Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт:  Улаанбаатар хот болон Архангай, Говь-Алтай, Завхан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн нутагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын  ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос 5-10 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 9-14 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Үүлэрхэг, бороо орно, салхи баруун хойноос 6-11 м/с, 12-14 градус дулаан байна.

Төлөв байдал: 24, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 24, 27-нд нутгийн зүүн хэсгээр 14-16 м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхэн болон сүүлчээр сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна. 25-26-нд өдөртөө дулаарна.

2.Объектын түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд “CROWN WORLD WHITE” ХХК-ийн гэрлэн хаяг шатаж байна гэсэн дуудлагыг 08.22-ны өдрийн 20:51 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Төв аймгийн Алтанбулаг сумын Аргал багийн “Бор толгой” гэдэг газар байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.22-ны өдрийн 14:40 цагт хүлээн авч Нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Арвай багт 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.22-ны өдрийн 18:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн “Ар наймган” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 68 км-т/ уурхайн хиймэл нуурын усанд малчин Л /28 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 08 21-ний өдрийн  19:27 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 08.22-ны өдрийн 15:20 цагт цогцсыг уснаас гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны “Хар-Усан тохой” гэдэг газар Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны харьяат иргэн Б /20 настай, эрэгтэй/ “Туул” голын усанд осолдсон тухай дуудлагыг 08.19-ний өдрийн 20:17 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 14 алба хаагч, нэмэлтээр ОБЕГ-ын харьяа АТА–ийн 8 алба хаагч, нийт 22 алба хаагч, 6 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Бусад: Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багийн “Өвтийн-Амны” гарманд Богдын голын усанд  1 зорчигчтой 35-90 ЗАА улсын дугаартай ачааны автомашин суусан тухай дуудлагыг 08.22-ны өдрийн 22:02 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 3 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэй ажиллаж автомашиныг 02:20 цагт уснаас татан гаргасан.

Завхан аймгийн Алдархаан сумын Мандаат багийн “Хүрэн толгойн” гарманд Богдын голын усанд 5 зорчигчтой 57-07 УБН улсын дугаартай суудлын автомашин суусан тухай дуудлагыг 08.22-ны өдрийн 23:29 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж 08.23-ны өдрийн 00.10 цагт автомашиныг уснаас татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top