Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн 2016-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа

21741016_1460419157328890_2614523417041057499_o.jpg

Малайз улсын Путражаяа хотноо энэ сарын 11-15-ны өдрүүдэд зохион байгуулагдсан НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн Ази, Номхон далайн бүс нутгийн газар хөдлөлтийн хор уршгийг арилгах дадлага сургууль, уулзалтад Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Ази, Номхон далайн бүс нутагт газар хөдлөлт болон бусад байгалийн гамшиг болсон тохиолдолд НҮБ-ын Гамшгийн голомт дахь үйл ажиллагааны зохицуулалтын төв, гамшигт нэрвэгдсэн улсын Засгийн газар, гамшгийн хор уршгийг арилгах асуудал хариуцсан байгууллагууд, олон улсын эрэн хайх, аврах, эмнэлэг, хүмүүнлэгийн багууд, олон улсын болон төрийн бус байгууллагууд, бусад оролцогч талуудын гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах замаар эрэн хайх, аврах ажиллагааны үр дүнг сайжруулах зорилгоор тус дадлага, сургууль, уулзалт зохион байгуулагдсан юм. Мөн уулзалтаар 2016 оны Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн уулзалтын үр дүн, Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг (АСЕАН)-ийн гишүүн орнуудын Гамшгийн бэлтгэл бэлэн байдлыг хангах, хор уршгийг арилгах төлөвлөгөөг хэлэлцэж, Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн 2016-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.

Дадлага сургууль, уулзалтад Ази, Номхон далайн бүс нутгийн 32 улс орон, олон улсын болон төрийн бус байгууллагуудыг 200 гаруй төлөөлөгч, Малайзын Засгийн газар, Гамшгийн удирдлагын ерөнхий газар болон бусад яам, агентлагийн 200 гаруй төлөөлөгч, нийт 400 гаруй хүн оролцож, харилцан туршлага солилцов гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

scroll to top