Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн нутагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, баруун болон төвийн аймгуудын нутгаар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгаар 27-32 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг, бороо орно, салхи зүүн өмнөөс 6-11 м/с, 23-25 градус дулаан байна.

Төлөв байдал: 19-20,22-нд ихэнх нутгаар, 21-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд 7-12 м/с, зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. 19-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.17-ны өдрийн 11:38 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд эзэн нь тодорхойгүй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.17-ны өдрийн 19:46 цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд 4х6 метрийн хэмжээтэй 2 байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.18-ны өдрийн 01:20 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.17-ны өдрийн 21:51 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Өндрөөс аврах: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд 17 давхар орон сууцны 17 дугаар давхрын орцны цонхноос хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 08.17-ны өдрийн 13:03 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэй ажиллаж, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороонд оршин суугч иргэн Л /26 настай, эрэгтэй/ үсрэх гэж байсныг буулгаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Бусад: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд Энхтайваны гүүрний зүүн талд, төмөр замын нүхэн гарцанд тогтсон их хэмжээний үерийн усанд иргэн Э-гийн 64-44 УНҮ улсын дугаартай “Ниссан Икс-Триал” загварын суудлын автомашин автсан тухай дуудлагыг 08.18-ны өдрийн 03:54 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэй ажиллаж, автомашиныг татан гаргаж, жолоочид хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top