СУРВАЛЖЛАГА: Таны зураад хаясан чүдэнз 140 эрийг нойр хоолгүй ажиллуулж байна

9X1A6404.jpg

Нийслэлийн хэмжээнд он гарсаар ой түймрийн 16 дуудлагатай ирсэнээс одоогийн байдлаар зургаан галыг бүрэн унтраахаар онцгой байдлын алба хаагчид нойр хоолоо хасан ажилласаар байна. Энэ зургаан гал дөнгөж зургаан сар гарсанаас хойш гарсан аж. Хэдий зун болсон ч гэсэн хаврын хуурайшилтын үе дуусаагүй, хур бороогүй, чийггүй байгаа учраас түймэр ойр ойрхон гарч байгааг албаныхан хэлж байна.Угтаа урьдчилан сэргийлэх ажиллагаа байнга явуулж, түймэр гараад байгаа хэсэг болох Богд уулын Баруунширээт ормын явган аялагчдын замыг түр хаах хүртэл арга хэмжээ авсан ч Богд уул руу алхалт хийхийг хориглосон байгааг үл тоон аялагчид тасрахгүй байгаа нь Баруунширээт ууланд очих үед харагдав.

Манай сурвалжлах баг тус уулын оройд түймэр унтрааж буй онцгой байдлын алба хаагчдын ажиллаж буй нөхцөл байдалтай танилцахаар Нийслэлийн онцгой байдлын албаны хүмүүстэй уулын орой руу цаг гарангийн хугацаанд алхалт хийлээ. Орой дээр гарахад хэд хоногийн түймрийн хар утаанд харлаж, тортогжсон царайтай алба хаагчид биднийг угтав. Өөрийн биеийг үл хайрлан зүтгэж буй эдгээр алба хаагч та бидний санамсар болгоомжгүйн улмаас зурж хаясан нэг чүдэнзний хор хөнөөлийг устгаж, нийслэлийн ногоон бүсээ гал түймрээс авран хамгаалахаар Улсын онцгой комисс, Нийслэлийн засаг дарга, Онцгой байдлын газрын даргын тушаал даалгаварыг гүйцэтгэж буй нь энэ юм.

-ОНЦГОЙ БАЙДЛЫНХАНЫ АР ГЭРИЙХЭН НЬ Ч “ОНЦГОЙ” БАЙДАЛТАЙ АМЬДАРДАГ-

Баруунширээт уулын оройд гарсан түймрийг уг нь өнөөдөр гэхэд бүрэн унтрааж хүлээлгэж өгөхөөр тэд ажиллаж байв. Гэтэл биднийг сурвалжлагаар очихын өмнөхөн уулын цаанаа 500-аад метрийн зайнд дахин нэг түймэр гарсан учраас алба хаагчид хэд хоног сунаж ажиллахаар болсон юм. Тэнд нийслэлийн Хан-Уул болон Чингэлтэй дүүргийн гал унтраах найман анги салбараас нийт 140 гаруй алба хаагч ажиллаж байгаа бөгөөд эхнэрүүд нь эр нөхрөө, хүүхдүүд аавыгаа эргэж ирж уулзаж байхтай нь бид тааралдав. Онцгой байдлын алба хаагч хэмээх онцгой бэлэн байдалтай байх ёстой албыг нэгэнт сонгочихсон энэ эрсийн ар гэрийхэн нь ч мөн л “онцгой” байдалд амьдардаг бололтой. Өчигдөрхөн гал унтраагчдын нэгнийх нь эхнэр төрөх гээд өвдсөн гэнэ. Ахалж байгаа хүн нь түүнийг явж болно гэж хэлсэн ч  “энэ хэдийгээ орхиод яаж явах вэ. Хүн хүч дутуу байхад галаа унтраагаад нэгмөсөн бууя” гэсэн гэх юм. Эхнэрээ боддоггүй хүн үү гэж зэмлэмээр байв ч эх орныхоо сөөм газрыг ч гэсэн галын аюулаас аваръя гэсэн халуун сэтгэл тэр хүнд байна гэж бодохоор бахархмаар.

-МОДНЫ ҮНДЭС БҮРИЙГ ЯМАР Ч УТААГҮЙ, НУРАМГҮЙ, ЦОГГҮЙ БОЛГОХ ЁСТОЙ-

Нийслэлийн ногоон бүс уг нь бага. Тиймээс ч нийслэлд гарсан аливаа гал түймрийг ор үндэсгүй бүрэн унтраах үүргийг Нийслэлийн онцгой байдлын алба хаагчид хүлээжээ. Өөрөөр хэлбэл онцгой байдлын алба хаагчид түймрийг цурманд оруулаад орхихгүй. Заавал бүрэн гүйцэт унтрааж, мод болгоныг үндэс болгоноор нь унтрааж утаагүй, нурамгүй, цоггүй болгож байж байгаль хамгаалагчид нь хүлээлгэж өгдөг юм байна. Харин орон нутагт гарсан галыг цурманд нь оруулаад тухайн орон нутгийн байгаль орчны газарт хүлээлгэж өгдөг хууль журамтай юм билээ. Сүүлийн гурван жилд нийслэлд түймэр харьцангуй бага гарчээ. Ер нь арав дотор л байсан гэдгийг Нийслэлийн онцгой байдлын газрын гал унтраах асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн дэд хурандаа Д.Мөнхсайхан хэлж байна. Гэтэл энэ жил түймрийн тоо олон байхаас гадна нэг газарт маш ойр ойрхон зайнд хэд хэдэн түймэр ассан аж.

