Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

 Өнгөрсөн хоногт: Баянхонгор аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар баруунаас 6-11 м/с. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 15-20 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор 26-31 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 23-28 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос 5-10 м/с. 22-24 градус дулаан байна.

Төлөв байдал: 9 дүгээр сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд ихэнх нутгаар, 3-нд зарим газраар, 4-нд нутгийн төв хэсгээр бороо орно. Салхи 1,2-нд зарим газраар 12-14 м/с, 3,4-нд ихэнх нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. 2-нд нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай,  Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд 2 байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.30-ны өдрийн 17:58 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

Налайх дүүргийн 7 дугаар хороонд байшин, амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 08.30-ны өдрийн 15:23 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

3.Хүний гоц халдварт өвчин /олон улсын хөл хориот/

Ховд: Жаргалант сумын Цамбагарав багт тус сумын харьяат иргэн М /30 настай, эрэгтэй/ 08.24-ний өдөр тарваганы мах өвчихдөө биедээ ил шарх авсны улмаас тарваган тахал өвчний шинж тэмдэгтэй, өвчилсөн байж болзошгүй тухай мэдээллийг тус аймгийн ЗӨСТ-ын дарга аймгийн Онцгой байдлын газарт 08.24-ний өдрийн 19:40 цагт мэдээлсэн. Тус аймгийн Засаг даргын 08.25-ны өдрийн А/363 дугаар захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, 08.26-ны өдрийн А/364 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон. Тухайн иргэнийг аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвд тусгаарлан эмчилж байна. Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн лабораторийн 08.28-ны өдрийн 13623-13629 дугаарын хариугаар Тарваган тахал өвчнөөр өвчилсөн болох нь батлагдсан.

4.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Дорноговь аймгийн Айраг сумын Цагаандөрвөлж багийн “Цагаандөрвөлжийн хонхор” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 4 км-т/ босоо тэнхлэгийн автозамын зорчих хэсэгт 30-96 УНҮ улсын дугаартай “Шлаанз” загварын автомашины араас 61-21 УНЛ улсын дугаартай “Кроун” загварын автомашин мөргөж орсон тухай дуудлагыг 08.30-ны өдрийн 21:54 цагт хүлээн авч тус аймгийн Айраг суман дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн 7 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, мөргөсөн автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан иргэн Б /41 настай, эрэгтэй/, С /46 настай, эмэгтэй/, Б /5 настай, эрэгтэй/ нарын цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад, хүнд гэмтсэн М /21 настай, эрэгтэй/, Б /9 настай, эрэгтэй/ нарт анхны тусламж үзүүлж, эмнэлгийн байгууллагад тус тус хүлээлгэн өгсөн.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багийн “Оросын тохой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 75 км-т/ Ховд голын усанд ЗХ-ний 123 дугаар ангийн алба хаагч Увс аймгийн Өлгий сумын харъяат С /19 настай, эрэгтэй/, Увс аймгийн Өндөрхангай сумын харъяат Б /22 настай, эрэгтэй/, Увс аймгийн Өндөрхангай сумын харъяат Е /19 настай, эрэгтэй/ нар осолдсон тухай дуудлагыг 08:27-ны өдрийн 19:30 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 8 алба хаагч, тус аймгийн Онцгой байдлын газрын 23 алба хаагч, Увс аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, Архангай аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, Цагдаагийн газрын 3 алба хаагч, Зэвсэгт хүчний жанжин штабын Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Ганбаатараар ахлуулсан 4 алба хаагч, ЗХ-ний 303 дугаар ангийн Ми-171Е загварын нисдэг тэрэгний багийн 4 алба хаагч, ЗХ-ний 123 дугаар ангийн 41 алба хаагч, тус сумын ЗДТГ-ын 20 ажилтан, нийт 113 хүн, 15 автомашин, 6 завь, 1 нисдэг тэрэгтэйгээр “Оросын тохой” гэдэг газраас “Хар-Ус” нуур хүртэл /усаар, голын эргээр нийт 18 км-т/ эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 08.30-ны өдрийн 14:12 цагаас 15:02 цагийн хооронд, осолдсон газраас 80-200 метр зайтай, 3-5 метрийн гүнээс 3 албан хаагчийн цогцсыг олж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top