Э.Энхбат: Энэ спортыг Монголд мэргэжлийн түвшинд хөгжүүлэх боломжтой

22551510_1549435625142976_604464291_n.jpg

Саяхан Турк улсад болсон гал унтраах техникийн олон төрөлт спортын ДАШТ-ээс монгол тамирчид байлдааны тархалтын төрөлд хүрэл медаль хүртсэн. Манай улсад хөгжөөд 60 орчим жил болж буй тус спортын төрлөөр дэлхийн дэвжээнээс анхны медалийг хүртсэн Монголын багийн ахлагч, Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн захирагч, ахлах дэслэгч, ОУХМ Э.Энхбаттай ярилцлаа.

Эл спортоор 11 жил хичээллэж буй тэрбээр гал сөнөөгчдийн ДАШТ-ээс волейболын төрөлд мөнгөн медаль хүртсэн. Мөн довтолгооны шатны төрөлд улсынхаа дээд амжилтыг эзэмшдэг юм.

-Энэ спортын талаар хүмүүс төдийлөн мэддэггүй юм билээ. ДАШТ-ээс медаль хүртэн, монголчууд өндөр амжилт гаргах боломжтойг нотолсон тань сонирхол татаж байна.

-Гал унтраах техникийн олон төрөлт спорт дэлхийд 75 жил хөгжиж, аль хэдийнэ жүдо, чөлөөт бөхөөс дутахгүй мэргэжлийн түвшинд хүрсэн. Эрэгтэйчүүдийн 13, эмэгтэйчүүдийн дөрөв дэх удаагийн ДАШТ-ээс медаль хүртсэн багийнхнаараа бахархаж байна. Аливаа зүйлийн анхдагч байх сайхан. Бидний амжилт булган сүүлтэй байх болтугай.

ДАШТ-ийг саадтай 100 метр, довтолгооны шат, 4х100 метрийн буухиа, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрлөөр зохион байгуулдаг. Энэ тэмцээнд манай улсаас хоёр дасгалжуулагч, найман тамирчин медаль хүртэх, улсынхаа дээд амжилтыг шинэчлэх зорилготой оролцсон. Зорьсондоо хүрч чадлаа, сэтгэл хангалуун байна.

-Беларусь, ОХУ-ын тамирчид алт, мөнгөн медаль хүртсэн. Та бүхэн эхний оролдлогын дараа тэмцээнийг тэргүүлж байсан ч түрүүлж чадаагүй. Алдаагаа хэрхэн дүгнэж байна вэ?

-Долоон тамирчны бүрэлдэхүүнтэй өрсөлддөг энэ төрлөөр амжилт гаргахад хүн бүрийн оролцоо маш чухал. Баг бүр хоёр удаа оролдлого хийх боломжтой, хамгийн богино хугацаанд хийсэн гүйцэтгэлийг нь тооцдог. Уг нь бид эхний оролдлогын дараа бусад багаа тэргүүлсэн. Даанч удаах оролдлогын дараа тэргүүллээ алдчихлаа.

Түрүүлэх боломжтой юм байна гээд арай эрт тайвширсан, басхүү сандарсан тал бий. Ер нь монголчууд энэ төрлөөр дэлхийн аварга болох бүрэн боломжтой. Энэ спорт тамирчнаас маш олон талын ур чадвар, авхаалж самбаа шаарддаг.

-Тэмцээний өмнөх бэлтгэлээ хэрхэн базаасан бэ. Олон улсын стандартад нийцсэн техник, багаж хэрэгслээр бэлтгэлээ хийсэн үү?

-Бүсийн аварга шалгаруулах тэмцээн, УАШТ-д хамгийн өндөр амжилт гаргасан эхний 20 тамирчныг ДАШТ-ий өмнөх бэлтгэлд хамруулсан. Тэднээс дахин сонгон, шалгаруулалт явуулж, наймыг нь өрсөлдүүллээ. Бүгд өөр, өөр аймгийн тамирчид байсан нь ховор тохиолдол. Энэ амжилтад хөшүүрэг болсон хамгийн чухал зүйл бол яахын аргагүй техник, хангамж.

Бид энэ жил ДАШТ-д ашиглаж буй мото помпоор бэлтгэл хийсэн нь амжилтад их нөлөөлсөн. Өмнөх жилүүдэд тийм хэрэгсэлгүйн улмаас хүчин чадал арай багатай помпоор бэлтгэлээ базаагаад л оролцдог байсан. Гэхдээ зарим техник, материал дутмаг байдгийг нуугаад яах вэ.

