Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Өвөрхангай, Хэнтий, Төв аймгийн нутагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 7-12 м/с, зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 25-30 градус, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгаар 32-37 градус, бусад нутгаар 28-33 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос  6-11 м/с. 30-32 градус дулаан байна.

Төлөв байдал: 30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо, 31-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, 8 дугаар сарын 1, 2-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур 18-20 м/с ширүүснэ. 30-нд ихэнх нутгаар өдөртөө халах боловч, 31-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус,  говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 26-31 градус , бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз багийн 9 дүгээр гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.28-ны өдрийн 16:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Дэнж багийн 17 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.28-ны өдрийн 12:12 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн 9 дүгээр гудамжинд амбаар, түлээний саравч шатаж  байна гэсэн дуудлагыг 07.28-ны өдрийн 16:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

 

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн “Дуганы горхи” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 25 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.26-ны өдрийн 19:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, орон нутгийн 16 иргэн, нийт 26 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.27-ны өдрийн 21:10 цагт цурманд оруулж, 07.28-ны өдрийн 16:00 цагт бүрэн унтрааж багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн “Эрээн дэв” гэдэг газар /сумын төвөөс  зүүн урд зүгт 51 км-т/ аянга буусны улмаас ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.08-ны өдрийн 13:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 42 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, нийт 51 хүн, 5 техник хэрэгсэлтэй ажиллаж 07.26-ны өдрийн 09:44 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл  тосгоны “Тайлч” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 111 км-т/ ойн түймэр гарсан дуудлагыг 07.12-ны өдрийн 13:24 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 25 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.27-ны өдрийн 11:30 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

4.Зам тээврийн осол:

Автозамын осол: Булган аймгийн Гурванбулаг сумын Хөгнө багийн “Устын-Ам” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 40 км-т/ 07.15-ны өдөр гарсан хээрийн түймрийг манаж байсан орон нутгийн 17 хүнийг эргэх зорилгоор явж байсан “Пермер” загварын БУА 09-87 улсын дугаартай хагас суудлын ачааны автомашин онхолдсон тухай дуудлагыг 07.28-ны өдрийн 17:47 цагт хүлээн авч тус Сумын Засаг даргаар ахлуулсан 5 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, Э /45 настай, эрэгтэй/, Б /26 настай, эрэгтэй/, С /50 настай, эрэгтэй/, М /45 настай, эрэгтэй/, Ш /34 настай, эрэгтэй/ нар гэмтсэн байсныг Рашаант сумын эмнэлэгт шилжүүлэн өгсөн.

Говь-Алтай аймгийн Шарга сумын Улаан туг  багийн нутаг “Цагаан толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 30км-т/ Улаанбаатар-Говь-Алтай аймгийн Шарга сумын чиглэлд зорчиж явсан 56-70 УНБ улсын дугаартай Хово загварын хүнд даацын ачааны автомашин онхолдож, 3 иргэн төмөр хийцэд хавчуулагдсан тухай дуудлагыг 07.28-ны өдрийн 21:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5  алба хаагч, 1 техник хэрэгсэлтэй ажиллаж, автомашины эд ангид хавчуулагдаж нас барсан 2 эрэгтэй, 1 эмэгтэйн цогцсыг гаргаж /нэр, нас, хаяг тодорхойгүй байна/ аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Булган аймгийн Сайхан сумын Ундрах багийн “Нарийн хүрэмт” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 24 км-т/ “Орхон” голд иргэн Б  /42 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 07.25-ны өдрийн 15:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 автомашин, 1 завь, орон нутгийн 20 иргэн, нийт 24 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 07.28-ны өдрийн 09:20 цагт осолдсон газраас 2 км-ийн зайд “Хосын нуга” гэдэг газраас цогцсыг олж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.

6.Мал, амьтны гоц халдварт өвчин

Дундговь аймгийн Өлзийт сумын Дэрт багийн “Зүүн булаг” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 20 км-т/ малчин Ч-гийн 60 хонинд мал, амьтны гоц халдварт “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 07.24-ний өдрийн 17-1494 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тогтоогдсон.

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Гүнцэнгэлэг багийн “Хүүхдийн-Овоо” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 80 км-т/ малчин Б-гийн 1 үхэрт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 07.03-ны өдрийн 17-1405 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь тогтоогдсон.

Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн “Бөхөгийн гол” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 20 км-т/ тус аймгийн Баянхангай сумын харьяат малчин О-гийн 43 үхэрт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 07.22-ны өдрийн 17-1488 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь тогтоогдсон.

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top