“Говь” компанийнхан сэтгэлийн үгээ дайв

p1bjeurju4ts12791ihrneorf01.jpg

“Говь” компанийн үйлдвэрийн байрны дээврийн хэсэгт энэ сарын 14-ний 20.45 цагийн орчимд гал гарч, олон хүний сэтгэлийг зовоож багагүй хэмжээний хохирол учирсан. Тэгвэл тус компани засвараа бүрэн хийж, хэвийн ажиллаж эхэлжээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, гэнэтийн эрсдэлийг богино хугацаанд давж, үйл ажиллагаагаа эхлүүлж чадсанд баяр хүргэж, амжилт хүссэн. Тэрчлэн галын мэдээ монголчууд төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд байсан. Богино хугацаанд үйлдвэрээ засварлаж үйл ажиллагаагаа эхлүүлж чадаж байна гэдэг гадаадын болон дотоодын захиалагч, хэрэглэгчдийнхээ захиалгыг цаг хугацаанд нь  нийлүүлэх боломжтой болж байна гэсэн үг. “Говь” компани 1700 гаруй хүнийг ажлын байраар хангадаг, 160 мянган малчин өрхөөс жилд 750 мянган тонн түүхий ноолуур худалдан авч боловсруулдаг, улсад жилд 13 тэрбум төгрөгийн татвар төлдөг, Монголыг дэлхийд сурталчилдаг үндэсний брэнд, манай улсын шилдэг аж ахуйн нэгж. Ийм учраас Засгийн газар “Говь” ХК-д дэмжлэг үзүүлсэн гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэжээ.

Цаашлаад шуурхай ажиллаж үндэсний том үйлдвэрээ эрсдэлээс аварч чадсан Онцгой байдлын ерөнхий газар, гал сөнөөгч залууст Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат талархал илэрхийлж, монголчууд гар сэтгэл нийлж, хамтарч ажиллавал эрсдэлийг богино хугацаанд давах боломж байна гэдгийг энэ үйл явц харуулж байна” гэсэн. “Компанийн дээврийг засч байх явцад гал гарч 23 мянган ам.метр талбай бүрэн шатсан. Онцгойгийнхон цаг алдалгүй унтрааж чадсаны хүчинд үйлдвэрийн үйл ажиллагаа бүрэн жигдэрчээ. Галын голомтод бүх нөөц бололцоо, хүчээ дайчлан ажилласан Онцгой байдлын ерөнхий газар, Ус сувгийн удирдах газар, Хот тохижилтын газар, Улаанбаатар төмөр зам, Хан-Уул дүүргийн цагдаагийн бие бүрэлдэхүүн болон тусламжийн гараа сунган туслалцаа үзүүлсэн албан байгууллагуудад тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Баатарсайхан талархал илэрхийлэв.  Мөн “Говь” компанид туслах хандивын дансанд цугласан 16 сая төгрөгийг ОБЕГ-т хандивлана гэлээ. Түүнчлэн Хөгжлийн банкнаас авсан зээлийн хугацааг сунгахад Засгийн газар дэмжиж байгаа. Гал гарсан тэр шөнө Ерөнхий сайд Онцгойгийнхонтой холбогдож, үүрэг даалгавар өгч байсан төдийгүй өнөөдрийг хүртэл манай асуудлыг анхааралдаа авч, дэмжлэг үзүүлсэнд талархаж байна гэж Ц.Баатарсайхан энэ үеэр онцолсон юм. Энэ үеэр “Говь шатлаа” гэсэн мэдээллийг нийт монголчууд сэтгэл зовж хүлээж авсан. Манай хамт олон ард түмэндээ талархаж байгаа. Үйлдвэрээ хурдан хугацаанд засварлаж ашиглалтад оруулснаа монголчууддаа барьж буй бэлэг гэж бодож байна. Бид улам хичээж ажиллана гэж компанийн хамт олон хэлжээ.

Эх сурвалж: Улс төрийн тойм 2017-6-27

scroll to top