Улсын хэмжээнд 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал сумдад тус бүр 3 түймэр, Хүдэр суманд 2 түймэр, Төв аймгийн Батсүмбэр суманд 4 түймэр, нийтдээ 12 түймэр гарснаас гурван түймрийг цурманд оруулсан, 9 түймэр асч байна.
Эдгээр түймрийг унтраахаар Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай анги, Нийслэлийн Онцгой байдлын газар, орон нутгийн Онцгой байдлын газруудаас нийт 207 алба хаагч, орон нутгаас 140 иргэн, 29 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа юм.
Мөн Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс 2017.07.13-ны өдөр ирүүлсэн сансарын хиймэл дагуулын мэдээллээр шинээр ойн түймрийн гурван голомт илэрсэн тул гарсан түймрийг унтраах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуянгийн шийдвэрээр Нийслэлийн Онцгой байдлын газар, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь аймгийн Онцгой байдлын газруудаас нэмэлт хүн хүч, техник хэрэгслийг татан төвлөрүүлж, унтраах үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж байна.
Түүнчлэн баяр наадмын үеэр иргэдийг болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын төв, орон нутгийн газар, анги байгууллагын 4200 гаруй албан хаагч 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагаас 07 дугаар сарын 17-ны өдрийн 09:00 цаг хүртэлх хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.