Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Д.Бэхбаяртай уулзаж ярилцлаа.
-Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12-р анги байгуулагдсаны түүхт 40 жилийн ой тохиож байна. Тэгэхээр тус ангийн түүхэн замналаас яриагаа эхэлвэл ямар вэ?
-Бололгүй яах вэ. Энэ сайхан өдрийн мэндийг Өвөрхангайчууддаа болон нийт иргэддээ хүргэе.
Эдүүгээгээс 40 жилийн өмнө буюу 1977 онд БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 464-р тогтоолоор “Гал команд” байгуулах шийдвэр гарснаар хуучнаар техник мэргэжлийн сургуулийн гражийг түшиглэн Авто Цестирн хоёртойгоор 24 хүний бүрэлдэхүүнтэйгээр тус анги маань байгуулагдаж байсан түүхтэй. Одоо анги маань 37 хүний бүрэлдэхүүнтэй, тусгай албаны хоёр автомашин, туслах албаны нэг, шуурхай албаны гурван автомашинтайгаар ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаагаа явуулж байна. Ангийнхаа ойг бид наймдугаар сарын 11-нд зохион байгуулахаар төлөвлөсөн.
-Та бүхнийг ангийнхаа ойг угтан маш олон бүтээлч ажлууд өрнүүлэн, тун завгүй байгаа гэж сонссон?
-Тийм шүү. Түүхт 40 жилийн ой тохиож байгаа учраас энэ жил ойгоо угтан 40 бүтээлч ажлыг төлөвлөн, эхнээс хийж, хэрэгжүүлээд явж байна. Байгууллагаа, байр орчноо тохижуулах, өнгө зүсийг нь сайжруулах, мөн алба хаагч нарынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр нилээд ажлууд төлөвлөсөн. Тухайлбал, 30 айлын орон сууц барих ажлыг өнгөрсөн жилийн зургадугаар сард эхлүүлсэн. Эдийн засгийн хямралтай энэ үед тухайн барилгын ажлыг хийж гүйцэтгэж байгаа компанийн захирал их зоригтой шийдвэр гаргаж, ажлаа эхлүүлсэнд бид их талархалтай байгаа. Энэ барилгыг барьснаар бидэнд зах зээлийн үнээс харьцангуй бага үнээр алба хаагчдаа орон сууцтай болгох боломж нээгдэж байгаа юм. Энэ нь алба хаагчдад маань ихээхэн дэмжлэг болж, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэсэн томоохон ажил болох болов уу гэж бодож байна. Орон сууцаа ойгоосоо өмнө ашиглалтад оруулахаар эрчимтэй ажиллаж байна. Мөн Хархорин дахь ангийн дэргэд 40 айлын орон сууц барихаар барилгын ажлыг эхлүүлээд байна. Ажлын гүйцэтгэл одоо 10 гаруй хувьтай явагдаж байна. Энэ орон сууцыг ирэх жил ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа. Ер нь алба хаагчдад маань аливаа гамшиг осол дээр ажиллаад ирэхэд тохь тухтай гэр орон, халуун хоол унд юу юунаас чухал. Түүнчлэн Онцгой байдлын газрын оффисын өрөө тасалгаанд их засвар, гадна фассат, зочид төлөөлөгчдийг угтаж авах хүндэтгэлийн өргөө, гадна талбайг асфальтах зэрэг ажлуудыг өөрсдийн дотоод нөөц бололцоо, алба хаагчдын хандиваар хийж гүйцэтгэлээ. Засварт нийтдээ 14,5 сая төгрөг зарцуулагдсан. Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, сурч боловсрох, мэдлэгээ дээшлүүлэх, бататгах нөхцөл бололцоог бий болгох зорилтын хүрээнд “Соёмбо” амралт, сургалтын цогцолбортой болох асуудлыг шийдвэрлэн эхлэлийг тавилаа. Одоогийн байдлаар Тарагт сумын нутаг “Голын өндөр” гэх газар 2 га газар авч “Соёмбо цогцолбор”-ын шавыг тавиад байна.
-Тэгвэл 40 жилийн ойгоо өөр ямар амжилт, бүтээлээр угтаж байна даа?
