Улсын онцгой комиссын даргын тушаалаар томилогдсон комиссын Шуурхай бүлэг нийслэлийн Багануур дүүрэг, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймгуудад 2017 оны 9 дүгээр сарын 19-22-ны өдрүүдэд ажиллалаа.
Шуурхай бүлгүүдийг УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле нар ахлан ажиллаж байна.
Багануур дүүрэгт хяналтын постоор нэвтэрч байгаа тээврийн хэрэгслүүдээс хураамж авахгүй байх, дүүргийн Онцгой байдлын хэлтсээс офицер томилж, ээлжээр ажиллуулан удирдлагаар хангахыг үүрэг болголоо.Хэнтий аймагт 2017 он гарснаас хойш гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд зориулж аймгийн Засаг даргын нөөц сангаас нийт 110,0 сая төгрөгийг зарцуулсан байна.
Аймгийн хэмжээнд энэ өвөл 18 сум, 5 тосгоны 7,2 мянган малчин өрхөд хонин толгойд шилжүүлснээр нийт 8,2 сая мал өвөлжихөөр байна.
Хадлан бэлтгэлийг 11 сумын 200 орчим иргэн 139 трактор, техник хэрэгсэлтэйгээр явуулж байна. Ургацын урьдчилсан балансаар нийт хураан авах ургацын 85 хувийг алдах нөхцөл байдал үүссэн. Мөн тус аймагт бэлчээрийн даац зарим газраа 7 дахин ихэссэн тул өөр аймгаас мал оруулах боломжгүй болжээ.
Мал, амьтны гоц халдварт шүлхий, цэцэг өвчний улмаас нийт 800 гаруй малыг зориудаар устгасан байна. Хэдийгээр Улсын онцгой комиссын 2017 оны 02 тоот албан даалгавраар шүлхий өвчин гарсан болон эрсдэл хадгалагдаж байгаа аймгуудаас эрүүл бүс рүү, эрүүл бүсээс өвчний голомттой аймгууд руу хийх малын шилжилт хөдөлгөөнийг хориглосон ч их байгааг аймгийн удирдлагууд хэлсэн.
Мөн шүлхий өвчний вакцины чанарын асуудалтай холбоотой гомдол зарим малчид, мал бүхий иргэдээс ирэх болжээ. Энэтхэг улсад үйлдвэрлэгдсэн шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинаар тариулсан мал дараагийн вакцин тарих хугацаа болоогүй байхад өвчний халдвар авсан, дархлаа муу тогтсон, харин ОХУ-аас оруулж ирсэн вакцинаар тариулсан малд тандалт судалгаа хийхэд хамгаалах чадвар өндөр байгаа гэж малчид, иргэд ярьж байна.
Уг асуудалтай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле 1 эмчид ногдох малын тоог тодорхой болгох, вакцины чанар, тээвэрлэлт, хадгалалт, хамгаалалтад хяналт тавьж, шалгах, вакцин тарьж буй малын эмч нарын ажилд хяналт тавих, нарийн тооцоо судалгаа хийх, өвөл болохоос өмнө шүлхий өвчнийг бүрэн дарахыг аймгийн удирдлагуудад үүрэг болгов.
Сүхбаатар аймгийн хэмжээнд энэ жил 13 сумын 66 багийн 7300 өрхөд 3,3 сая мал өвөлжих төлөвтэй байна. Хадлангийн 143 салаа 36,500 га талбайд 110 тонн хадлан бэлтгэхээр ажиллаж байна. Аймгийн нөөцөд 2016 онд бүрдүүлсэн 140 тонн өвс, 10 тонн рапс, Уулбаян суманд 23 тонн өвс байна. Аймгийн Засаг даргын нөөц сангаас гамшгийн улмаас уичрсан хохирлыг арилгахад нийт 200,0 сая төгрөгийг зарцуулаад байна.
Энэ жил үлийн цагаан оготно 12 сумын 504,1 мянган га-д тархсан.
Энэ онд гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний 3 удаагийн тохиолдол Увс аймгийн Зүүнговь сум, Булган аймгийн Бүрэгхангай сум, Төв аймгийн Аргалант сумдаас ирсэн отрын айлуудын малаас илэрчээ. Вакцинжуулалтын ажлыг 4 сумын 209 өрхийн 57,000 гаруй малд зааврын дагуу хийж, 221,130 мкв талбайд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийсэн. Одоогийн байдлаар нийт 500 гаруй малыг зориудаар устгасан байна.
Бэлчээрийн даац нийт нутаг дэвсгэрийн 40 хувьд нь хүрэлцээтэй, харин 60 хувьд нь хүрэлцээгүй болсон. Ялангуяа Сүхбаатар, Эрдэнэцагаан, Мөнххаан, Баяндэлгэр суманд бэлчээрийн даац хэтэрсэн. Өвөлжилт хүндэрсэн тохиолдолд 13 сумын 31 багт 1,7 сая мал эрсдэлд орох магадлалтай тул зохицуулалт хийх шаардлагатайг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээлэв.
Дорноговь аймагт энэ жил 4137 өрхөд нийт 1,7 сая мал өвөлжих төлөвтэй байна. Аймгийн хэмжээнд Засгийн газрын 2017 оны 186 дугаар тогтоолын дагуу нийт 120 тонн өвс бэлтгэхээс 82,6 тонныг бэлтгэсэн.
Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин Дорноговь аймгийн Алтанширээ суманд гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн.
Өнөөдрийн байдлаар уг өвчнөөр өвчилсөн 75 малыг зориудаар устгаж, 28 малыг тусгаарлан, 27,600 мкв талбайг ариутгаж, халдваргүйжүүлж, нийт 43,360 малыг вакцинжуулахаас 27,365 малыг (63,1 хувь) вакцинжуулж, Алтанширээ, Дэлгэрэх, Сайншанд, Өргөн сумдыг бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажиллаж байна.
Санамсаргүй түүврийн аргаар 400 гаруй малд тандалт судалгаа хийхэд шүлхийн вакцин тариулсан малд 58 хувийн дархлаа тогтсон байсан.
Гамшгийн үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Дорноговь аймгийн Засаг даргын нөөц сангийн хөрөнгөөс 85,8 сая төгрөгийг зарцуулжээ.
Дорноговь аймгийн Онцгой комиссын хурлын үеэр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт улсын нөөцөөс ДУК машин, Алтанширээ, Айраг, Дэлгэрэх сумын Эрүүл мэндийн төв, Хатанбулаг сумын цагдаагийн тасагт эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх болон шуурхай албаны автомашин олгох хүсэлтүүдийг Улсын онцгой комисст тавьсан гэж Улсын Онцгой комиссын ажлын албанаас мэдээллээ.