Үер ус, галын аюулаас хүний амь насыг аварсан Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн I хэлтсийн дэслэгч Г.Эрдэнэбаяр, Чингэлтэй дүүргийн цагдаагийн II хэлтсийн дэслэгч Б.Энхбаяр, дэд ахлагч Х.Ганзориг нарыг ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт “Цагдаагийн алдар” тэмдгээр шагналаа.
ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт “Гал, усны аюул ослоос эрдэнэт хүний амь насыг аварсан цагдаагийн албан хаагчдаараа бахархаж байна. Ард олныхоо амгалан тайван байдлыг сахин хамгаалж, аюулгүй амьдралын манаанд халуун хүйтнийг үл ажран нүд цавчилгүй зогсдог хүмүүс бол манай цагдаа нар юм. Өргөсөн тангарагаа өндөрт өргөж яваа цагдаагийн албан хаагчдадаа баяр хүргэе” гэлээ.
Цагдаагийн дэслэгч Г.Эрдэнэбаяр, С.Батсумьяагийн хамт 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 хороонд албан үүргээ гүйцэтгэж явахдаа үерийн аюулд өртсөн таван хүүхэд, дөрвөн том хүний амийг аварсан юм. Тэднийг Жаргалант тосгон орчимд ажиллаж байхад нэг хүн гэрээ тойроод гүйгээд байгааг анзаарчээ. Учир байдлыг тодруулахаар дөхөж очиход гэрийн эзэн сандарсандаа тэдний асуултанд ч хариулж чадахгүй байж. Гэрт ороход ташаагаар татсан устай бага насны 4 хүүхэд, 5 том хүн эрсдэлтэй нөхцөл байдалд байжээ. Тиймээс хүүхэд болон томчуудыг үүрч аюулгүй газар аваачсан байна. Энэ үед гэрийн эзэн иргэний үнэмлэхээ гэртээ орчихсон байна гээд эргэх хооронд гэр нь урсаад явчихсан гэдгийг Г.Эрдэнэбаяр ярьсан юм.
Харин дэслэгч Б.Энхбаярын хувьд 2017 оны 09 дүгээр сарын 05-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд айлын гэр шатаж байна гэх иргэний мэдээллийн дагуу цагдаагийн дэслэгч Х.Ганзоригтой хамт газар дээр нь очжээ. Тус хороонд оршин суугч Н хоёр охины хамт таван ханатай монгол гэрт утаанд ухаан балартсан байдалтай байжээ. Хаалгыг нь эвдэж орох гэсэн ч онгойгоогүй учраас ханыг нь сугалж ороод эхлээд хоёр хүүхэд дараа нь ээжийг нь галын аюулаас аварчээ.
Эх сурвалж: ЦЕГ