Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан ажлын хэсэг зүүн аймгуудад ажиллалаа.
Энэ үеэр бүсийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. Мөн алба хаагчдад Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын зүгээс алба хаагчдийн нийгмийн асуудлын хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажил, цаашдын зорилт, шинэчлэн батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хуулийн болоод эрхзүйн шинэчлэлийн талаар мэдээлэл хийлээ.
Хэнтий аймгийн хувьд энэ жил Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн шинэ барилгыг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа бол зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газар аймгийн Онцгой комиссын зургаан удаагийн хуралдаанаар Мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардагдах 8,6 сая төгрөг, хоёр суманд Гамшгаас хамгаалах иж бүрэн болон команд штабын дадлага, сургуулийг зохион байгуулахад 2,1 сая төгрөг, Улсын хилийг хялбаршуулсан журмаар нэвтэрч түймэр унтраах дадлага сургуулийг зохион байгуулахад 583 мянган төгрөг нийт 11 сая төгрөгийг Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс шийдвэрлүүлэн ажилласан талаар мэдээллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.