Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянтай ярилцлаа.
-Монголчууд зовсон цагтаа эвлэлдэн нэгдэж чаддаг ард түмэн гэдгээ Батсүмбэрт гарсан ой, хээрийн түймрийн үеэр харуулж чадлаа. Он гарсаар улсын хэмжээнд 179 ой, хээрийн түймэр гарч, үүнийг унтраахын төлөө залуус сайн дураараа нэгдэж, гар бие оролцож бас хандив цуглуулсан. Танай байгууллагын аврагчид энэ үйл явдлыг хэрхэн хүлээж авсан бэ гэдгээс хоёулаа ярилцлагаа эхлүүлэе?
-Яг үнэндээ ард иргэдийг ингэж сэтгэлийн дэм хайрлаж, гал түймэр унтраахад гар бие оролцоно гэж бодоогүй. Түймрийн голомтод ажиллаж, гал унтраана гэдэг амаргүй зүйл. Энгийн ард иргэд онцгой нөхцөлд ажиллах мэдлэг, туршлагагүй учир галын голомт руу оруулах боломжгүй. Гэхдээ ус зөөх, хоол унд бэлтгэж өгөхөөс эхлээд маш их тус болсон. Ард иргэдийнхээ тус дэмээр галыг хурдан хугацаанд унтрааж чадсан. Сайн дураараа нэгдсэн залуусын төлөөлөл 150 хүн Батсүмбэрт очиж гал унтраахад тусаллаа. Онцгой байдлын нийт албан хаагчдын өмнөөс Монголын ард түмэндээ баярлалаа гэж хэлэхэд ч багадах болов уу.
-Одоогоор хичнээн газарт ой, хээрийн түймэр гарч байна вэ. Нөхцөл байдал газар дээрээ ямархуу байгаа вэ?
-Сэлэнгэ аймгийн Мандал суманд ой, хээрийн гурван түймэр гарч байгаагаас нэгийг нь цурманд оруулсан. Мөн Ерөө суманд ассан түймрийг цурманд оруулсан. Гал түймрийн голомтод манай албан хаагчид болон орон нутгийн иргэдийн хамтарсан 170 хүний бүрэлдэхүүн ажиллаж байна. Энэ жилийн ой, хээрийн түймэр өмнөх жилүүдээс их онцлогтой. Учир нь долдугаар сараас хойш нийт нутгаар хэт хуурайшилт үргэлжилснээс болж, ой, хээрийн түймэр зуны улиралд анх удаа гарлаа. Монгол оронд гарсан түймрийн тохиолдлыг авч үзвэл, ойн сан, хээрийн сан бүхий газруудад гарч байна. Хүний буруутай үйлдэл нийт түймэр гарах шалтгааны 70 хувийг эзэлж байгаа бол үлдсэн 30 хувь нь хэт халалт, мод хоорондоо шүргэлцэх болон аянга цахилгаан цахих зэрэг байгалийн аюултай үзэгдлээс үүдэлтэй. Долдугаар сараас хойш гарсан гал түймрийн шалтгааныг байгалийн аюулт үзэгдлээс болсон гэж урьдчилсан байдлаар дүгнэсэн.
Өнгөрсөн үеийн мөн үеийнхтэй харьцуулахад түймрийн тоо 64 хувиар өсч, ой хээрийн бүсийн 171 мянган га талбай түймэрт өртсөн байна. Гал түймрийн гурван хэлбэр байдаг. Эхнийх нь их халалт, хуурайшлийн улмаас мод хооронд шүргэлцснээс болж гал гардаг. Энэ үед хүчтэй салхи салхилахад гал модны орой хэсгээр дамжиж хурдацтай тархдаг. Бас хүлрийн түймэр гэж бий. Өөрөөр хэлбэл, модны үндсээр дамжиж газрын гүнд гал гардаг. Нэг талд гарсан галыг унтрааж байхад нөгөө талд нь гал үндсээр дамжиж тархдаг гэсэн үг. Энэ их аюултай. Түймрийг цурманд оруулахад энэ мэт хүчин зүйлээс болж хүндрэлтэй байгаа ч манай албан хаагчид бүх нөөц боломжоо дайчлан ажиллаж байна.
-Өмнө нь танай байгууллагын алба хаагчдын ажлын нэг өдрийг сурвалжлах үеэр аврагчдын хувцас хэрэглэл маш хангалтгүй болох нь харагдсан. Үүнээс хойш таван жил өнгөрч. Хангамжийн байдал дээрдсэн үү?
