Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот, Булган, Дундговь, Орхон, Өвөрхангай аймгийн нутагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн төв хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар зүүн өмнөөс 6-11 м/с, борооны өмнө салхи түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 24-29 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор 33-38 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 30-35 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с, борооны өмнө түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. 29-31 градус дулаан байна.

Төлөв байдал: 29-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 30-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 31-нд баруун, төв, говийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо, 8 дугаар сарын 1-нд төв, говь, зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур 18-20 м/с ширүүснэ. Өдөртөө халж Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 25-30 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 35-40 градус, Орхон, Сэлэнгийн сав, говь болон зүүн аймгуудын нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна. 31-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүснэ.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал багийн 20 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.28-ны өдрийн 06:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.28-ны өдрийн 03:43 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

Налайх дүүргийн 2 дугаар хороонд иргэн О-гийн 24-72 УНБ улсын дугаартай “Тоёота Стима-Т” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.28-ны өдрийн 04:35 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.27-ны өдрийн 22:45 цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Булган аймгийн Хангал сум , Сөрт багийн “Дуганы горхи” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 25 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.26-ны өдрийн 19:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, орон нутгийн 16 иргэн, нийт 26 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.27-ны өдрийн 21:10 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл багийн “Эрээн дэв” гэдэг газар /сумын төвөөс  зүүн урд зүгт 51 км-т/ аянга буусны улмаас ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.08-ны өдрийн 13:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 17 алба хаагч, ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн 11 алба хаагч, НОБГ-ын 12 алба хаагч, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, Дундговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Булган аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн 80 алба хаагч, нийт 177 хүн, 16 техник хэрэгсэлтэй ажиллаж 07.26-ны өдрийн 09:44 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл  тосгоны “Тайлч” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 111 км-т/ ойн түймэр гарсан дуудлагыг 07.12-ны өдрийн 13:24 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 25 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.27-ны өдрийн 11:30 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл тосгоны “Ар матах-Уул” гэдэг газар / сумын төвөөс зүүн зүгт 95 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.20-ны өдрийн 15:00 цагт хүлээн авч ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн 19 алба хаагч ажиллаж 07.27-ны өдрийн 11:30 цагт түймрийг бүрэн унтраасан. Гал түймэртэй тэмцэх газрын дарга, Онцгой байдлын хурандаа С.Залуухүүгээр ахлуулсан ажлын хэсэг түймэр унтраасан дээрх алба хаагчдийг Улаанбаатар хотод авч ирэх зорилгоор Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Ми-171Е загварын нисдэг тэргээр Улаанбаатар-Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн “Ар матах-Уул”-Улаанбаатарын чиглэлд тусгай үүргийн нислэгийг 07.27-ны өдрийн 09:37 цагаас 11:19 цагийн хооронд үйлдсэн.

4.Зам тээврийн осол:

Автозамын осол: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд Улиастайн тойргийн автозамын зорчих хэсэгт 69-92 УБВ улсын дугаартай “Камаз” загварын ачааны автомашин, 31-58 УНТ улсын дугаартай “Киа Оптима” загварын суудлын автомашинтай мөргөлдөж автомашины төмөр хийцэд 3 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 07.28-ны өдрийн 03:43 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж Б /28 настай, эрэгтэй/ хавчуулагдсан байсныг гаргаж  ГССҮТ-д хүргэсэн, нэр тодорхойгүй /2-30 орчим настай, 2 эмэгтэй/ нас барсан байсныг цогцсыг гаргаж цагдаагийн байгуулагад шилжүүлэн өгсөн.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Булган аймгийн Сайхан сумын Ундрах багийн “Нарийн хүрэмт” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 24 км-т/ “Орхон” голд иргэн Б  /42 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 07.25-ны өдрийн 15:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 автомашин, 1 завь, орон нутгийн 20 иргэн, нийт 24 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн багийн “Орхоны гүүр” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 17 км-т/ Улаанбаатар хотын Баянгол дүүргийн харьяат иргэн Б /17 настай, эрэгтэй/ “Орхон” голд осолдсон тухай дуудлагыг 07.27-ны өдрийн 16:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 алба хаагч, ар гэрийн 4 иргэн, нийт 13 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.28-ны өдрийн 05:50 цагт осолдсон газраас 3.5 метрийн гүнээс цогцсыг олж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Увс аймгийн Хяргас сумын Булганхангай багийн “Довонгийн урд шугам” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 70 км-т/ Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн Н /51 настай, эрэгтэй/ “Хяргас” нуурт осолдсон тухай дуудлагыг 07.27-ны өдрийн 09:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.27-ны өдрийн 13:50 цагт нуурын эргээс 30 метрийн зайд 8 метрийн гүнээс цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Бусад: Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны 57 дугаар уклон ашиглагдахаа байсан нүүрсний бичил уурхайд 2 хүн нас барсан байдалтай байна, цогцсыг гаргаж өгнө үү гэсэн цагдаагийн байгууллагаас ирүүлсэн дуудлагыг 07.27-ны өдрийн 15:51 цагт хүлээн авч ОБЕГ-ын харъяа Уул уурхайн аврах ангийн 5 алба хаагч, 1 хэрэгсэлтэйгээр ажиллаж Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат иргэн Д /45 настай, эрэгтэй/, тус дүүргийн харьяат Л /44 настай, эрэгтэй/ нарын цогцсыг 2 метрийн гүнээс гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top