ОБЕГ-ын даргын 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/151 дүгээр тушаалаар Төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагад офицер, ахлагчийн албан тушаалд томилогдон ажиллаж байгаа зарим албан хаагчдад цэргийн нийтлэг дүрмүүдийн мэдлэг, цэрэгжилт жагсаалч байдлыг олгож хэвшүүлэх, онцгой байдлын албаны ёс зүйн хэм хэмжээ, албаны онцлогийг таниулах, цэргийн хэргийн ур чадвар, дадлага олгох зорилгоор цэргийн хэргийн мэдлэг олгох анхан шатны “ЦХМ-17-1” сургалтыг өнөөдөр эхлүүллээ.
Сургалтын нээлтэд ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга дэд хурандаа Б.Үнэнбаатар оролцож, нийт албан хаагчдад хандан, цэргийн албан хаагчийн ёс зүй, хариуцлагыг баримтлан зохион байгуулалттай, сахилга баттай оролцохыг үүрэг болгон сургалтдаа амжилт гаргахыг хүслээ.
“ЦХМ-17-1” сургалтыг 2017 оны 06 дугаар сарын 20-ний өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаагаар ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангид зохион байгуулах юм.
Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын 50 албан хаагч хамрагдаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.