-Онцгой байдлын байгууллага байгуулагдаад 14 жил болж байна. Таван жилийн өмнөхийг бодвол эрс сайжирсан. Улсын төсөв болон олон улсын байгууллагын дэмжлэг, хөнгөлттэй зээлийн хүрээнд хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар нэмэгдүүлж байгаа. Өнгөрсөн онд гэхэд 15.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Гэхдээ хөрөнгө оруулалтын хэмжээг авч үзвэл, хүн нэг бүрийн хувцас хэрэглэл, аврах гал унтраах зориулалтын автомашин, тоног төхөөрөмжийн хангалтаас эхлээд шаардлагатай хэрэгцээнд бүрэн хүрэлцдэггүй. Онцгой байдлын албаны тээвэр, тоног төхөөрөмжийн хангалтыг сайжруулах дунд хугацааны дэд хөтөлбөрийг боловсруулсан. Одоогийн байдлаар аврах гал унтраах зориулалтын автомашин, тоног төхөөрөмжийн хүрэлцээ 50 хувь, тусгай зориулалтын хүн нэг бүрийн хамгаалах хувцас, хэрэглэл 30, холбоо, зарлан мэдээллийн хэрэгсэл 20 гаруй хувьтай байна. Үүнийг 100 хувьд хүргэхийн тулд санхүүжилтийг зайлшгүй нэмэх ёстой. Тэгж байж жилээс жилд олширч байгаа эрсдлийн голомтот ажиллах нөхцөл, албан хаагчдын аюулгүй байдлыг бэхжүүлнэ.
-Энэ асуудлыг холбогдох албан тушаалтанд хүргүүлсэн үү?
-Дунд хугацааны дэд хөтөлбөрөө боловсруулж, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхэд танилцуулсан. Удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад танилцуулна.
-Аврагчид ямарваа эрсдлийн өмнөөс “ханцуй”-гаа шамлаад орж байна. Тэдний амь нас, эрүүл мэнд, нийгмийн баталгааг Гамшгаас хамгаалах тухай хуулиар хэр хангалттай төвшинд зохицуулсан байдаг вэ?
-Гамшгаас хамгаалах тухай хууль 2003 онд батлагдсанаас хойш нэмэлт өөрчлөлтийг шат дараатай хийсэн. Хамгийн сүүлд энэ оны хоёрдугаар сард хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Хууль батлагдсанаараа манай албан хаагчдын нийгмийн баталгаа, албан үүргээ гүйцэтгэх боломж бололцоо өмнөхөөсөө илүү сайжирсан гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх үедээ ердийн үед авдаг цалингаасаа гурав дахин илүү цалин авдаг болсон. Мөн үүргээ гүйцэтгэж явахдаа амь насаа алдсан тохиолдод тухайн үндсэн цалинг 100 дахин нэмэгдүүлсэн тэтгэмжийг нэг удаа буцалтгүй олгодог. Түүнчлэн албан хаагчдын онцгой нэмэгдэл, мэргэшлийн зэрэг олгох асуудлыг хуульчилж өгснөөр нийгмийн баталгаа, цалин сайжирсан. Үүнтэй уялдуулж, Засгийн газрын холбогдох дүрэм, журмыг шинэчилж, боловсруулах асуудал дээр ажиллаж байна.
-2017 оноос өмнө үүрэг гүйцэтгэж явахдаа амь насаа алдсан аврагчдад мөнгөн тусалж үзүүлж байсан юм болов уу. Учир нь 2007 онд болсон МИ-8 нисдэг тэрэгт танай байгууллагын 15 аврагч амь насаа алдсанаас гадна харамсалтай явдал олон удаа тохиолдсон шүү дээ?
-2007 оноос хойш албан үүргээ биелүүлэх хугацаандаа 40 аврагч амиа алдсан. Эдгээр албан хаагчдад 2007-2008 онд даатгалын компаниас албан хаагч тус бүрт таван сая төгрөг, 2008-2011 онд 15 сая, 2012-2013 онд 20 сая, 2014-2015 онд 25 сая, 2016-2017 онд 30 сая төгрөг олгосноос гадна Онцгой байдлын албанаас 60 сарын буюу таван жилийн цалинтай тэмцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тусламж олгосон. Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт гарсан ой хээрийн түймрийг унтраахаар явсан нисдэг тэрэгний ослоос долоон албан хаагч амьд үлдсэн. Эдгээр албан хаагчдыг Онцгой байдлын байгууллагаас тус бүрт 35 сая төгрөг, хандиваар таван сая төгрөгийн тусламж үзүүлсэн. Мөн жил бүр Өвөрхангай аймгийн Хужирт суманд шавар эмчилгээнд хамруулахаас гадна нарийн мэргэжлийн үзлэгт хамруулдаг.