Ойр ойрхон гарч буй эдгээр ойн түймэр 5 га, 3 га гээд тархалтын хэмжээ харьцангуй бага байгаа хэдий ч газрын хөрс чийггүй учраас модны, өвс ногооны үндэсээр дамжаад гүн рүүгээ шатаад байгаа юм байна. Тиймээс түймрийг бүрэн гүйцэд унтраахад хүндрэлтэй байгааг алба хаагчид ярьж байв.Улмаар түймрийг унтраахын тулд хөрсний шороог нь хүртэл сэндийчиж, хүйтэн ус хийж зуурч байж унтрааж байлаа. Зүгээр дээрээс нь ус хийгээд гал унтарчихдаг юм шиг санадаг байсан бидний хэдэн нөхөд ингэж их хөдөлмөр гаргаж буй алба хаагчдыг хараад өрөвдөх сэтгэл төрсөнийг хэлэх хэрэгтэй биз.

-500 МЕТРЭЭС НЭГ КМ ОРЧИМ ЗАЙНД ГАРААР УС ЗӨӨЖ БАЙНА-

Гал унтраахад цаг хугацаа, хүн хүчнээс гадна хамгийн гол зүйл бол ус. Баруун ширээт уулын оргилд гал унтрааж байгаа алба хаагчдын хувьд усны асуудал маш хүндрэлтэй байгааг дуулгалаа. Тэд уул даваад цаана нь байх Төв аймгийн Жаргалант сумын худгаас ус авч туулах чадвар сайтай портер-2 гэх машинуудаар усыг дамжуулан шахах замаар ус авч байгаа аж.

Сүүлийн үед онцгой байдлын алба хаагчдын хэрэглэдэг техник, тоног төхөөрөмжийн хүчин чадал харьцангуй сайжирчээ. Тухайлбал хүчин чадал сайтай портер-2 маркын машин нь 500 метрийн зайнаас ус татах хоолой бүхий учраас хэсэгхэн зайнд ч гэсэн гараар ус зөөх ажиллагааг хөнгөвчилж байгаа юм билээ. Манай алба хаагчид 500 метрийн урттай хоёр хоолойгоо нийлүүлэн нэг км орчим газарт усаа татаж аваад тэрнээс цаашлаад уулын орой хүртэл таван машинаар явж чадах хэмжээ хүртэл нь зөөвөрлөөд, хамгийн сүүлд гал хүртэл 500 метрээс нэг км орчим зайнд гал унтраагчид 20 литрийн канесртаар гар аргаар зөөвөрлөж байв.

-ТЭДЭНД ХООЛНЫ ЦАГ ГЭЖ БАЙДАГГҮЙ-

Түймэр дөрөв дэхь өдрөөс асч эхэлсэн бөгөөд алба хаагчид ажлын байрандаа байхдаа шууд дуудагдан явсан учраас ар гэрийнхэнтэйгээ ч уулзалдалгүй энд ирцгээжээ. Тэд тав хоног уулын оройд байрлан түймэр унтрааж байгаа бөгөөд энэ хугацаанд ядарч сульдсан байх нь харагдана. Хоол ундны хувьд Хан-Уул дүүргийн онцгой байдлын хэлтэстээс дүүргийн засаг даргын захирамжаар шатахуун болон хоолны асуудлыг шийдвэрлэж байгаа юм байна. Тэд өдрийн хоёроос гурван хоолтой. Хоолны цаг гэж байдаггүй. Түймрийн нөхцөл байдлаас хамаарч салхигүй тогтуун үед юм уу эсвэл орой үзэгдэх орчин хязгаарлагдах үед л сая амсхийж, цай хоолтойгоо золгодог бололтой. Тэдний ажил албаны хүнд хэцүүг ойлгож, сэтгэлээрээ туслах монголчууд цөөнгүй. Уул руу авиралт хийхээр гарч ирсэн хүмүүс цэвэр уснаасаа илүүчилдэг гэх. Мөн уржигдархан “Утааны эсрэг аав ээжүүд” гэх фэйсбүүк группынхэн тэдэнд хоол унд хүргэж өгч, бага ч болов дэм болж чаджээ.

Одоо тэд дахин хоёроос гурван хоног ажиллана. Тэгэхээр бараг бүтэн долоо хоног уулын оройд нойр хоолоо хасан бидний аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байна гэсэн үг. Энэхүү сурвалжлагаараа онцгой байдлын албан хаагчдын ажлын хүнд хэцүүг уншигч танд ойлгуулахыг зорьсон билээ. Тиймээс амарч, аялагч хүн та галын аюулаас үргэлжид сэрэмжилж, онцгой байдлын алба хаагчдын хүнд хэцүү ажлыг  төсөөлөн бодож, тэднийгээ хайрлаж өрөвдөж байхыг хичээнгүйлэн хүсье.

Б.ЦЭЛМЭГ

Эх сурвалж: Мэдээ.мн

scroll to top