Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Дорноговь, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгийн нутагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутаг болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с, борооны өмнө түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 11-16 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар  24-29 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг, үдээс хойш бага зэргийн бороо орно, дуу цахилгаантай, салхи баруун хойноос 6-11 м/с, 16-18 градус дулаан байна.

Төлөв байдал: 21-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн зарим газраар, 24-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд 7-12 метр, зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

2.Объектын түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны “Мишээл экспо” худалдааны төвд “Шилмэл буйдан” ХХК-ийн түрээсийн талбайд тавилга шатаж байна гэсэн дуудлагыг 08.20-ны өдрийн 04:12 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай, Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 11 алба хаагч, 3 автомашинтай ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.19-ний өдрийн 11:22 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 13 алба хаагч, 3 автомашинтай ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны “Сэлбэ”-ийн зуслангийн “Задгай”-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.20-ны өдрийн 04:25 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

3.Зам тээврийн осол:

Булган аймгийн Рашаант сумын Аргал Хайрхан багийн “Тээл толгой” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 10 км-т/ Завхан аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Хараацайн жигүүр”  ХХК-ийн  88-44 УНД улсын дугаартай зорчигч тээврийн 37 зорчигч бүхий автобус, 78-80 ТӨА улсын дугаартай ачааны микро автобустай мөргөлдөж автомашины төмөр эд ангид хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 08.19-ний өдрийн 06:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн Д /26 настай, эрэгтэй/, Б /31 настай, эрэгтэй/ нар автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан тул цогцсыг гаргаж сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны “Хар-Усан тохой” гэдэг газар Туул голын усанд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны харъяат иргэн Б /20 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 08.19-ний өдрийн 20:17 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Бусад: Нийслэлийн Баянзүрх дүүргийн  9 дүгээр хорооны “Майхантын-Ам” гэдэг газар малын хашааны дээвэр нурсны улмаас 300 бог мал дарагдсан тухай дуудлагыг 08.19-ний өдрийн 20:26 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 7 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж хашааны дээвэрт дарагдаж, хорогдсон  17 малыг булж устгасан.

5.Мэдээлэл:

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаарх: Булган аймгийн Могод сумын Баянгол багийн “Баян-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км-т/ 08.18-ны өдрийн 22:30 цагт мөндөр орсны улмаас  малчин А, Х нарын 10 хонь, 50 ямаа хорогдсон. Сумын Засаг даргын Тамгын газрын 7 ажилчин, 1 автомашинтай, орон нутгийн 15 иргэн, 3 автомашинтайгаар ажиллаж үерт автсан 2 айлыг нүүлгэн шилжүүлж, хорогдсон малын сэг зэмийг булж устгасан мэдээллийг тус сумын Засаг даргын газрын дарга 08.19-ний өдрийн 12.30 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Сэлэнгэ аймгийн Жавхлант сум, Моностой багийн “Жавхлант-Уул” гэдэг газар  Шарын голын гүүрний зүүн талд 08.18-ны өдрийн 04:00 цагт усархаг бороо орсны улмаас үер бууж 10 метр засмал зам үерт автсан  /урссан/  тухай дуудлагыг 08.18-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч тус аймгийн Сэлэнгэ “АЗЗА” ХХК-ийн 15 ажилтан, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, Сүхбаатар-Дархан чиглэлийн автозамын 69-76 км-т замын хажуугийн хөвөө шороо урссан, 76 км-т автозамын тал хэсэг сэтэрч, урссаныг засварлаж байгаа тухай аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн. 08.19-ны өдөр бороо орсон тул ажил түр зогссон.

Өвөрхангай аймгийн Хужирт сумын Шунхлай багийн нутагт 08.18-ны өдрийн 18:30 цагийн орчимд түр зуурын мөндөр орж, хүчтэй хуй салхи салхилсаны улмаас гэр нь нурж Д /13 настай, эмэгтэй/ нуруу нь гэмтсэн, Ц /38 настай, эмэгтэй/ толгой хагарсан, 47 айлын хашаа, 11 гэр нурж эвдэрсэн,13 байшингийн дээвэр хуурч, цонх хагарсан, 6 зуны байшин бүрэн нурсан тухай мэдээллийг 08.18-ны өдрийн 18:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, сумын Засаг даргын Тамгын газрын 7 алба хаагч, нийт 11 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа тухай аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн. 08.19-ний өдрийн байдлаар 6 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам тасарч, 7 тулгуур багана унасан тул Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн 11 ажилтан, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Сумын засаг даргын 08.19-ний өдрийн А/87 дугаар захирамжаар Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top