-Амь насаа алдсан аврагчийн ард эхнэр, хүүхдийнх нь нийгмийн асуудалд анхаарч ажиллах зэргээр ямар нэг эргэх холбоотой байдаг уу?
-Эргэх холбоотой байдаг. Аврагчид маань зөвхөн өөрийн болон гэр бүлийнхээ төлөө бус эх орон, ард түмнийхээ төлөө үүрэг биелүүлж явахдаа амиа алдсан. Тиймээс тэдний ар гэртэй байнгын холбоотой байхыг хичээдэг. Жишээлбэл, МИ-8 нисдэг тэргийн ослоор амиа алдсан аврагчдын ар гэрийнхнийг жил бүрийн зургадугаар сарын 14-ний өдөр хүлээн авч шаардлагатай тохиолдолд дэмжлэг үзүүлдэг.
-Үүрэг гүйцэтгэх үедээ амиа алдвал амь нас, эрүүл мэндийн даатгалаас амь насны даатгал олгодог гэлээ. Тэгвэл гэмтэж бэртсэн үед ямар нэг дэмжлэг үзүүлдэг үү. Байгууллагын албан хаагчдыг амь нас, эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулдаг уу?
-Гамшгийн бүсэд байнга үүрэг гүйцэтгэдэг офицер ахлагчаас эхлээд бүх албан хаагчдыг нэг жилийн 35 сая төгрөгөөр амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулдаг. Харин төв оффист ажилладаг албан хаагчид жилд 28 сая төгрөгийн даатгалд хамрагддаг. Хэрвээ гэмтэж, бэртвэл даатгалын хууль, журмаараа зохицуулдаг.
-Албан хаагчдын цалин хөлс, ажил үүрэг гүйцэтгэх нөхцөлтэйгээ уялддаггүй гэдэг. Цалин хөлс нэмэх цаашлаад нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд ямар нэг арга хэмжээ авч байгаа юу?
-Цалин нэмэх тал дээр холбогдох байгууллагад асуудал хүргүүлэхээр ажиллаж байгаа. Нийгмийн асуудлын хувьд дэд бүтэц нь шийдэгдсэн газар дээр орон сууц барих төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Жишээлбэл, аврах гал унтраах 56 дугаар ангийн байрлалд 72 айлын орон сууцыг өнгөрсөн онд ашиглалтад оруулсан. Мөн 63 дугаар ангийн байрлалд 300 айлын орон сууц барих төсөл хэрэгжүүлэхээр болсон. Түүнчлэн орон нутаг дахь аврах ангиуд өөрсдийн газар дээр алба хаагчдадаа зориулсан орон сууцны барилга барих төслийг хэрэгжүүлж байна.
-Онцгой байдлын байгууллагад аврагчаар ажиллана гэдэг багагүй эр зориг шаардсан ажил. Жилд дунджаар аврагчаар ажиллах сонирхолтой хичнээн залуус танай байгууллагад ажлын хүсэлт ирүүлдэг вэ?
-Энэ албанд ажиллаж байсан, ажиллаж байгаа аврагчид бол эх орон, ард түмнийхээ төлөө авралынхаа гараа сунгадаг хамгийн зориг, зүрхтэй залуус юм шүү дээ. Маш их эр зориг, тэсвэр тэвчээр шаарддаг хүмүүнлэгийн үйлс гэж хэлж болно. Сүүлийн жилүүдэд онцгой байдлын алба хаах сонирхолтой залуусын тоо нэмэгдсэн. Онцгой байдлын алба хаагчдын ажил, үйлсийг ойлгож, хүндэлж олон сайхан нийтлэл, сурвалжлагыг сэтгүүлчид бэлтгэж, олон нийтэд хүргэдэг болохоор залууст ийм сэдэл төрүүлдэг болов уу. Хоёрдугаарт, манай байгууллага бүс нутагтаа төдийгүй дэлхийд гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, тогтолцоо, авч хэрэгжүүлж байгаа менежмент илүү далайцтай явагдаж байна. Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ онд батлагдсан гэж дээр хэлсэн.