-Мэдээж ойгоо амжилт бүтээлээр дүүрэн угтаж байгаа. Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар Улсын хэмжээнд төв, орон нутгийн Онцгой байдлын газруудынхаа дунд ажлын үзүүлэлтээр дээгүүрт ордог. Сүүлийн таван жилийн хугацаанд гэхэд манай газар төв, орон нутгийн хэмжээнд эхний таван байрт бичигдсээр ирсэн байна. Өнгөрсөн жил л гэхэд Өвөрхангай аймгийн албан байгууллага, газар, хэлтсүүдээс ажлын үзүүлэлтээрээ тэргүүлсэн амжилтыг гаргаж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан. Орон нутгийн хэмжээнд зохиогдож байгаа спортын урлагийн тэмцээн уралдаануудад тогтмол оролцож 1, 2-р байрыг удаа дараа эзэлж байсан. Мэргэжлийн спорт болох Гал унтраах техникийн олон төрөлд спортын бүсийн болон улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд тогтмол хоёр баг оролцож нийт 16 мөнгөн медальтай болсон байна. Ирэх жил алт болгоно гэсэн зорилготой байгаа. Учир нь ирэх жил Гал унтраах техникийн олон төрөлт спортын улсын аварга шалгаруулах тэмцээн болох юм. Мөн орон нутагт зохиогдож байгаа спортын төрлийн гар бөмбөг, сагсан бөмбөг, шатар, даам, олс таталтын гээд олон тэмцээнд оролцож амжилт дүүрэн байлаа. Түүнчлэн өнгөрсөн жил манай Онцгой байдлын газрын баг дангаараа улсын аваргад олс таталтаар амжилттай оролцсон. Аймагт зохиогддог гар бөмбөгийн тэмцээнүүдэд алт мөнгөн медалиудыг бол түүнэ дээ. Ийм л амжилттай ойгоо угтаж байна.
-Танай газрын хувьд техник, тоног төхөөрөмжийн хүрэлцээ хэр байдаг вэ. Сүүлийн жилүүдэд парк шинэчлэл хэр хийгдэв?
-Сүүлийн гурван жилийн хугацаанд Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 12-р ангийн хэмжээнд автомашин техникийн парк шинэчлэлт, тоног төхөөрөмж, багаж зэвсэглэмжийн хангалт сайн хийгдсэн шүү. Улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын донор орнуудын хөнгөлөлтэй зээл тусламжаар 2,6 тэрбум төгрөгийн, автомашин техник, тоног төхөөрөмж нийлүүлэгдэж, Арвайхээр сумын галын аюулаас урьдчилан сэргийлэх, гал түймэр унтраах хүчин чадлын хувьд эрс сайжирсан гэж үзэж байна. Мөн аврах чиглэлийн тоног төхөөрөмжүүд авто осол дээр ажиллах багаж зэвсэглэмжүүдтэй болсноор ард иргэдийн амь насыг аврах ажиллагаанд ихээхэн түлхэц болж байгаа. Цаашдаа бид аймгийн хэмжээнд Эрэн хайх, аврах салбар бүлгүүдийг байгуулахаар Онцгой байдлын ерөнхий газарт санал хүргүүлж Засгийн газрын шийдвэрийг гаргуулаад байна.
-Гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулагдсан нэг доллар гамшгийн дараах ажиллагаанд зарцуулагдах 15 доллартай тэнцдэг гэдэг юм билээ. Аймгийн Онцгой байдлын газрын хувьд гамшгаас урьдчилан сэргийлэх ажилд хэр анхаарал хандуулж байна вэ. Ер нь энэ чиглэлийн ажил ямар түвшинд хийгдэж байгаа бол?
