-18 м/с хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын саваар 21-26 градус, бусад нутгаар 28-33 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс 5-10 м/с, зарим үед 15-17 м/с хүрч шороон шуурга шуурна. 29-31 градус дулаан байна.

Төлөв байдал: 14-нд төвийн аймгуудын, 15-нд зүүн аймгуудын, 16-нд төв болон зүүн аймгуудын, 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 6-11 м/с, борооны өмнө салхи түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсч Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус, говь, талын нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн “Хувтын гол” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд  зүгт 30 км-т/ иргэн Ш /24 настай, эрэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/ 2017.06.12-ны өдрийн 08:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 06.12-ны өдрийн 22:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, орон нутгийн 13 иргэн, нийт 19 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр Хувтын гол, Өгөөмөр гэдэг газруудад эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Уснаас эрэн хайх ажиллагаа: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охинды багийн “Орхоны гүүр” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 7 км-т/ иргэн П /21 настай, эрэгтэй/ “Орхон” голд осолдсон тухай дуудлагыг 2017.06.11-ний өдрийн 15:37 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 12 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 06.12-ны өдрийн байдлаар тус багийн Улаан гүүр-34 дүгээр точик-Манжийн толгой гэсэн маршрутаар усаар болон явганаар нийт 85 км зайд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туул тосгоны нутаг дэвсгэрт байрлах хайрганы үйлдвэрийн тогтоол усанд 2 хүүхэд осолдсон тухай дуудлагыг 2017.06.12-ны өдрийн 17:32 цагт хүлээн авч нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн Х /15 настай, эрэгтэй/, Т /10 настай, эрэгтэй/ нар тогтоол усанд осолдож нас барсан тул цогцсыг гарган дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагчид хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Туул Гарден” амралтын газрын харалдаа Туул голд хүн живсэн тухай дуудлагыг 2017.06.12-ны өдрийн 20:40 цагт хүлээн авч мөн ангийн 7 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн Ж /23 настай, эрэгтэй/ живж нас барсан тул цогцсыг гарган дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Б.Чинбатад хүлээлгэн өгсөн.

Аврах ажиллагаа: Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 40 дүгээр байранд хүүхэд цоожлогдсон тухай дуудлагыг 2017.06.12-ны өдрийн 17:32 цагт хүлээн авч мөн ангийн 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, А /5 настай, эмэгтэй/, Б /2 настай, эмэгтэй/ нар цоожлогдсоныг аюулгүй болгож ээж Х-д хүлээлгэн өгсөн.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн 12 дугаар байрны 4 дүгээр давхраас хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 2017.06.12-ны өдрийн 22:48 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 3 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн Ө /24 настай, эмэгтэй/-г цонхоор орж аюулгүй болгон цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

3.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: 

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн “Цуурайн-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 62 км-т/ малчин Б-гийн 24 үхэр мал, амьтны гоц халдварт “Боом” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, аймгийн МЭАЦЛд шинжлүүлэхэд 06.10-ны өдрийн 17-121 тоот хариугаар “Боом” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Өлзийт хошуу багийн “Хонгорын-Ар суурь” гэдэг газар малчин Б-гийн 1 нохой 2017.06.04-ний өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.06-ны өдрийн 17-142 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Баяннуур багийн “Мэндийн хөтөл” гэдэг газар малчин Ш-ийн 1 хонь 2017.06.07-ны өдөр галзуу өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 06.08-ны өдрийн 17-1209 дүгээр хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4.Ой, хээрийн түймэр:

Асч байгаа: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Тавин багийн “Гэр чулуут” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 62 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.08-ны өдрийн 09:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 22 алба хаагч, орон нутгийн 26 иргэн, нийт 48 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн “Дааган дэл” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.11-ний өдрийн 19:40 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 24 алба хаагч, аймгийн Онцгой байдлын газрын 22 алба хаагч, орон нутгийн 44 иргэн, Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газрын 7 ажилтан, нийт 97 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр;

Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол багийн “Сөгнөгөр” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 50 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.12-ны өдрийн 12:39 цагт хүлээн авч мөн ангийн 13 алба хаагч, орон нутгийн 10 иргэн, 10 морьтой, нийт 23 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр;    

Мөн аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Шороотын даваа” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.12-ны өдрийн 12:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, орон нутгийн 10 иргэн, 10 морьтой, нийт 34 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Эг-Тарвагатайн бэлчир” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 90 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.12-ны өдрийн 18:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, орон нутгийн 25 иргэн, нийт 49 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр;  

Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн “Нарийн хамрын манхан” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 70 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.12-ны өдрийн 20:11 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, орон нутгийн 40 иргэн, нийт 64 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр тус тус унтраахаар ажиллаж байна.    

Цурманд оруулсан: Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Төв аймгийн Эрдэнэ сумын зааг “Арцат” уулын орчим /Төв аймгийн Эрдэнэ сумаас хойд зүгт 200 км-т, Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас зүүн урд зүгт 120 км-т, Сэлэнгэ аймгийн Мандал сумаас зүүн зүгт 110 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.17-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 12 алба хаагч, Мандал суман дахь Онцгой байдлын хэлтсийн 27 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 21 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газрын 4 ажилтан, орон нутгийн 3 хүн, нийт 88 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.07-ны өдрийн 21:08 цагт цурманд;

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, “Бумбатын-Ам” гэдэг газар ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 2017.06.10-ны өдрийн 09:01 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 24 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж, 06.10-ны өдрийн 15:00 цагт цурманд;

Мөн дүүргийн 25 дугаар хороо, “Хустайн-Ам”, “Төмөртийн цоорхой” гэдэг газар ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 2017.06.10-ны өдрийн 18:54 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 11, 29 дүгээр ангийн 24 алба хаагч, орон нутгийн 8 иргэн, нийт 32 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.11-ний өдрийн 10:30 цагт цурманд;

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын “Зайсангийн-Амны Дугуй цагаан хад” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.08-ны өдрийн 13:57 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 дугаар ангийн 60 алба хаагч, 9 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.08-ны өдрийн 19:50 цагт цурманд;

Мөн дүүргийн 11 дүгээр хороо “Түргэний-Амны дээд эх Зүүн ширээт” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.06.10-ны өдрийн 18:47 цагт хүлээн авч НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10, 18, 34 дүгээр ангийн 33 алба хаагч, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.10-ны өдрийн 22:33 цагт цурманд тус тус оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

5.Объектын гал түймэр:

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Зүүнсайханы 8 дугаар багийн мод үржүүлгийн 1 дүгээр гудамжинд 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.12-ны өдрийн 10:13 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай;

Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн Хараагийн 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.06.12-ны өдрийн 13:59 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай;

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 хороо, Залуус хорооллын 48/а байрнаас утаа гарч байна гэсэн дуудлагыг 2017.06.12-ны өдрийн 19:51 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай тус тус ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Э /55 настай, эрэгтэй/ угаартсан байсныг гаргаж, НЯТТ-ийн 103-ын эмчид хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top