Гадаадын орны тамирчид зэрэг 10 шатаар бэлтгэл хийдэг. Гэтэл бид хоёр шатаар ээлжлэн базаадаг гээд тоочвол хүндрэл, бэрхшээл цөөнгүй бий. Гэхдээ ийм, тийм бэрхшээлтэй гээд арагш суулгүй, боломж, бололцооныхоо хэрээр зүтгэх нь чухал.

-Бусад төрөлд ямар амжилт гаргасан бэ. Медаль хүртэх боломж байсан уу?

-Бид бүх төрөлд нь оролцсон. Мэргэжилтнүүд аль ч төрөлд амжилт гаргах боломжтой гэж биднийг үнэлдэг. Саадтай 100 метрийн төрөлд Дархан-Уул аймгийн тамирчин О.Батсайхан 15.90 секундийн амжилтаар улсынхаа дээд амжилтыг шинэчиллээ.

-ОБЕГ-т ажилладаг алба хаагч бүхэн энэ спортоор хичээллэх боломжтой юу?

-Тэгэх боломж хомс. Ер нь гал унтраах албанд ажиллаж буй тамирчид түлхүү хичээллэж байна. ОХУ зэрэг энэ спорт өндөр хөгжсөн орнууд тамирчдаа багаас нь бэлтгэдэг. Манай улс ОБЕГ-т ажиллаж буй алба хаагчдаа тэмцээнд сойж байгаа болохоос өсвөр үеэс нь бэлтгэх боломж бүрдээгүй байгаа.

Зарим хүн “Өө, онцгойгийнхон ажлаа хийж яваад л бэлтгэлээ базаачих боломжтой юм байна” гэж эндүү ойлголттой явдаг юм билээ. Гэтэл тийм биш. Ерөнхийдөө төстэй л болохоос тэс өөр.

-Одоогоор энэ спортоор хичээллэдэг хэр олон монгол тамирчин байдаг бол?

-Ойролцоогоор 500-гаад тамирчин бий. Харин эмэгтэй тамирчин байхгүй.

-Жилд хэчнээн тэмцээн болдог вэ?

-Хоёрхон тэмцээн болдог нь УАШТ, Бүсийн аварга шалгаруулах тэмцээн. Гэхдээ сондгой, тэгш жилээр сөөлжилдөг. Бүсийн аварга болсон жилээ клубийн АШТ-ийг зохиодог. Санхүүгийн хүндрэл, ажил, мэргэжлийн онцлогоос шалтгаалан ДАШТ-ээс өөр олон улсын тэмцээнд оролцож чаддаггүй.

Энэ жил бүсийн АШТ, ДАШТ-д оролцчихсон болохоор он дуусахаас өмнө өрсөлдөх тэмцээн байхгүй.

-Хүйтний улиралд бэлтгэлээ хэрхэн базаадаг вэ?

-Техник, тактикийн бэлтгэл л базаадаг. Өвлийн улиралд бэлтгэл хийж чаддаггүй, ДАШТ-ээс хэдхэн сарын өмнө бэлтгэлээ базааж байгаад л тогтмол бэлтгэлтэй бусад орны тамирчинтай өрсөлдөх амаргүй. Энэ спорт цөөнгүй оронд мэргэжлийн түвшинд хөгжсөн. Тамирчид нь улсаасаа сар бүр цалин авдаг, тэмцээнд тогтмол оролцдог. Гэтэл манайх тийм биш.

ОБЕГ-т ажиллаж буй алба хаагчид ажлынхаа хажуугаар хичээллэн, тэмцээн болохоос хэдхэн сарын өмнө бэлтгэл хийгээд л оролцож байна. Монголын гал унтраах техникийн олон төрөлтийн холбоо байгуулагдан, энэ спортын төрлөөр насанд хүрэгчдийн болон залуучуудын шигшээ багтай болсон нь том ахиц.

Монгол Улс ДАШТ-ий эрх авч, эх орондоо зохион байгуулбал энэ спортыг олонд таниулан, сурталчлахад маш тустай гэж би боддог. Тийм сайхан өдөр удахгүй тохионо гэдэгт итгэдэг.

-Энэ спортоор хичээллэснээр ажлын ачаалал даах таны чадвар, бүтээмж хэр их нэмэгдсэн бэ?

-Ашиг тус нь асар их. Ур чадвар ахихын хэрээр амжилтаас дутахгүй ажлын бүтээмж мэдэгдэхүйц дээшилсэн. ОБЕГ-т ажиллаж эхэлснээсээ хойш энэ спортоор 11 дэх жилдээ хичээллэж байна. 2013 оны ДАШТ-д довтолгооны шатны төрөлд өрсөлдөхдөө улсынхаа дээд амжилтыг 13.92 секундээр шинэчилж, дэлхийн шилдэг 20 тамирчны нэгээр шалгарсан.

Эх сурвалж: Өнөөдөр сонин 

scroll to top