Онцгой байдлын ерөнхий газар, Азийн хөгжлийн банктай хамтран Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхийг бэхжүүлэх” төслийг 2016-2019 онд Дорнод, Сүхбаатар, Говь-Алтай, Хөвсгөл аймгийн 12 суманд хэрэгжүүлж байгаа билээ.
Уг төслөөс, төсөлд хамрагдсан 12 сумын нутгийн захиргааны байгууллагын 36 алба хаагч болон сумын зохицуулагч нарт “Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийн удирдлага” сургалтыг 2017 оны 10 дугаар сарын 02-04-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтыг Япон улсад Жайка олон улсын байгууллагын сургалтад хамрагдсан алба хаагчид удирдан явуулсан бөгөөд гамшгаас хамгаалах хууль эрхзүйн орчин, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх, болзошгүй гамшгийн аюулыг бууруулахад орон нутгийн төрийн захиргааны байгууллагын оролцоо, олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийн удирдлага болон Япон улсын туршлага зэрэг сэдвүүдээр илтгэл танилцуулав.
Төсөл хэрэгжиж байгаа дээрх сумдын төрийн алба хаагчид уг сургалтанд хамрагдсанаар орон нутагт багийн хөршийн бүлэг байгуулах, олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн эрсдэлийг үнэлэх, болзошгүй гамшгийн аюул, хохирлыг бууруулах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр мэдлэг олж авлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.