-Өнөөдөр дэлхий нийтээрээ гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг нэн тэргүүнд тавьж байна. Бидний хувьд ч ялгаагүй Монгол Улсын Засгийн газар, Шадар сайд, Улсын Онцгой Комисс, Онцгой байдлын ерөнхий газар, орон нутгийн Засаг дарга, Онцгой байдлын газраас гаргасан тушаал шийдвэр албан даалгавар удирдамжийн хүрээнд аймгийнхаа нутаг дэвсгэрт гамшгаас урьдчилан сэргийлэх ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байдаг. Манай аймгийн хувьд сүүлийн үеийн судалгаагаар ой, хээрийн түймрийн гаралт багассан гэсэн үр дүнг үзүүлсэн байна билээ. Энэ нь иргэдийн ухамсар сайжирсан, хуулиа биелүүлдэг болсон, айл өрхүүд, нөхөрлөл бүхий байгууллагууд, сум орон нутгийн удирдлагууд ой, хээрийн түймэр гаргахаас урьдчилан сэргийлж чаддаг болсонтой холбоотой. Нэг ёсондоо бидний хийж, хэрэгжүүлж байгаа урьдчилан сэргийлэх ажил үр дүнгээ өгчээ гэсэн үг юм. Энэ жил л гэхэд бид Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт аялал зугаалгаар явж байгаа нийт 1537 ард иргэдэд гамшиг ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулан, санамж, сэрэмжлүүлэг тарааж заавар зөвлөмж өгч ажилласан байна. Аймгийн хэмжээнд 2017 онд удирдах бүрэлдэхүүний 11 удаагийн сургалтыг 325 иргэнд, ард иргэдэд зориулсан 12 удаагийн сургалтыг 963 иргэнийг хамруулан, оюутан сурагчдад зориулсан сургалтыг 30 удаа 2076 оюутан сурагчдыг хамруулан, мэргэжлийн ангийн сургалт 12 удаа зохион байгуулан ажилласнаар хүн амын 20 гаруй хувьд хүрч ажилласан байна.
-Энэ зуны хувьд хуурайшилт ихтэй байснаас үүдээд зарим аймгуудад ойн түймэр нэлээд их байлаа. Танай алба хаагчид бас тийшээ татагдаж ажиллав уу?
-2017 оны 7 сард Улсын хэмжээнд 22 газарт ой, хээрийн түймэр гарсан. Манай аймгаас 25 хүний бүрэлдэхүүнтэй шуурхай бүлгийн аврагчид Төв аймгийн нутагт очиж ажилласан.
-Аймгийн тань хувьд үер усны дуудлага зуны дуудлагын нэлээд хэсгийг эзэлдэг. Энэ жил харин гайгүй байв уу?
-Энэ жил үер усны дуудлага харьцангуй бага байна. Гол мөрний усны түвшин багассан, хур тунадас бага орсонтой холбоотой. Орхон, Онги, Таацын голуудын түвшин харьцангуйгаар бага байна. Түүнчлэн аялал зугаалгаар явж байгаа ард иргэдэд аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, тусгай хамгаалалт бүхий газруудаас заавар зөвлөмж шаардлагыг тавьж, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх анхааруулах сэрэмжлүүлгийг радио, телевизээр явуулж ажилласнаар өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад энэ жилийн усны дуудлага багассан байна.
“БАЯРЛАЛАА” ГЭХ ГАНЦ ҮГ БИДЭНД ТОМ УРАМ ЗОРИГИЙГ ӨГДӨГ
-Гэхдээ л Онцгой байдлын алба гэдэг хүндхэн үүрэг хүлээдэг газар. Зовлон, бэрхшээл бас байна биз?
-Ерөнхийдөө хүнд салбар л даа. Өнгөрсөн тавдугаар сарын 22-нд хүчтэй цасан шуурга болж олон хүн төөрч эрэн хайх, аврах ажиллагааг 8 чиглэлд гаргасан. Ийм ажиллагаанд хүн хүч ихээхэн шаардлагатай учраас манай нягтлан бодогч хүртэл нэг эрэн хайх бүлэг ахлаад явсан. Гэтэл бидний техник хэрэгсэл эхний дөрвөн эрэн хайх бүлэгт л хүрэлцэж байсан. Бусад бүлгүүд маань техник, багаж, тоног төхөөрөмжийн дутагдалтай нөхцөлд ажилласан. Гэхдээ бид үүргээ биелүүлсэн. Ер нь манай газарт өдөрт 1-2 дуудлага байнга ирдэг. Байгууллага маань хүрээгээ тэлээд зөвхөн гал түймэр гэлтгүй бүхий л төрлийн гамшиг, ослын дуудлагаар аврах ажиллагаанд явдаг болсноос хойш дуудлага ирэх нь эрс ихэссэн гэж болно. Аливаа гамшиг ослын нөхцөл байдал иргэдийн хайхрамжгүй, анхаарал болгоомжгүй байдлаас болсон байдаг. Хөдөө орон нутагт явлаа гэхэд автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг хангаагүй явна. Эсвэл зам товчлох гэж байгаа нь энэ гээд баталгаагүй замаар явж шавар усанд суух, машин тэрэг нь бензингүй болж, хөлдөж осгох эрсдэлд орох нь бий. Энэ бүх дуудлага манай Онцгой байдлын албанд ирдэг. Тэр болгонд манай алба хаагчид үүргээ гүйцэтгэн, иргэдийнхээ амь нас, эд хөрөнгийг авран хамгаалахаар ажилладаг. Аврагчид маань хүний амь нас, эд хөрөнгийг аврахын төлөө өөрсдийн бүх зүйлээ золиослоод ажиллагаанд оролцдог. Гэтэл зарим иргэд маань амь нас, эд хөрөнгөө авруулчихаад “баярлалаа” гэх ганц үгийг хэлчихдэггүйд гайхдаг. Хэдий бидний хийх ёстой ажил ч гэлээ “Баярлалаа” гэх ганц үг бидэнд том урам зоригийг өгдөг юм.
