Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт:  Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл, Ховд аймгийн нутагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн ихэнх, говь болон зүүн аймгуудын зарим газраар бороо орно, дуу цахилгаантай. Салхи говь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, борооны өмнө түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 12-17 градус, говь болон зүүн аймгуудын нутгаар 27-32 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, борооны өмнө түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. 19-21 градус дулаан байна.

Төлөв байдал: 20, 22-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,  21-нд нутгийн хойд хэсгээр, 23-нд нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Хугацааны сүүлчээр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд 7-12 м/с, зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

2.Зам тээврийн осол:

Автозамын осол: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум, Цагаан бэлчир багийн “Дайхын дөрөлж” гэдэг газар Хатгалаас Мөрөнгийн чиглэлд зорчиж явсан 69-21 ХӨҮ улсын дугаартай “Приус” загварын автомашин осолдож, автомашины эд ангид хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 08.18-ны өдрийн 16:24 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, автомашины эд ангид хавчуулагдаж нас барсан иргэн Б /39 настай, эрэгтэй/-ын цогцсыг гаргаж цагдаагийн байгуулагад хүлээлгэн өгсөн.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний зүүн талд 3 хүүхэд усанд живэх гээд  байна гэсэн дуудлагыг 08.18-ны өдрийн 13:58 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, Ж (13 настай, эрэгтэй), М (12 настай, эрэгтэй) Э (9 настай, эрэгтэй) нарыг 1.5 орчим метр гүн усанд живх гэж байсныг гаргаж аюулгүй болгсон.

4.Мэдээлэл:

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаарх: Архангай аймгийн Цэцэрлэг сумын “Туулант” багийн “Дөрөө нуур” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 15 км-т/ 08.17-ны өдрийн 21:30 цагийн үед хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас Хөвсгөл аймгийн Рашаант сумын харьяат иргэн Э, Б, О, А нарын 200 гаруй мал хорогдсон тухай мэдээллийг 2017.08.18-ны өдрийн 14:15 цагт хүлээн авч тус сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан 40 иргэн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, хорогдсон малын сэг зэмийг устгаж, ариутгал халдваргүйтгэл хийсэн тухай Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн.

Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Тээл багийн “Олон” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 20 км-т/ 08.17-ны өдрийн 22:00-23:30 цагийн хооронд хүчтэй бороо, мөндөр орсны улмаас малчин Ү-гийн 14 бог мал мөндөрөнд дарагдаж үхсэн байна гэсэн мэдээллийг 2017.08.18-ны өдрийн 22:33 цагт хүлээн авч тус багийн Засаг дарга 2017.08.18-ны 19:00 цагт хүрэлцэн очиж нөхцөл байдалтай танилцаж, мөндөрт дарагдаж хорогдсон малыг гаргасан тухай аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн.

Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Моностой багийн “Жавхлант-Уул” гэдэг газар  Шарын голын гүүрний зүүн талд 08.18-ны өдрийн 04:00 цагт усархаг бороо орсны улмаас үер бууж 10 метр засмал зам үерт автсан  /урссан/  тухай дуудлагыг 08.18-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч тус аймгийн Сэлэнгэ “АЗЗА” ХХК-ийн 15 ажилтан, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, Сүхбаатар-Дархан чиглэлийн автозамын 69-76 км-т замын хажуугийн хөвөө шороо урссан, 76 км-т автозамын тал хэсэг сэтэрч, урссаныг засварлаж байгаа тухай аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн.

Өвөрхангай аймгийн Хужирт сумын Шунхлай багийн нутагт 08.18-ны өдрийн 18:30 цагийн орчимд түр зуурын мөндөр орж, хүчтэй хуй салхи салхилсаны улмаас гэр нь нурж Д /13 настай, эмэгтэй/ нуруу нь гэмтсэн, Ц /38 настай, эмэгтэй/ толгой хагарсан, 47 айлын хашаа, 11 гэр нурж эвдэрсэн,13 байшингийн дээвэр хуурч, цонх хагарсан, 6 зуны байшин бүрэн нурсан тухай мэдээллийг 08.18-ны өдрийн 18:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, сумын Засаг даргын Тамгын газрын 7 алба хаагч, нийт 11 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа тухай аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top