“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгээс 41 сая төгрөг хандивлалаа

GJ1A2764.jpg

Ойн түймрийг унтраах ажиллагаанд “Улаанбаатар төмөр зам” Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгээс хүн хүч, техник хэрэгслэлийн тусламжийг үзүүлсээр байгаа билээ.

Өнөөдрийн байдлаар УБТЗ-ын Салхит, Зүүнхараа дахь Гал унтраах хэсгийн ажилтнууд Түнхэл тосгонд галын голомт дээр ажиллаж байна.

Үүний зэрэгцээ “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ажилтан, алба хаагчид түймрийн голомтод ажиллаж байгаа гал сөнөөгчид, Онцгой байдлын албанд дэмжлэг үзүүлэх зорилгоор сайн дурын хандивын аяныг зохион байгуулж, тусламжийн бараа материал, мөнгөн хөрөнгийг илгээсээр байгаа юм.

Тухайлбал, Сүхбаатар Техник үйлчилгээний газрын шурган үзэгч Д.Энхбаяр, өртөөний найруулагч Б.Орхон нар 2017 оны 07 дугаар сарын 16-наас сайн дурын хандивын аян зохион байгуулж, 3 сая 500 мянган төгрөг цуглуулан Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр сумын ой, хээрийн түймэр дээр ажиллаж байгаа гал сөнөөгч нарт 2 сая төгрөгийн, Түнхэл тосгоны орчимд ажиллаж байгаа гал сөнөөгч нарт 1 сая 500 мянган төгрөгийн хоол хүнс, эд зүйл хүргэж өгсөн.

Мөн Зүүнхараа өртөөний залуучуудын төлөөлөгчид 1 сая 700 мянган төгрөгийн хандив цуглуулан үлээгч аппарат 2 ширхэг, моторт хөрөө 2 ширхэг болон бусад бараа материал авч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Онцгой байдлын хэлтэст хүлээлгэн өгсөн юм.

Тэгвэл өнөөдөр УБТЗ-ын Нийгмийн асуудал, хөрөнгө оруулалт хариуцсан орлогч дарга Ц.Хүрэлбаатар тэргүүтэй “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн төлөөлөгчид Онцгой байдлын ерөнхий газар дээр хүрэлцэн ирж тус нийгэмлэгээс Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад хандивлаж буй 20 сая төгрөг, мөн төмөр замчдын сайн дурын хандивын аяны хүрээнд цуглуулсан 21 сая төгрөг, нийт 41 сая төгрөгийн мөнгөн хөрөнгийг хандивын дансанд шилжүүлсэн батламжийг ОБЕГ-ын удирдлагуудад хүлээлгэн өглөө.

Түүнчлэн цаашид гал түймэр унтраах ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top