-Бид албаны талаар нэлээд ярилцлаа. Одоо Бэхбаяр гэдэг хүний түүхийг сонирхмоор байна. Та гэр бүлээ танилцуулахгүй юү?
-Миний гэр бүл бол миний найдвартай ар тал юм. Тэднийхээ хүчээр би өдий зэрэгтэй яваа гэж болно. Би гал сөнөөгчөөс ажлын гараагаа эхэлсэн. Тэр үед ар гэртээ юу болж байгааг ч мэдэхгүй явдаг байлаа. Нэг түймэрт яваад 40 гаруй хоног ямар ч холбоо харилцаагүй алга болох ч үе байлаа. Тухайн үед харилцаа холбоо ч байдаггүй байлаа. Амьдралын бүхий л асуудал, хүүхдүүдийн сургууль цэцэрлэг гээд бүх л зүйлийг эхнэр маань ганцаараа зохицуулдаг байсан. Эхнэр маань уг нь багш мэргэжилтэй. Гэтэл миний томилогдож очсон газарт хамт очиж ажилласаар байгаад мэргэжил нь солигдчихсон. Нэг хэсэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гадаад харилцаа хариуцсан, дэслэгч цолтой ажиллаж байлаа. Гэр бүлээрээ цэргийн хүн болчихлоо гээд баярлаад зургаа авахуулаад явж байсан үе бий. Харин одоо аймгийн Мэргэжлийн хяналтын газарт ахлах мэргэжилтэн хийж байна. Манайх 3 хүүхэдтэй.
-Ингэхэд та яагаад Онцгой байдлын албыг сонгож ажиллах болсон юм бэ. Багын мөрөөдөл байв уу. Эсвэл хувь зохиол уу?
-Би хүүхэд байхдаа аав ээждээ би дарга болно, даргын машин барина гэж ярьдаг байсан юм билээ. Тэр хүсэл маань биелсэн. Би 1996 онд 12-р ангид гал сөнөөгчөөр анх ажилд орж байлаа. Тухайн үед намайг индэрт гаргаад Чулуунбаатар дарга, алба хаагчид нь суучихсан “За чи эхнэртэй юу? Чи энэ албанд орох сонирхолтой юу? Манай улсын ерөнхийлөгч хэн бэ? Энэ ангид төрөл садан бий юу?” гэх мэт их сонин, сонин асуулт асууж байсан. Бүх асуултад нь хариулсан. Тухайн үед залуу ч байсан, хүчтэй ч байсан, хурдтай ч байсан байх. Уртын харайлт, ой тогтоолт, чээж бичиг, зөв бичиг, 100 м, 3км-т гүйх зэрэг шалгалт өгөн тэнцэж, анх гал сөнөөгчөөс ажлын гараагаа эхэлж байлаа. Түүнээс хойш 22 жил болсон байна. Энэ албанд орсоноороо үнэхээр бахархдаг. “Галын байгууллага бол мөнхийн байгууллага” гэж хэлэх дуртай.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
-Онцгой байдлын газартай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд байнга хамтран ажилладаг бүх шатны нутгийн удирдлага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуй нэгж байгууллага, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн тусалж дэмждэг олон улсын байгууллага, энэ байгууллагад ажиллаж байсан үе үеийн ахмадууд, одоо ажиллаж байгаа офицер, ахлагч, нийт алба хаагчид, хамтран зүтгэгч та бүхэндээ талархал илэрхийлээд түүхт ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Миний Монголын
Тэнгэр нь цэлмэг
Ус нь тунгалаг
Газар нь ариун
Ард иргэд нь амар амгалан байх болтугай.
Ярилцсан Г.Нямнаран