Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан шуурхай хэвлэлийн бага хурал хийлээ

GJ1A5886.MOV_snapshot_04.18_2017.10.22_19.05.03.jpg

Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг Отгонтэнгэр ууланд /аймгийн төвөөс 200 км, Отгон сумын төвөөс 45 км зайтай/ Уулын спортын мастер  Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 иргэн авиралт хийгээд буух явцад цасан нуранги үүсч, 10 иргэн уулнаас бууж, 17 иргэн сураггүй болсон тухай дуудлага 2017.10.22-ны 14.30 цагт Завхан аймгийн Онцгой байдлын газарт ирсэн.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болдоор ахлуулсан 12 алба хаагч эрлийн ажиллагааг эхлүүлээд байгаа юм.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ОБЕГ-аас шуурхай хэвлэлийн хурал хийлээ. Хэвлэлийн хуралд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, ГУСГ-ын дарга, хурандаа Д.Батсайхан, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн захирагч, хурандаа Д.Намсрай нар оролцож, мэдээлэл өглөө.

Одоогоор сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагааг явуулахаар тус аймгийн Онцгой байдал, Цагдаа, Эрүүл мэндийн газрын шуурхай бүлэг, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг Отгон сумын чиглэлд гараад байна.

Мөн ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян газар дээр нь удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна.

Түүнчлэн баруун бүсийн төв Ховд аймагт тус аймгийн Онцгой байдлын газар болон Баян-Өлгий, Увс аймгуудын Онцгой байдлын газруудаас хүч хэрэгслийг татан төвлөрүүлж, нэмэлт хүч гаргах бэлтгэл бэлэн байдлыг хангаж байна.

Улаанбаатараас ОБЕГ-ын ГШУГ-ын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах бүлэг, эмнэлгийн бүлэг, Нийслэлийн Аврах ангийн эмнэлгийн бүлэг, Гэмтэл согог сэргээн заслын төв эмнэлгээс нарийн мэргэжлийн 2 эмч, 2 сувилагчийн бүрэлдэхүүнтэй баг МИ-171 нисдэг тэргээр Завхан аймгийн Отгон сумын чиглэлд 18.00 цагт ниссэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

scroll to top