2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр “Говь” ХХК-ийн үйлдвэрийн барилгад гарсан гал түймрийг унтраахад сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлж, нийгмийн хариуцлагаа биелүүлэн хамтран ажилласан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд Онцгой байдлын ерөнхий газраас “Талархал” гардууллаа. Энэхүү талархлыг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян өнөөдөр гардуулан өглөө.
“Говь” ХХК-ийн үйлдвэрийн барилгад гарсан галыг унтраахад Ус сувгийн удирдах газар, Нийслэлийн Хот, тохижилтын газар, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг, Нийслэлийн Цагдаагийн газар, Замын цагдаагийн газар зэрэг байгууллагууд хамтран ажилласан бол “АПУ”, “Жүр үр”, ”Монфрэш”, “Түмэн шувуут” ХХК зэрэг аж ахуйн нэгж, байгууллагаас Онцгой байдлын албаны албан хаагчдад сэтгэл санааны болон эд материалын дэмжлэгийг үзүүлж ажилласан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.