Үүнийг “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, Парисийн конвенци, “Гамшгийн үйл ажиллагааг бууруулах Синдан үйл ажиллагааны хүрээ-2015” зэрэг баримт бичгийн хүрээнд хуулийн шинэчлэлээ хийсэн дэлхий дээрх анхны улс манайх болсон. Үүнийг НҮБ-ийн Гамшгийн эрсдлийг бууруулах газраас өндрөөр үнэлсэн байдаг. Ирэх онд Азийн сайд нарын II бага хурал манай улсад зохион байгуулагдана. Энэ нь дэлхийн нийтэд Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын байгууллага гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр тогтвортой бодлого явуулдаг болохыг харуулсан үйл явдал болов уу. Энэ олон хүчин зүйлээс шалтгаалж залуучууд маань манай албанд орох хүсэл эрмэлзэл нэмэгдсэн байх. Манай байгууллага албан хаагчдаа Хууль сахиулахын их сургуульд дөрвөн жилийн хугацаанд бэлтгэдэг. Харин аврах гал сөнөөгч, аврах гал унтраах зориулалтын автомашины жолоочийг дөрвөн сарын хугацаанд бэлтгэдэг. Энэ жил гэхэд 200 гаруй албан хаагч дамжаагаа төгсч, эхнээсээ орон нутагт томилолт авсан.
-НҮБ-ын шугмаар “Гамшгийн эрсдлийг бууруулах” төсөл хоёр үе шаттайгаар танай байгууллагад хэрэгжсэн. Төслийн хүрээнд танай байгууллагад хамгийн их өгөөжөө өгсөн зүйл юу байв?
-Олон улсын байгууллагын тусламжаар хэрэгжсэн бүх төсөл хөтөлбөр үр өгөөжөө өгсөн. Манай байгууллагын тогтвортой үйл ажиллагаанд ч гэсэн ихээхэн нөлөө үзүүлсэн гэж хэлж болно. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн шугамаар хэрэгжсэн “Онцгой байдлын байгууллагын гамшгаас хамгаалах менежмэнтийн тогтолцоог сайжруулах”, “Орон нутгийн гамшигтай тэмцэх менежмэнтийн тогтолцоог бэхжүүлэх” төсөл маш их үр өгөөж өгсөн.
Ялангуяа манай байгууллагын хууль, эрхзүйн орчинг боловсронгуй болгох, бүтэц зохион байгуулалтыг сайжруулах болон албан хаагчдыг чадавхжуулах, орон нутгийн төвшинд ард иргэдийн гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг бэхжүүлэх, орон нутгийн засаг захиргааны мэргэжлийн анги байгууллага, сайн дурынхны үйл ажиллагааг нэмэгдүүлэхэд тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Түүнчлэн техник, тоног төхөөрөмжийг сайжруулах чиглэлээр Австри Улсын Засгийн газартай байгуулсан хэлэлцээрийн дагуу төсөл хэрэгжүүлж, 16 гал унтраах автомашиныг манай байгууллагад хүлээлгэж өгсөн. Мөн “Жайка” олон улсын байгууллагатай хамтарч хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын гал унтраах автомашины техник тоног төхөөрөмжийг сайжруулах” төслийн хүрээнд 22 автомашин нийлүүлсэн. Энэ мэтчилэн үр өгөөжөө өгсөн төсөл хөтөлбөр олон бий.
-Одоо ямар төсөл хэрэгжиж байгаа вэ?
-Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Японы “Ядуурлыг бууруулах сан”-гийн дэмжлэгтэй зуд, ой, хээрийн түймэртэй тэмцэх, чадавхийг сайжруулах төсөл таван аймгийн 12 суманд хэрэгжих гэж байна.
-Ой, хээрийн түймэр гарсантай холбоотой фэйсбүүкээр хандив цуглуулах аян өрнөж байсан. Энэ хандивын мөнгө танайд хүлээлгэж өгсөн үү?
-Албан ёсоор хүлээлгэж өгсөн зүйл одоогоор алга. Манай байгууллага ганц л хандивын данс нээсэн. Үүнийгээ олон нийтэд албан ёсоор мэдээллэсний дагуу хандиваа энэ дансаар цуглуулсан. Үүний хажуугаар хуурамч хандивын аян өрнүүлэх эрсдэлтэй учир ард иргэдэд болгоомжтой байхыг анхааруулсан.
-Хандивын дансанд өнөөдрийн байдлаар хэдэн төгрөг цугларсан бэ?
