Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт:  Улаанбаатар хот болон Баянхонгор, Говь-Алтай, Дархан-Уул, Өвөрхангай, Сүхбаатар, Орхон аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын зарим газраар, баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос 5-10 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос 6-11 м/с. 18-20 градус дулаан байна.

Төлөв байдал: 4-нд нутгийн зүүн хагаст, 5-нд  говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 4-нд зүүн аймгуудын нутгаар 12-14 м/с, 6,7-нд ихэнх нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. 4-нд нутгийн зүүн хагаст, 7-нд төв болон зүүн аймгуудын нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна. 5,6-нд ихэнх нутгаар  дулаарна.

2.Объектын түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд  “Малчин” ХХК-ын агуулах шатаж байна гэсэн дуудлагыг 09.03-ны өдрийн 15:54 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багт амбааар шатаж байна гэсэн дуудлагыг 09.04-ний өдрийн 03:03 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19  дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан.

3.Хүний гоц халдварт өвчин /олон улсын хөл хориот/:

Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн “Хонгорын хажуу” гэдэг газар иргэн Г /54 настай, эрэгтэй/ халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул аймгийн Зоонозын өвчин судлалын төвд шинжлэхэд “Боом” өвчнөөр өвчилсөн болох нь 08.18-ны өдрийн хариугаар тогтоогдож тус сумын хүн Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдал сайн байна.

4.Зам тээврийн осол:

Автозамын осол: Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд багийн “Цохиот” гэдэг газар Автозамын зорчих хэсэгт 52-04 УНП улсын дугаартай суудлын автомашин, 93-72 УБҮ улсын дугаартай суудлын автомашинтай мөргөлдөж автомашины төмөр эд ангид хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 09.03-ны өдрийн 14:57 цагт хүлээн авч Нийслэлийн Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 7 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан иргэн Ц /28 настай, эмэгтэй/-ийн цогцсыг гаргаж Төв аймгийн Сэргэлэн сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Архангай аймгийн Булган сумын Тамир багийн “Овооны булан” гэдэг газар Тамир голын усанд тус сумын харъяат иргэн А /53 настай, эрэгтэй/ осолдсон тухай дудлагыг 09.03-ны өдрийн 20:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр, аймгийн Цагдаагийн газрын 5 алба, хаагч, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 21:55 цагт уснаас цогцсыг олж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд Туул голын усанд 1 эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлагыг 09.03-ны өдрийн 15:39 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж /нэр, хаяг тодорхойгүй/ 50 орчим настай, эрэгтэй хүний цогцсыг гаргаж дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top