Баасан гарагт Туул голыг зорилоо. Амралт зугаалгын улирал эхэлсэн гэсэн шиг биднийг очиход хүүхдийн цангинасан дуу, усны хоржигнох чимээтэй хослон сонсогдож, энд тэндгүй ширдэг дэвсэж суусан хүмүүс харагдана. Зуны аагим халуунд хүмүүс сэрүүн газар бараадан голын эргийг зорьж архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, хүүхдүүддээ тавих анхаарал суларснаас усанд осолдох нь ихэсдэг.
Өнгөрсөн жилийн байдлаар нийслэлийн зургаан дүүрэгт усанд осолдсон 21 хүнийг аварч, 118 хүн нас баржээ. Нас барсан иргэдийн 42 нь хүүхэд, 76 нь насанд хүрсэн хүн байв. Тиймээс энэ жил нийслэлийн Аврах 105 дугаар анги 56 хүний бүрэлдэхүүнтэй дөрвөн бүлэг 24 цагаар нийт дөрвөн байршилд ажиллаж байна. Завьт эргүүл ажиллаж эхэлснээсээ хойш газар дээр нь аварсан хоёр тохиолдол гарчээ. Ингээд Баянзүрхийн гүүр орчим ажиллаж буй Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, ахлах дэслэгч Б.Баттулга ахлагчтай найм дугаар бүлгийн нэг өдрийн ажлыг сурвалжилснаа хүргэе.
Насанд хүрэгчдийн усанд осолдож буй шалтгаан нь архи согтууруулах ундаанаас болдог. Голд осолдсон иргэдийн дийлэнх хувийг эрэгтэйчүүд эзэлж байна.
Биднийг очиход Т.Н гэх залуугийн шөрмөс нь татаж, голд живж байсныг завьт эргүүлийнхэн аварч, эрэг рүү гаргасан юм.
Завьт эргүүлийн ажил 08.00 цагаас эхэлж, бэлтгэлээ ханган 11.00 цагт ажлаа хүлээж авдаг.
Өдөр бүр 16.00 цагаас хойш голыг зорих иргэдийн тоо нэмэгдэж, оройн 22.00 цаг хүртэл хөл хөдөлгөөн тасардаггүй.
Голын усанд осолдож байгаа хүмүүсийн 30-40 хувийг бага насныхан эзэлдэг. Эдгээр хүүхэд ихэвчлэн эцэг, эхийн хараа хяналт сул байгаагаас осолдсон байдаг.
Эргүүл хийж буй аврагчид жилийн дөрвөн улиралд бэлтгэгддэг бөгөөд ажил эхлэхээс сарын өмнөөс хээрийн сургалтад гардаг байна.
Онцгой байдлын албаныхан гол усны төдийгүй бүх төрлийн дуудлагад явж, долоо хоногт 40 цаг, зарим тохиолдолд 60-аас дээш цаг ажиллах нь ч бий.
Голын ус үергүй, тунгалаг, бага байх тусам ирэх иргэдийн хөл тасардаггүй.
Завьт эргүүлээр хамтран ажиллаж буй алба хаагчдын тавьж буй шаардлагыг амрахаар ирсэн хүмүүс биелүүлдэггүй талтай.
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин
Г.Оюунтөгс
2017.07.03