-Онцгой байдлын Ерөнхий газрын хандивын дансанд өчигдрийн (уржигдар) байдлаар 792 төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн нийт 779 сая 603 мянган төгрөг цугларсан. Үүнээс гадна аж ахуйн нэгж байгууллага, иргэд, “Гал сөнөөгчдөд туслах фэйсбүүк групп”-ээс цэвэр ус, талх, ундаа, бэлэн хоол, гутал, бээлий, цамц, хүрэм, өмд, малгай зэрэг хувцас хэрэглэл, усны сав, галын гөвүүр, галын хор, амны хаалт, үлээгүүр, явуулын эмийн сан зэрэг боломжит бүхий л зүйлийн хандив, тусламжийг өгсөн. Тусламжаар ирүүлсэн хүнс, хувцас, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг Төв аймгийн Батсүмбэр, Эрдэнэ сум, Булган аймгийн Гурванбулаг, Сэлэнгэ сум болон Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр сумдын нутагт түймрийн голомтод ажиллаж байгаа албан хаагч, иргэдэд цаг алдалгүй хүргүүлсэн.
-Хандивын мөнгийг нисдэг тэрэг авахад зарцуулна гэсэн. Гал унтраах зориулалт бүхий нисдэг тэрэг авахад хичнээн төгрөгийн санхүүжилт шаардлагатай юм бэ?
-Гал унтраах зориулалтын, эрэн хайх зориулалтын 4-5 төрлийн нисдэг тэрэг авахад ойролцоогоор 100 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Манай улсад ашиглагдаж байгаа МИ-171Е гэсэн загварыг ОХУ-д үйлдвэрлэдэг. Зах зээлийн дундаж үнэ нь 20 тэрбум төгрөг. Аврах ажиллагаа болон эрэн хайх зориулалттай евро стандартын EC загварын нисдэг тэрэг гэхэд 17 орчим тэрбум төгрөгийн үнэтэй.
-Нисдэг тэрэгний жолоочдыг танай байгууллага бэлтгэсэн үү?
-Жолоочийн хувьд бэлтгэгдсэн хүмүүс бий. Зэвсэгт хүчнээс эхлээд иргэний хамгааллын салбарт хангалттай байгаа. Гэхдээ мэдээж гал унтраах тусгай сургалт зохион байгуулж, хамруулах ёстой. Яагаад гэхээр, энэ чиглэлийн аврах ажиллагаанд оролцож байсан туршлага тэдэнд байхгүй. Тиймээс дадлага туршлагыг суулгаж өгөх сургалтад хамруулах шаардлагатай.
-Улсын эдийн засаг хямралтай байна. Гэсэн ч энэ зун гарсан ой, хээрийн түймрээс гал унтраах зориулалтын нисдэг тэрэг зайлшгүй шаардлагатай болох нь харагдсан. Энэ талаараа Шадар сайдад уламжилсан уу?
-Дунд хугацааны хөтөлбөрт тусгаж, танилцуулсан. Хэрвээ нисдэг тэрэг худалдаж авах боломжгүй тохиолдолд гар унтраах зориулалтын савыг МИ-171Е нисдэг тэргэнд суурилуулах боломжтой. Гэхдээ энэ нисдэг тэрэг манай байгууллагын мэдлийнх биш шүү дээ. Зэвсэгт хүчинд хамааралтай.
-Энэ жил нийслэлчүүдэд ээлгүй жил байна уу гэж харахаар байна. Ой, хээрийн түймэр нийслэлийн хаяанд ирсэн. Мөн мал амьтны гоц халдварт шүлхий өвчин Сонгинохайрхан дүүргийн I, XXII хороо, Төв аймгийн Сэргэлэн сум зэрэг хүн ам шигүү байршилд гарлаа. Хэдхэн хоногийн өмнө Дундговь аймагт гарсан гэх мэдээллийг танайхаас өгсөн. Хорио цээрийг чанд сахиж байгаа хэрнээ халдвар даамжрах талдаа орчихлоо. Энэ ямар учиртай юм бол?
-Малын гоц халдварт өвчин тэр дундаа шүлхий өвчний тархалт сүүлийн жилүүдэд буурахгүй байна. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож ажиллаж байна. Тухайн бүс нутагт орж ирсэн мал бүхий иргэдийг хөл хорионд оруулах, халдвар авсан малыг устгалд оруулах, бусад малыг вакцинд хамруулах ажил хийгдэж байна. Халдварын голомтод 60 гаруй хүн хүч, 10 гаруй машин техниктэй ажиллаж байна. 3400 гаруй мал байна гэсэн судалгаа бий. Эндээс үзвэл, Улаанбаатар хотын ойр орчимд мал маллахыг хязгаарлахгүй бол хорио цээрийн дэглэм барьж ажиллахад улам хүндрэлтэй болно. Хүн, малын хөлөөс гадна автомашины хөдөлгөөнөөр дамжиж халдварлах тархахыг үгүйсгэхүй. Тиймээс нийслэл тэр дундаа ногоон бүсэд байрлалтай мал бүхий иргэдийг хотын бүсээс гаргах асуудлаар ажлын хэсэг байгуулагдсан.
