Гал түймэр унтраах үйл ажиллагааг газар дээр нь мэргэжлийн удирдлага, арга зүйгээр ханган ажиллаж байна

GJ1A6766-1.jpg

Үйлдвэрийн зориулалттай тус байгууламж нь 1981 онд баригдсан 2 давхар төмөр бетон хана, тулгуур баганатай, тэнхлэгээрээ урт нь 198 м, өргөн нь 126 м, эргэн тойрондоо авралтын 9 гарцтай, шатах материал ихтэй байсан тул шаардагдах хүч хэрэгслийг яаралтай төвлөрүүлж, гал түймэр унтраах штаб байгуулан тархалтыг зогсоох арга хэмжээг авахын тулд гал түймэр унтраах хэсгүүдийг тус обьектын зүүн талд 2, хойд талд 1, баруун талд 2-ыг тус тус байгуулан ажиллаж байна.

Онцгой байдлын байгууллагын гал түймэр унтраах аврах 11 ангийн 19 тасаг гал унтраах зориулалтын 31 автомашин, 158 албан хаагч, Ус сувгийн удирдах газраас 12, нийслэлийн хот тохижилт үйлчилгээний газраас 8, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгээс 18, цагдаагийн байгууллагаас бүрдсэн 200 гаруй албан хаагч ажиллаж байна.

Гал түймэр унтраах бодис их хэмжээгээр шаардлагатай байсан тул Ус сувгийн удирдах газраас 5 тн-ы багтаамжтай ус тээвэрлэгч 11, хот тохижилтын газраас 7 тн-ы багтаамжтай ус тээвэрлэгч 6, Улаанбаатар төмөр замаас 68 тн усны савтай вагонцистерн зэргийг хүч нэмэгдүүлэн ажиллуулж байна.

  Гал түймэр унтраах автомашиныг сэлгэн байрлуулах боломж хязгаарлагдмал, галын тархалт маш эрчимтэй явагдсан, галын ачаалал ихтэй, олон давхарлагдаж зузаарсан хар цаасанд задаргаа хийхэд хүндрэлтэй, нягт ихтэй хорт хий, утаа их хэмжээгээр ялгарч байсан.  

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүү болон ГУХ-ийн дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр, НОБГ-ын дарга, хурандаа Н.Уламбаяр, дэд дарга, хурандаа Д.Эрдэнэбаатар нараар ахлуулсан бүрэлдэхүүн гал түймэр унтраах үйл ажиллагааг газар дээр нь мэргэжлийн удирдлага, арга зүйгээр ханган ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top