Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал, ОБЕГ-ын БЗХАГ-ын дарга, дэд хурандаа Л.Өлзийбаяр нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Баянхонгор, Говьсүмбэр аймагт ажиллалаа. Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын хамт олон улсын төсөв харж суулгүй, орон нутгийн дэмжлэг, өөрсдийн дотоод нөөц бололцоонд тулгуурлан 25 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан, спорт заал, автограж барьж өөрсдийн ажиллах таатай орчныг бүрдүүлэхэд чармайн ажиллаж байгааг бригадын генерал Т.Бадрал сайшааж байлаа.
ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал бие бүрэлдэхүүнтэй уулзаж, тэдний санал сэтгэгдлийг сонсч, Онцгой байдлын байгууллагын цаашдын зорилго үйл ажиллагаа болон алба хаагчдын нийгмийн асуудлыг дээшлүүлэхэд албаны зүгээс авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл хийсэн юм.
Мөн ОБЕГ-ын БЗХАГ-ын дарга, дэд хурандаа Л.Өлзийбаяр шинээр батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хууль болон орон нутагт байгуулсан бүсийн төвүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, албан хаагчдын сонирхсон асуултад хариулт өглөө.
Бригадын генерал Т.Бадрал, албан хаагчдын тавьсан санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж ажиллахаа хэлсэн. Мөн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд тус газраас албан хаагч оролцуулах, зарим орон тооны нөхөн хангалтыг яаралтай шийдвэрлүүлж ажиллахыг үүрэг болголоо.
Мөн тус хамт олон ард иргэдийг болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллээр хангах зорилгоор байгууллагын цахим хуудас болон албаны бэлэн байдлыг дээшлүүлэх, албан хаагчид өөрсдийн хувийн мэдээллийг гар утсан дээрээ хянаад явах, гамшиг, ослын голомтын байршлыг тогтоох зэрэг олон төрлөөр ашиглах боломжтой мобайл апплейкшныг шинээр хийлгэн тогтмол ажиллуулж эхэлсэн нь бусад аймгуудад жишиг болохуйц ажил болж чаджээ.
Спорт заалны гүйцэтгэл 95 хувьтай, дотоод заслууд хийгдсэн, одоогоор заалны шалны ажил хийгдэж байгаа юм байна. Албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх уралдаан тэмцээнүүд зохион байгуулахаас гадна, албан хаагчид гал унтраах техникийн олон төрөлт спортын бэлтгэл сургуулилтаа спорт зааландаа хийнэ.
Мөн аймгийн төрийн болон төрийн бус байгууллагатай спорт заал ашиглах гэрээ байгуулсан, ирэх 07 дугаар сараас эхлэн иргэдэд үйлчилж эхлэх юм байна.
Бригадын генерал Т.Бадрал, шинэ орон сууцандаа орж төвхнөсөн албан хаагчдынхаар орж аврагчдын ахуй амьдралтай танилцахын зэрэгцээ удахгүй нээгдэх спорт заалны нээлтийн туузыг урьдчилан хайчилж, албан хаагчдад ажлын амжилт хүслээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.