-Өөр хаана, хаана шүлхий өвчин гарсан бэ?
-Дундговь аймгийн Гурвансайхан сум, Сүхбаатар аймгийн Мөнххаан сум, Дорнодын Цагаан-Овоо суманд шүлхий өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоосон.
-Мал, амьтны гоц халдварт өвчин гарсан тохиолдолд халдвар авсан малыг устгалд оруулж, улсаас нөхөн олговор олгодог. Нөхөн олговрын хэмжээг яаж тогтоодог юм бэ?
-Тухайн жилийн зах зээлийн ханшаар тооцож тогтоодог. Жишээлбэл, нэг хонь 100 мянган төгрөг байвал энэ үнээр олгоно. Хамгийн гол нь малаа эрүүлжүүлэх нь чухал. Вакцинжуулах ажил ямар төвшинд байна вэ гэдгээс эхлээд мал эмнэлгийн тогтолцоогоо эргэж харахгүй бол энэ асуудал намжихгүй. Мал эмнэлэг нь хувийн хэвшилд хамаардаг болохоор мал эмнэлгийн эмч вакцинаа стандартын дагуу тарьсан эсэх, тарьлаа гэхэд малчин айл вакцинд малаа бүрэн хамруулсан эсэхийг хянахад хүндрэлтэй.
-Удахгүй хүйтний улирал эхэлж, отор нүүдэл эхэлнэ. Гэтэл ихэнх нутгаар шүлхий өвчин гарчихлаа. Энэ тал дээр ямар нэг арга хэмжээ авч ажиллах уу?
-Тухайн хорио цээр тогтоосон бүс нутгаас ямар ч малыг тууварлах, сэлгэх, оторлохыг хориглоно. Хорио цээр цуцлагдсан тохиолдолд отор нүүдэлд явахыг нь зөвшөөрнө.
-Долдугаар сараас хойш бороо их орсноос болж хэд хэдэн газарт үер боллоо. Завьтай эргүүлийн бэлтгэл, хувцас хэрэглэл бүрэн хэмжээнд байгаа юу?
-Он гарснаас хойш үер, усны ослоор 85 хүн амиа алдсан. Голын эрэг дагуу зугаалж явахдаа санамсар болгоомжгүйгээс болж усанд үйдэг. Дээр нь бага насны хүүхдэдээ анхаарал тавьдаггүй. Голын эрэг дээр, тогтоол усанд тоглож байсан бага насны хүүхэд амиа алдсан хэрэг гарсан. Мөн баталгаагүй замаар тээврийн хэрэгслээр зорчих, загасчлах үедээ аюулгүй байдлаа хангаагүй зэргээс болж амиа алдсан гээд жилд дунджаар 110 орчим хүн амь насаа алдаж байна. Хамгийн гол нь иргэд сонор сэрэмж, анхаарал болгоомжгүйгээс болж амь насаа эрсдэлд оруулж байгаагаа ойлгох хэрэгтэй. Туул гол дагуу 16 алба хаагч хоёр ээлжээр ажилладаг. Хар усан тохойд Нийслэлийн Аврах ангиас хавар, намрын улиралд бэлтгэл сургуулилтад хамруулдаг. Түүнчлэн аврах тусгай ангийн бие бүрэлдэхүүнийг Өгийн нууранд жил бүр бэлтгэлд хамруулдаг. Аврах ажиллагааны завь, хувцсын хувьд бүрэн хангагдсан. Харин усны гүнд эрэл явуулах усны камер дутагдалтай байгаа.
-Манай улсад огт байдаггүй юм уу?
-Нийслэлд л ганцхан бий. Хөдөө орон нутагт байхгүй. Дээр нь орон нутагт эрэн хайх бүлгийн орон тоо хангалтгүй байгаа. Тэр бүр ажиллах нөхцөл бололцоо байдаггүй. Ийм нөхцөлд усны камер зайлшгүй шаардлагатай.
“Үндэсний шуудан” сонин 2017.08.09
Г.НАЦАГ-ЭРДЭНЭ